Эрдэмтэд тамхины өрөөнд бусдаас хол зогсохыг зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хүний биеийн халуун тамхины өрөөн дэх никотины бичил хэсгүүд газарт буухад нөлөөлдөг болохыг Ираны Хормозганы их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэдний эл судалгааны үр дүн дээр тулгуурлан нисэх онгоцны буудлуудын тамхины өрөөний зохион байгуулалтын сайжруулах боломжтой гэж үзэж байна.

“Physics of Fluids” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд судалгаандаа халдаг болон халдаггүй манекенуудыг ашиглажээ. Эдгээр манекены ам, хамраар тамхины утаа гадагшлуулах явцад судлаачид никотины бичил хэсгүүдийн урсгалыг ажигласан байна. Дулаан ялгаруулдаг манекен дээр никотины бичил хэсгүүд илүүтэйгээр бууж байжээ. Ингэхдээ агааржуулагчид ойр байх нь никотины нөлөөг тэр бүр бууруулаагүй байна. Учир нь агааржуулагчаар орох агаарын урсгал жигд биш, янз янз байдаг аж.

Тиймээс эрдэмтэд тамхины өрөөнд аль болох бусдаас хол хоосон орон зайг сонгож байхыг зөвлөжээ. Ингэснээр дам тамхидалтын хор уршгийг бууруулах боломжтой. Түүнчлэн энэхүү судалгаа нь тамхины өрөөний агааржуулалтын системийг боловсронгуй болгоход ач холбогдолтой гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top