Каирт Газын зурвасын асуудлаар үе шаттай хэлэлцээ болно

Я.Болор | Zindaa.mn
13 цагийн өмнө

Каир хотноо Газын зурвасын асуудлаарх хэлэлцээ хэд хэдэн үе шаттай явагдана гэж Египетийн “Al-Qahera al-Ihbariya” суваг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Египетийн нийслэлд болох хэлэлцээний үеэр талууд хэлэлцээрийг эцэслэнэ гэсэн хүлээлттэй байна. Израил, Хамас хөдөлгөөний хооронд шууд бус хэлэлцээнд зуучлах үүрэг гүйцэтгэж байгаа Египет ч тэр, Катар ч тэр Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээрийг аль болох түргэн байгуулахаар бүхий л хүчин чармайлт тавьж байна. Хамас хөдөлгөөний зүгээс Катарын нийслэлд болж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрнэ гэсэн найдвар тавьж, тохиролцоонд хүрэх сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Хэлэлцээний шинэ үе шат Ройтерс агентлаг энэ сарын 14-нд Доха хотноо Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээний нэмэлт үе шат болно хэмээн эх сурвалж дурдан мэдээлсэн билээ. Хэлэлцээнд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Уиткофф, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Бретт Макгерк, Израилын тагнуулын “Моссад” албаны тэргүүн Давид Барнеа зэрэг албаны хүмүүс оролцоно.

“Al Hadath” сувгийн мэдээллээр, талууд тохиролцоонд хүрсэн тохиолдолд Газын зурваст гал зогсоох хэлэлцээр энэ сарын 22-оос хойш хүчин төгөлдөр болно. Израилын тал зуучлагч талуудад хэлэлцээрийн хүрээнд суллах боломжтой палестин хоригдлуудын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн байна. Гэтэл нэрсийн жагсаалтад Хамас хөдөлгөөнөөс өмнө нь болзол болгон дэвшүүлж байсан “Fatah” хөдөлгөөний удирдагчдын нэг Марван Баргутигийн нэр ороогүй байна. Тус сувгийн онцолсноор, Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээр хоёр үе шаттай 42 хоногт хэрэгжихээр заажээ. Израилын талын Газын зурваст буфер бүс байгуулах санал нь тохиролцоонд хүрэхэд гол тотгор болж байна гэж эх сурвалжууд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top