Японы батлан хамгаалах яам хэт авианы зэвсэглэлийн салбарын судалгаа, хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулав. Замын зураглал ёсоор хэт авианы далавчит пуужин (ХАДП), хэт хурдны хөөрөгч цогцолбор (ХХХЦ), төрөл бүрийн цэнэгт хошуу, хатуу түлшний пуужин зэрэг зэвсэглэлийг бүтээхээр төлөвлөж байна. Азийн гүрэн улсын өөрийгөө хамгаалах хүчнийхэн 2030-аад оны эхээр шинэ зэвсэглэлээ хүлээн авна гэсэн хүлээлт бий. Шинжээчид хэт авианы салбарыг илүү эрчимтэй хөгжүүлэх зорилгоор Токио Вашингтонтой хамтарна гэдгийг үгүйсгэхгүй байна.
Японы батлан хамгаалах яам төрөл бүрийн цэнэгт хошуу бүхий хоёр төрлийн хэт авианы зэвсгийг боловсруулах төлөвлөгөө танилцуулсан бөгөөд холбогдох мэдээллийг Японы батлан хамгаалах яамны дэргэдэх Худалдан авалт, технологи, ложистикийн агентлагийн албан ёсны цахим хуудсанд байршуулжээ. Энэ нь хэт авианы далавчит пуужин болон хэт хурдны хөөрөгч цогцолбор (ХХХЦ) юм. ХАДП нь хэт авианы шууд тусгалтай тийрэлтэд хөдөлгүүртэй байх бол ХХХЦ нь хатуу түлшний пуужингаас бүрдэх бөгөөд энэ пуужин нь хэт авиан хурдаар байг чиглэх хүчин чадалтай байх аж. Цэнэгт хошуунууд олон тооны цохилтын цөмтэй байх тул пуужин их талбайд хэд хэдэн байг зэрэг онох боломжтой болох гэнэ.
Эдгээр пуужингийн загварын анхны туршилтуудыг 2024-2028 оны хооронд хийхээр зэхэж байна. Туршилт амжилттай болсон тохиолдолд шинэ пуужингууд 2030-аад оны эхээр нийлүүлэгдэх юм.
Шинэ пуужингуудыг чиглүүлэх системийг дэмжихийн тулд Японы цэргийнхэн долоон хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээг бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Цэргийн шинжээчид пуужингууд гаднах хэлбэр, шинж чанараараа Америкийн пуужингуудын санагдуулж байна гэж ярьж байна. Үүнээс өмнө Токио ийм төрлийн зэвсэглэл боловсруулах төсөлд оролцож байгаагүй бөгөөд шинэ төрлийн зэвсэглэлийг нэвтрүүлэх хугацаа Вашингтоны тогтоосон хугацаатай ойр байгаа нь АНУ хэт авианы зэвсгийг бүтээх зорилгоор олон улсын нэгдлийг зохион байгуулсан гэх сэжиглэлийг төрүүлж байна. F-35 онгоцыг бүтээх төслийн хүрээнд АНУ олон улстай хамтарч байсан туршлага бий гэж шинжээчид тодруулжээ.
Хятадыг тогтоон барих
Японы батлан хамгаалах яамны баримт бичигт хэт авианы шинэ пуужингуудыг Японы алслагдмал арлуудыг гаднын болзошгүй халдлагаас хамгаалах зорилгоор боловсруулна гэж тодорхойлсон байна. Японы “Mainichi” сонин Хятад, Японы дунд газар нутгийн маргааны нэг бай болоод буй Сенкаку арал орчим Хятад улс сургуулилт хийх болсон нь Японы батлан хамгаалах яамны санааг ихээхэн түгшээж байна гэж бичжээ. Пуужингууд цэргийн хөлөг онгоц, ялангуяа онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг устгах зориулалтаар боловсруулагдана гэсэн нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. 2012 онд Хятадын тэнгисийн цэргийн хүчин “Ляонин” онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг ашиглалтад оруулж байсан бол 2019 онд Хятадын бүрэн өөрийн хүчээр бүтээсэн “Шаньдун” усан онгоцыг ашиглаж эхэлсэн.
Японы өөрийгөө хамгаалах хүчний зэвсэглэлд буй пуужингууд 100 км зайн тусгалтай аж. Гэтэл маргааны бай болсон арлууд Окинава арлаас 420 км зайд оршдог.
Алсын зайн тусгалтай хэт авианы шинэ пуужинг ашиглалтад оруулснаар Япон улс тухайн бүс нутагт өөрийн хөлөг онгоц, агаарын хүчний нэгдлүүдийг дайчлахгүйгээр БНХАУ-ын ажиллагаанд хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно гэж “Mainichi” сонин онцолсон байна. Үүнтэй зэрэгцэн Хятад улс “газар-газар” ангиллын хэт авианы зэвсгийн туршилт явуулаад эхэлсэн билээ. 2019 оны аравдугаар сард DF-17 пуужинг БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн цэргийн сүрт жагсаалын үеэр анх танилцуулж байсан. Үүний сацуу хэт авианы “Xingkong-2” онгоцыг амжилттай туршсан тухай Хятадын хэвлэлүүд мөн мэдээлж байсан юм.
Дэлхий дахины зэвсэглэл
Хэт авианы зэвсгийг АНУ-д ч мөн боловсруулж буй. Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ-ын агаарын зэвсэгт хүчин ALRRW цогцолборыг туршсан бөгөөд пуужингуудыг “В-52”, “В-1” стратегийн бөмбөгдөгч онгоцноос харвана гэсэн төсөөлөлтэй ажиллаж байна. Үүний сацуу, хэт авианы төсөл дээр АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин, Америкийн армийн хуурай замын цэрэг ажиллаж байгаа. Үүний үр дүнд хэт авианы хурд авах хүчин чадалтай пуужин бүтээнэ.
Дэлхийн улс орнууд ийнхүү хэт авианы зэвсэг бүтээхээр уралдаж байхад ОХУ-д “Кинжал” хэт авианы цогцолборууд манаанд аль хэдийн гарснаас гадна “Авангард” загварын тив хоорондын хэт авианы цогцолборыг анги нэгтгэлүүддээ нийлүүлээд эхэлжээ.
Авианы хоцрогдол
Хэт авианы зэвсгийн салбарт дөнгөж хөл тавьж буй Япон улсад хоцрогдлоо арилгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байна. Японы хэт авианы зэвсгийн анхны загварууд 2030-аад оны эхээр бэлэн болно гэж тооцоолж байгаа бөгөөд тухайн үед Оросын энэ төрлийн зэвсгийн хөгжил Японыг 20 жилээр тэргүүлсэн байх болно гэж Оросын цэргийн тоймч Виктор Баранец ярьж байна.
АНУ-ын пуужингууд 8 Мах-ын хурдтай нисдэг бол япончууд дөнгөн данган 3-4 Мах-ын хооронд эргэлдэж байхад Оросын пуужингууд 20 Мах-ын хурдыг төвөггүй авдаг гэж шинжээчид тодруулж байна.
Хэт авианы зэвсэг энэ зууны технологи болсон. Учир нь пуужин хэдий чинээ хурдан ниснэ, төдий чинээ түүнийг замд нь барьж устгах хүндрэлтэй байх болно. Тиймээс технологи өндөр хөгжсөн улс орнууд өөрийн армийг ийм төрлийн зэвсгээр хангахыг эрмэлзэж байна. Япон, АНУ холбоотнууд тул тус хоёр улсын цэргийнхэн ирээдүйн зэвсэг боловсруулах явцдаа туршлага солилцох нь дамжиггүй. Япон улс Вашингтоны Ази, Номхон далайн бүс нутаг дахь гол холбоотны хувьд технологио хуваалцана. Үүний сацуу Японы нутаг дэвсгэрт Америкийн цэргийн бааз, агаарын довтолгооноос хамгаалах, пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд байрладаг. Магадгүй ойрын ирээдүйд АНУ, Японы хамтарсан техникийн комисс байгуулагдаж, хэт авианы зэвсэг дээр хамтран ажиллахыг үгүйсгэх аргагүй гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )