Абэ Үта заавал Дэлхийн аварга болно гэж мэдэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 06

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд жүдо бөхийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Абэ Үта тус тэмцээнд түрүүлсэн байна. Ингэснээр ирэх зургаадугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ.

2021 онд Токиогийн олимпын наадамд түрүүлсэн түүнийг өнгөрсөн зун Парист болсон наадамд дахин түрүүлнэ гэсэн хүлээлт, итгэл байсан. Гэвч Узбекистаны Диёра Келдиёрова  ялагдаж, харамсан цурхиран уйлж буй дүр зургийг дэлхийн нийт харсан билээ.

Үүнээс хойш татами дээр гараагүй байснаа өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын тэмцээнд оролцож түрүүлсэн. Дараа нь Бүх Японы АШТ-д хүчээ сорьсон нь энэ юм. Финалд  өрсөлдөгч нь Токиогийн Их дуулгын аварга Кисуми Омори байлаа. Хоёр тамирчин үндсэн цагт тэнцээд, нэмэлт цаг руу орсоноос хойш 1 минут 25 дахь секундэд Абэ Ута дэгээ ороогоод хутгаж дайраад ялалт байгуулсан юм.

Ийнхүү аварга болсныхоо дараагаар Абэ Үта “Би маш хэцүү ялагдал хүлээж, амаргүй зүйлийг даван гарахдаа барилдаан маань сайжирсан. Дахиад бүхнийг эхнээс нь эхэлж буй юм шиг л өөрийгөө дайчиллаа. Тиймээс ч энэ тэмцээнд түрүүлэхийг хэн бүхнээс илүү хүсч тэмүүлж байлаа. Би заавал Дэлхийн аварга болно” хэмээн өгүүлсэн байна.

Тэгвэл Абэ Үтагийн ах, олимпын хошой аварга Абэ Хифүми Парисын олимпын наадмаас хойш тэмцээнд оролцоогүй байгаад Бүх Японы АШТ-д барилдлаа. Гэвч эхний учраагаа ялсан ч гэлээ зүүн тохойны гэмтлийн улмаас дараагийн барилдаанд гарсангүй. “Зүүн тохойндоо зовиур мэдэрсэн тул сэрэмжлэх үүднээс үргэлжлүүлэн барилдсангүй. Хамгийн гол нь гэмтэл бэртэлгүй байж, дараа дараачийн барилдаанд оролцох нь чухал. Тэгэхээр бүх зүйл тийм ч муу биш” хэмээн Абэ Хифүми мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кк(172.56.152.34) 2025 оны 04 сарын 07

аймаар том мэдэгдэл хийжээ

0  |  0
Close menu