Сэлбэ голын нэг талд нь хог хөглөрч, нөгөө талаас нь мал ууж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Сэлбэ голын усанд орсон хүүхдүүд шар өвчний халдвар авч байна гэсэн мэдээлэл гадуур тархаад байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

-Зуны улиралд халдварт өвчнөөр өвчлөгсөд харьцангуй ихэсдэг. Энэ зун нийслэлд халдварт өвчний дэгдэлт хэр их байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын байдлаар халдварт өвчний 8595 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тоо нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувь буурсан үзүүлэлт юм. Харин халдварт шар буюу гепатит өвчин өмнөх онтой харьцуулахад 6.9 промилл үзүүлэлтээр нэмэгдсэн тоо гарсан.
Дулааны улиралд хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. Тэр дундаа вируст гепатит А буюу бохир гарын халдварт шар өвчин эрс нэмэгддэг. Энэ өвчин нь эдүгээ нийслэлд гарсан халдварт өвчний 18.2 хувийг эзэлж байна. Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдэд шар өвчин их гардаг.

-Гадуур Сэлбэ голын усанд орсон хүүхдүүд шар өвчний халдвар авч байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Сэлбэ голын нэг талд нь хог хөглөрч, нөгөө талаас нь мал ууж байна. Голын уснаас өвчтэй мал ууж байгаа ч юм билүү мэдэх аргагүй. Ил задгай булаг шандны уснаас уух, усаар тоглох зэргээс тэнд байгаа бичил биетэн бактерууд нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч байж болзошгүй юм. Тиймээс холбогдох газрууд иргэдэд энэ тал дээр сэрэмжлүүлэг мэдээлэл сайн өгөх хэрэгтэй байна.

-Халдварт шар өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилдөг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Энэ өвчин нь бохир гараас үүсдэг учир 2-9 настай хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Учир нь энэ насныхан гарын ариун цэвэр сахих тал дээр тодорхой ойлголтгүй буюу зөв дадал зуршилд хэвшээгүй байдагтай холбоотой. Ялангуяа, зуны улиралд гадаа тоглох нь элбэг, гараа тогтмол угаадаггүйгээс өвчлөл ихэсч байна. Эцэг эхчүүд хүүхдээ анхаарч хоол идэхээс нь өмнө болон гадаа тоглож, бие зассаны дараа гарын ариун цэврийг сайтар сахиулж сургаснаар халдварт шар өвчний тархалт буурах бүрэн боломжтой.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top