Пентагон АНУ, БНХАУ-ын хэт авиан зэвсгийн туршилтын тоог харьцуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29


АНУ-ын Зэвсэгт хүчин сүүлийн таван жилд нийт есөн удаа хэт авиан зэвсэг туршсан бол БНХАУ-ын ийм төрлийн пуужингийн туршилтын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүний орлогч Жон Хайтен мэдээлжээ.

Ингэхдээ тэрбээр эдгээр нь нууц мэдээлэл тул нарийн тоог дурдах боломжгүй гэж тодруулсан байна.

Хайтен мөн Хятад улсын саяхан хийсэн хэт авиан нисэх төхөөрөмжийн туршилтын талаар АНУ-д байгаа дэлгэрэнгүй мэдээллийг задлахаас татгалзжээ. Барууны хэвлэлүүд Хятадын эл нисдэг аппарат нам тойрог замаар дэлхийг бүрэн тойрсон тухай мэдээлж байсан юм.

АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн Марк Милли Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү туршилт нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улс дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан үеийнх шиг тийм хүчтэй сэтгэгдэл Вашингтонд төрүүлсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Хятадын саяхны туршилтын талаарх тагнуулын албаны өгсөн мэдээлэл нууцын зэрэглэлтэй тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй хэдий ч сэтгэл түгшээж байна гэж Хайтен тодруулжээ.

Top