БНХАУ Африкт 51 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

Бээжин хотноо Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалт гурван хоног үргэлжилж, амжилттай өндөрлөв. 2000 оноос хойш гурван жил тутам зохион байгуулагддаг тус арга хэмжээнд 53 улсын төр, засгийн тэргүүн нар оролцжээ. Форумд Эсвантини улсаас бусад Африк тивийн бүх орны төлөөлөгчид оролцдог. Эсвантини улс Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг тул БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоогүй юм.

Ши Жиньпиний амлалтууд

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр хоёр баримт бичиг байгуулсан. Нэгдэх баримт бичиг болох Бээжингийн тунхагт талууд бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэх, Хятад улс нь Африкийн улс орнуудад тусгаар тогтноолоо хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Африкийн улс орнууд “Нэг Хятад” зарчмыг шийдвэртэй дэмжихээ амлажээ. Талууд мөн Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж, Газын зурваст гал зогсоохыг уриалаад олон улсын хамтын нийгэмлэгт хандан эдгээр мөргөлдөөний үед Африкт үзүүлэх дэмжлэг, туслалцаагаа сулруулахгүй байхыг уриалав.

 Хоёрдох баримт бичиг болох 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 10 санаачилга хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ хүрээнд Бээжин Хятад, Африк судлалын нийт 25 төв байгуулж, Африкийн нэг мянган улстөрчийг сургахаар болжээ. Худалдааны салбарт, Хятад улс Африкийн хөгжил буурай 33 орны бүх төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, Африкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх амлалт өгчээ. Түүнчлэн, Хятадын тал Африкт дижитал дэд бүтцийн 20 төсөл, дэд бүтцийн 30 төсөл, тэр дундаа Африк, Хятад хоёрыг холбосон далай, төмөр замын тээврийн сүлжээ байгуулах төслийг санаачилж байгаа ба хоёр талын санхүүгийн зах зээлийг холбох зорилгоор төлбөр тооцоог үндэсний валютаар хийх санаачилгыг идэвхжүүлэхээр талууд тохиролцжээ.

Хятад улс Африкт тэрбум юанийн хүнсний тусламж олгохоос гадна Африкийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхээс гадна Хятадын компаниудад тус тивд нэг сая ажлын байр бий болгох чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэж баримт бичигт заажээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд, Хятад улс Африкийн цэвэр эрчим хүчний салбарт 30 төсөл хэрэгжүүлж, Хятадын сар, Ангараг гараг судлалын хөтөлбөрт Африкийн орнуудад оролцох боломжоор хангах юм. Түүнчлэн, Хятад улс тус тивд нийт нэг тэрбум юанийн цэргийн тусламж үзүүлэх, 6000 цэргийн алба хаагчийг бэлтгэх, 500 офицерыг сургах зэрэг заалтууд оржээ. Эдгээр арван санаачилгыг хэрэгжүүлэхэд Хятад улс нийт 360 тэрбум юань гаргахаас 210 тэрбум нь зээл хэлбэрээр олгох бол 80 тэрбум нь Хятадын компаниудын хөрөнгө оруулалт хэлбэрээр очих юм. Сануулахад, 2021 оны дээд хэмжээний үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хөрөнгө оруулалт, зээлийн хэлбэрээр нийт 20 тэрбум ам.доллар амлаж байв. Тухайн үед санхүүжилтийг ам.доллароор хийж байсан бол энэ удаад юаниар хийхээр тусгасан нь Бээжин үндэснийхээ валютын олон улсын хэрэглээг тэлэх сонирхолтой байгааг илтгэж байна гэж Ройтерс онцолжээ.

Хятад улс Африкт хэдий хэмжээний хөрөнгө оруулсан бэ

Хятад, Африкийн худалдааг идэвхжүүлэх асуудал эртнээс анхаарлыг төвд орж, хэлэлцэгдэж байгаа. Өмнөх дээд хэмжээний уулзалтаар Хятад руу чиглэсэн Африкийн экспортын хэмжээг 300 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол энэ удаа Бээжин тодорхой тооноос татгалзжээ.

Олон улсын худалдааны төвийн мэдээллээр, 2023 онд Хятад, Африкийн орнууд хоорондын худалдааны эргэлт 283 тэрбум ам.доллар болж 2000 онтой харьцуулахад 20 дахин өсжээ. Хятад улс Африкаас гол төлөв эрдэс баялаг импортолдог байна. Тухайлбал, Өмнөд Африкийн БНУ-аас 26.7 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий сувд, үнэт чулуу, металл болон хүдэр импортолсон бол 23.6 тэрбум ам.доллар бүхий цахилгаан автомашин, тоног төхөөрөмж экспортолжээ. Ангол улс Хятадад 18.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлснээс 99 хувь нь газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байгаа бол Хятад улсын зүгээс Анголд 4.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн, гол төлөв цахилгаан автомашин экспортолсон байна. Нигерийн хувьд Хятад улсаас 20.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн  тэр дундаа цахилгаан автомашин, тээврийн хэрэгсэл, цөмийн реактор зэргийг импортолсон бол Хятад улсад 2.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс ихэнх хувийг хатуу эрдэс түлш эзэлж байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хувьд Хятадтай хийх худалдааны тэнцвэр нь ашигтай гардаг. Тус улс Хятадад 14.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий зэс, металл, хүдэр нийлүүлж, 4.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Импортын гол нэрийн бүтээгдэхүүнд цөмийн реактор, цахилгаан автомашин, тээврийн хэрэгслүүд багтсан байна. Египет улс Хятад улсаас цахилгаан автомашин, цөмийн реактор зэрэг нийт 14.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол Хятад улсад хатуу эрдэс түлш, газрын тосны бүтээгдэхүүн зэрэг 880.8 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ.

Хятад улс Африкт цахилгаан автомашин, нарны зай зэрэг ногоон технологио нийлүүлэх сонирхолтой байна. Европын Холбоо, АНУ хоёр Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт тавих тухай мэдэгдээд байгаа бөгөөд Хятадын компаниудын хувьд хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амтай Африк тив нь ирээдүйтэй зах зээл болоод байгаа юм.

Хятад, Африкийн хамтын ажиллагаа “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 2013 оноос хойш идэвхтэй өрнөж байгаа. “China Daily” хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн арван жилийн хугацаанд БНХАУ нь зургаан мянган км төмөр зам, 6000 км автозам, 20 боомт бариад байна. Өдгөө тус тивд Хятадын 10 мянга гаруй компани, аж нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Хятадын ихэнх төслийг зээлээр хэрэгжүүлсний дүнд Хятад улс нь тус тивийн хамгийн том зээлдэгч болжээ. Бостоны их сургуулийн мэдээллээр, 2000-аас 2023 оны хооронд Хятадын тал Африкийн улс орнууд болон бүс нутгийн байгууллагуудад 1.3 мянган удаагийн нийт 182.28 тэрбум ам.долларын зээл олгоод байна. Оргил үе нь 2016 онд тохиожээ. Тухайн онд гэхэд Хятадын тал нийт 28.8 тэрбум ам.долларын зээл олгосон байна. Түүнээс хойш БНХАУ Африк тивд олгох зээлийн хэмжээгээ бууруулж эхэлжээ. 2021 онд Африкийн орнууд тус улсаас нийт 1.6 тэрбум ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.долларын зээл авсан байна. Харин өнгөрсөн онд зээлийн хэмжээ нь анх удаа 4.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Блүмберг агентлагийн онцолсноор, БНХАУ-ын энэхүү алхам Африкийн эрчим хүчний эх үүсвэр, эрдэс баялагт хүрэх замыг нээж, улмаар аж үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжийг нь өргөжүүлсэн гэж тус агентлаг дурджээ.

Хятад улсын Африк дахь ашиг сонирхол 2010-аад оны дунд үед оргил цэгтээ хүрчээ. 2020-иод оны үед Африкт оруулах Хятадын хөрөнгө оруулалтын идэвх мэдэгдэхүйц буурсан тухай шинжээчид онцолсон байна. Тэдний хэлж буйгаар, БНХАУ нь “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээнд идэвхтэй ажилласаар байгаа. Гэхдээ өрийн хямралтай холбоотой асуудал бий. Сүүлийн 20 жилийн турш Африкийн улс орнуудын Хятадад төлөх өрийн хэмжээ хуримтлагдсаар ирсэн ба өдгөө бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарч иржээ. Нөгөө талаас нэгэн сонирхолтой дүр зураг бий болсон нь Африкийн зарим орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд Хятадынхаас өндөр болж байна. Тиймээс Хятадын хөрөнгө оруулагчид Африкийг түүхий эд, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх талбар гэж харахаасаа илүүтэйгээр үйлдвэрлэлээ байршуулах шинэ талбар, өргөжин тэлж буй борлуулалтын зах зээл хэмээн харж байгаа нь эргээд илүү урт хугацааны тогтвортой харилцаанд шилжих боломжийг нээж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ha ha(77.100.182.196) 2024 оны 09 сарын 10

huzaagiin hogiig avah gazar baga bolson mongol afriktl zai baigaa

0  |  0
Top