ТӨСӨВ I ЦЕГ-ын орлогыг 0.3 тэрбум төгрөгөөр бууруулан төлөвлөжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 23

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2024.10.22) хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухайҮндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийн талаар танилцууллаа. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформ, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэлээ.

Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас ирэх оны төсвийг бүсчилсэн хөгжилд шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс онцлогтой аж.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх илтгэлд баривчлах болон хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах үүднээс албан хаагчдын оролцоо, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг дурдаж, эрүүдэн шүүхээс сэргийлэхийн тулд албан хаагчдын ажлын ачааллыг зохицуулах нь чухал гэж тэмдэглэсэн байдаг.

Нийтийн хэв журмыг хангах, цагдаагийн байгууллагын ачааллаас шалтгаалж эрх ашгаа хамгаалуулж чадахгүй хохирч байгаа иргэдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах ажиллагаанд олон нийтийг оролцуулах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, цахим халдлагаас ангид байх эрхийг баталгаажуулах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл хийх арга хэмжээний зардлыг төсвийн төсөлд тусгасан байна.

Ингэснээр хүний эрхийн олон улсын механизмууд болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжүүдийг Засгийн газар хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг тогтмол авдаг байх чухал ач холбогдолтой гэлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөсөн хэмээн Б.Жавхлан сайд танилцуулсан.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитыг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэн, аудитын тайлан, дүгнэлтийг холбогдох талуудад хүргүүлжээ.

Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн тулгамдсан болон хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шат болон нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилт тавьсан. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Хууль зүйн байнгын хорооны харьяа Хууль зүй, дотоод хэргийн сайд 1,815.1 тэрбум төгрөг, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 32.9 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 319.7 тэрбум төгрөг, Шүүхийн сахилгын хорооны дарга 6.4 тэрбум төгрөг, Улсын ерөнхий прокурор 145.7 тэрбум төгрөг, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 15.6 тэрбум төгрөг, Авлигатай тэмцэх газрын дарга 58.2 тэрбум төгрөг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 1.4 тэрбум төгрөг байхаар тусгажээ. 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогыг 0.7 тэрбум төгрөгөөр, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын орлогыг 0.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөн бол Цагдаагийн ерөнхий газрын орлогыг 0.3 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлогыг 0.5 тэрбум төгрөгөөр, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулан төлөвлөжээ.
 

Үргэлжлүүлэн тэрбээр нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 631.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний шалтгааныг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэжээ.
 


Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара нар хууль санаачлагч болон Монгол Улсын Ерөнхий аудитор, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авав. Тухайлбал, О.Номинчимэг гишүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төсвийн төлөвлөлт болон агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тус газрын харьяа, нийслэл дэх 33 уурын зуухыг өөрчлөх асуудлыг хөндөж, холбогдох хариултыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. С.Эрдэнэболд гишүүн ирэх оны төсвийн төсөлд кибер аюулгүй байдлын төсөв, цахим хяналтын төвтэй холбоотой болон Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлуудыг танасан талаар тодруулж, хариулт авсан. Шүүхийн барилга, байгууламжтай холбоотой асуудлаар Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара гишүүд лавлаж, тайлбар авсан юм.
 


Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Шүүх улсын төсвөөс санхүүжих бөгөөд шүүхийн үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг хангах үүргээ биелүүлэх шаардлагын талаар гишүүд олонтаа дурдаж байв. Б.Пүрэвдорж гишүүн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бол Х.Баасанжаргал, Дав.Цогтбаатар нарын гишүүд цагдаагийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг олгох зорилгоор шаардлагатай төсвийг тусгах талаар, цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төсвийг төсөлд тусгахтай холбоотой саналыг хэлж байв.

Ийнхүү гишүүд төсвийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь “Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга танилцууллаа. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар асуулт асууж, Хүний эрхийн дэд хорооны даргад нэр дэвшиж буй С.Эрдэнэболд гишүүн хариулт өгсөн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нар байр суурь илэрхийлж үг хэлэв. Төслийг ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжив. Иймд холбогдох Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдав.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар танилцуулсан бөгөөд энэ танилцуулагатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дээрх ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлах хуулийн зохицуулалттай бөгөөд Ц.Сандаг-Очир гишүүнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, ахлагчаар нь сонгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 86.7 хувь нь дэмжив.

Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнийг, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэлийг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ерөнхийлөгчөөс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг, Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэгийг, Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус Комиссын гишүүн С.Дондовыг тус тус нэр дэвшүүлсэн бөгөөд нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат болон УЗ-ийн гишүүн З.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлсэн байна.  Хууль зүйн сургалт, судалгааны байгууллагын төлөөллөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, төрийн өмчийн хууль зүйн сургуулийн төлөөлөл болгож МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, төрийн өмчийн бус хууль зүйн сургуулийн төлөөлөл Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарыг ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлсэн бөгөөд тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
 


Ийнхүү ажлын хэсгийн 11 гишүүн тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад тус хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 73.3 хувь нь дэмжсэн юм. Д.Цогтбаатар дарга Байнгын хорооны тогтоолыг бүрэн эхээр нь хуралдаанд танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top