АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад пуужингаас эсэргүүцэн хамгаалаах “Төмөр дээвэр” систем байгуулах тухай зарлигт гарын үсэг зурхаар төлөвлөж байгаа ажээ.
“Удахгүй би дөрвөн шинэ гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурна. Эхний зарлигаар пуужингаас эсэргүүцэн хамгаалаах “Төмөр дээвэр” орчин үеийн системийг нэн даруй барьж байгуулж эхлэх үүргийг АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Пит Хегсетэд өгөх тухай юм. Үүнд шаардлагатай бүхнийг АНУ-д үйлдвэрлэнэ” гэж Трамп нэгдүгээр сарын 27-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь эрх баригч Бүгд найрамдах намын бүлэгтэй уулзахдаа мэдэгдсэн байна. АНУ-д “Төмөр дээвэр” систем байгуулах тухай зарлигийг тус улсын шинэ засаг захиргаа бэлтгэж байгаа тухай Пит Хегсет бас мэдээлсэн байна.
Мөн энэ уулзалт дээр Доналд Трамп Панамын сувгийн асуудлыг хөндсөн байна. Түүний хэлснээр, Панамын суваг үнэн хэрэгтээ Хятадын гарт орж байгаа бөгөөд АНУ-ын засаг захиргаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ажээ. “Бид сувгийг Хятадад өгөхгүй. Бид түүнийг Панамд өгсөн боловч тус улс буруу үйл ажиллагаа явуулж байна” гэж Америкийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
“Панамын тусгаар тогтнол болон сувгийг эзэмших бүрэн эрх нь яриа хэлэлцээний сэдэв болох ёсгүй” гэж Панамын ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдэж байгаа билээ. Панамын удирдагч сувгийг эзэмших асуудлаар Панамд үзүүлэх дарамт шахалтаа Трамп зогсоохгүй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандах шийдвэр гаргах бодолтой байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )