Улсын мэргэжлийн хяналтын газар бол төрийн хяналтын үүрэг бүхий тун чухал байгууллага. Энд алба хашвал хаялга ихтэй, олз ашиг ёстой жинхэнэ бурзайж өгнө. Хүн бүр ийм төсөөллөөр энэ байгууллагад орж ажиллахсан гэж мөрөөднө. Аль нэг салбар хариуцсан улсын байцаагчийн эрх олоод авчихвал болох нь тэр. Улсын байцаагч нь хяналт, шалгалт хийх явцдаа тухайн байгууллагын дарга нарыг айлгаж ичээх, шантаажлах замаар мөнгө халааслана. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй компаниуд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын хөлд яаж суух, хэдэн төгрөгөөр зөрчил дутагдлаа далдалж үлдэхээ андахгүй. Өнөөгийн хяналт шалгалтын нийтлэг дүр төрх иймэрхүү л байна. Саяхан Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү зориг гарган өөрчлөлт хийхийг хичээсэн бололтой. Тэрээр нэг дор бөөндөн улсын байцаагч гэх 100 хүний эрхийг цуцалжээ.
Тэдгээр эрхээ хаалгасан байцаагч нарын дотор одоо ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа Д.Идэвхтэнгийн нэр цохиж явах юм. Мань хүн үүгээр яадаг байна аа. Гэхдээ өөрт нь хэрэг болж л байсан юм байлгүй дээ. Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Ардын намын нарийн бичгийн дарга хийж байхдаа давхар мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажилласан болж таарч байх шиг байна. Эсвэл Оросоос энэ “чухал” ажлаа амжуулж байсан юм уу. Ямартай ч Р.Содхүү түүний улсын байцаагч гэсэн эрхэм “алдар”-ыг хасав.
Түүнээс гадна Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга бас Улсын байцаагчаар ажиллаж байсан байна. Тэрээр “Намын онц их хурлын төлөө” гэсэн том хөдөлгөөнийг удирдаж байх үед нь Улсын мэргэжлийн хяналт эрхэлэн сайд гэгч албан тушаалд түүний найз У.Хүрэлсүх ажиллаж байлаа. Тэгэхээр түүний “тэмцэгч” анддаа олгосон эрх бололтой.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх бас байцаагчийн ажлыг хийж байж. Сэтгүүлчидтэй шүүхдэлцэхээс өөр ажилгүй мэт харагддаг тэрээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд харин байгаль орчинг сүйтгэж буй компаний захирлуудтай сайдынхаа нэрийн өмнөөс биш гэхэд ядаж улсын байцаагчийнхаа эрх үүргийн дагуу нэг ч удаа хариуцлага тооцоогүй нь тун гайхалтай.
Байлдааны Миг-21 онгоцоо задалж төмрийн хог руу ачуулах ажлыг зохион байгуулсан гэх хэл аманд өртсөн “Казино” Д.Энхбаатарын нэр ч тэдний дунд байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “буян”-аар бригадын генерал болсон энэ лут эр ухаандаа батлан хамгаалахын чиглэлээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм болов уу даа. Эсвэл мөрийтэй тоглоомын газар буюу зөвшөөрөлгүй казино ажиллуулагчидтэй “тэмцэх” гэж улсын байцаагчийн эрх авсан ч байж магадгүй. Гэхдээ тэр өөрөө сайн казиночин хойно, хамтран тоглогчид нь түүнд “хуцалгүй цаашаа зайл” гэж байсан байлгүй.
Ойн газрын дарга М.Тунгалаг, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нарын зэрэг албан тушаалтнуудын хувьд улсын байцаагчийн эрхийн гэрчилгээтэй байх юу нь буруу билээ. Гэхдээ тэдгээр эрхмүүд нь дээрх томчуудтайгаа адилхан зүгээр л нэр хэмээгчид байжээ. Улсын байцаагчийн үүргээ огт биелүүлээгүй байна. Адаглаад их хотыг маань тойрсон ой мод жилээс жилд үгүйрч, хожуул болсоор, хулгайлагдсаар байгаа. Манай улс ойн нөөцөөр тийм ч баян биш. Ойн газрын дарга хүн уг нь улсын байцаагчийнхаа эрх эдэлж, хяналтаа чангатган, өөрөө манлайлж ажиллах учиртай байсан юм. Даанч тэгсэнгүй. Ус, орчны бохирдол ч мөн ялгаагүй. С.Энхтүвшингийн гол ажил. Гэтэл эдгээр “найзууд” улсын байцаагчийн эрхээ чухам юунд ашиглаа вэ. УМХЕГ-т нэг ч удаа ажлын тайлан гаргаж өгөөгүй тул дээрх 100 хүний эрхийг хассан гэж байгаа. Хариуцлагатай алба хашигч тэд улсын байцаагчийн эрхийг буруу гарын “ажил”-д л ашигласнаас зайлсангүй. Авлига, шантаажийн аргаар мөнгө олох хэрэгсэл болгож байсан биз. Ингэж хардахаас яахав. Харин байцаагчийн эрх нь хасагдсан бусад хүмүүсийн дунд мөрөөрөө ажлаа хийж явсан нь ч байгаа л байх.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )