Япон, АНУ-ын мэргэжилтнүүд хамтран БНХАУ, ОХУ-ын хэт авиан пуужин илрүүлэх шинэ радиолокацын системийг бүтээхээр төлөвлөж байна.
Энэхүү системийг пуужингийн довтолгооноос хамгаалах системээр тоноглогдсон АНУ-ын Зэвсэгт хүчний хөлөг онгоцнуудад байрлуулна гэж Японы Киодо агентлаг мэдээлэв. Шинэ радар нь Америкийн цэргийн усан онгоцнууд дээр ашиглагдаж буй AN/SPQ-9B загвараас илүү хүчин чадалтай байх гэнэ.Урьдчилсан тооцоогоор, нэг ийм систем бүтээхэд 20 сая ам.доллар зарцуулна.
Цаашид АНУ-ын Зэвсэгт хүчний усан онгоцнуудыг илүү өндөрт нисч буй пуужин, онгоцыг илрүүлж AN/SPY-6 системээр тоноглох гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хамтын ажиллагааны төсөл Хятад, Оросын хэт авиан пуужин зэрэг шинэ төрлийн зэвсэглэлийг эсэргүүцэхэд чиглэгдэж байгаа аж. Токио мөн Хойд Солонгосын зүгээс пуужингийн цохилт өгөх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ хэмээн найдаж байна. Гэхдээ Япон энэ төрлийн төсөлд оролцох нь зэвсгээр хөөцөлдөх явдлыг дэмжиж буй мэт харагдах тул шүүмжлэлд өртөж болзошгүй гэж Киодо агентлаг онцолжээ.
Тус хоёр улс зэвсэглэл хамтран бүтээх туршлагатай. Саяхан тэд цэргийн усан онгоцны зориулалт бүхий Aegis болон газрын Aegis Ashore пуужин эсэргүүцэх системд зориулан SM-3 Block 2A пуужин эсэргүүцэх шинэ системийг хамтарч бүтээсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )