Палестины Хамас хөдөлгөөн, Израилын хооронд Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах тухай хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээр энэ сарын 19-нд хүчин төгөлдөр болох бөгөөд АНУ, Катар, Египет баталгаа олгож байна.
Хэлэлцээр гурван үе шаттай хэрэгжинэ. 42 хоног үргэлжлэх эхний үе шатанд Газын зурваст гал зогсоож, олзлогсдыг солилцох, Израилын цэргийн гаргах, шархадсан палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцжээ. Энэ үеэр мөн дараагийн хоёр үе шатанд хэрэгжүүлэх асуудлуудыг нарийвчлан зөвшилцөх аж. Эхний үе шатанд Израилын 33 барьцааны хүнийг суллахаар болжээ.
Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог хэлэлцээрийг зөв бөгөөд шаардлагатай алхам болсон гэж дүгнэсэн бол Хамас хөдөлгөөний тэргүүн Халил аль-Хейя Газын зурвасын ард иргэдэд баяр хүргэж, Израилын эсрэг тэмцэл үргэлжилнэ гэв. Тэрбээр мөн ОХУ, БНХАУ, Турк болон бусад улс оронд Израилын эсрэг тэмцэлд Палестины ард түмнийг дэмжсэнд талархал илэрхийлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлэлцээр байгуулсныг сайшаагаад НҮБ хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх, Газын зурвасын иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус хэлэлцээр бүс нутаг үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд Газын зурвасыг сэргээн босгох, ард иргэдэд туслахад бүхий л нөөц боломжоо дайчлахаа амлалаа.
Сэтгэгдэл ( 0 )