Тэртээх дайн төгсөөд 80 жил өнгөрөв. Шинэ дайны гал харин унтраагүй л байна. Дэлхийн хоёрдугаар дайн Европт өндөрлөсний тэгш ойгоор, тэр дайнд мөнхийн хөрш ЗХУ-д /Тухайн үеийн нэрээр/ монголчууд юу байгаагаараа тусалж явсныг нь санаж ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Төрийн тэргүүн У.Хүрэлсүх ахмад дайчдын төлөөлөл болох, нэгэн зууныг давж насалсан Халхын голын дайны сувилагч Д.Чимэдцэрэн, монголчуудын бэлгийг дайны фронтод биечлэн хүргэж явсан С.Цэгмэд нарын хамт хойд хөршид айлчлав. Зэвсэгт хүчний төлөөлөл Улаан талбайд ёслол хүндэтгэлийн жагсаалд мөр зэрэгцэв.
Манайхан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг арын эгнээнд суулгасанд жаахан гонсойж, сошиалаар дүүрэн сэтгэгдэл тавьсан харагдана. Гэвч цагийн байдлаа харъя. Дайнгүй үед Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хөршийнхөө Төрийн тэргүүний дунд, В.Путины дэргэд суудаг байлаа. Харин өнөөдөр ОХУ, Украины хооронд дайн болж, дэлхийн нөлөө бүхий орнууд талцан хуваагдчихаад байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж монголчууд хэлэлцдэг. Мөнхийн эрх ашиг ч гэж байдаггүй. Ялалтын баярын жагсаал сая Улаан талбайд болж байхад дэлхийн хоёрдугаар дайнд хоёрдугаар фронт нээн ЗХУ-тай хамтран тулалдаж явсан орнуудын өнөө цагийн тэргүүнүүд Киевт очоод байв.
Тийм ч учраас В.Путинд өнөө цагийн гол түшиг тулгууруудаа дэргэдээ суулгах эрх ашиг үүссэн. Дэлхийд бүх талаараа цойлж байгаа нь нэгэнт үнэн хойно БНХАУ-ын дарга Ши Жинпин түүний баруун гарын түнш болов. Өвөр эгнээний нөгөөдүүл нь тэртээх дайны цагт нэгэн улсын хүрээнд багтаж, нэгэн тугийн дор тулалдаж явсан экс республикуудынх нь тэргүүнүүд. Бас өдгөө хань татаж буй улс орны Ерөнхийлөгч нар.
Монгол Улс тэр их бэлэг хүргэж агт морь, таван хошуу мал, ангийн арьс үс, ноос ноолуур, загас, шувууны мах, Германы танкийн хуягийг цөм цохих вольфрам, “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадриль, нэхий дээл, бээлий, шинелийн ноос илгээчихээд, Чөлөөлөх дайнд хамт тулалдчихаад Ерөнхийлөгчийг маань тээр хол эмгэний дэргэд суулгалаа л гэх.
Одоо бүгдээрээ тайван бодоцгооё. Тэр их бэлэг, сэтгэл зүтгэлийн хариу нь монголчуудын юугаар ч сольшгүй тусгаар тогтнол байсан юм. Наян жилийн өмнө тухайн үеийн Холбоотны эвслийг бүрдүүлэгч голлох гурван улсын тэргүүн ЗХУ-аас Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотоос холгүйхэн Ливадиа тосгоны Ливадийн ордонд уулзалт хийж түүгээр хэлэлцсэн гол асуудлын нэг нь Ар Монгол буюу БНМАУ-ын статус-квог хадгалах явдал байлаа. Үүний дараа наймдугаар сард Монголын цэрэг чөлөөлөх дайнд оролцож, улмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тусгаар тогтносон улс байлгахын төлөөх бүх ард түмний санал хураалтыг 1945 оны аравдугаар сарын 20-д явуулж ард нийтээрээ түүнд оролцон өнөөгийн бүрэн эрхт тусгаар улсаа тогтоосон билээ.
Энэ л бидний өвөг дээдсийн чин сэтгэл, тэдний фронтод илгээсэн тэр их бэлгийн хариу юм. Өнөөдөр болж буй ОХУ, Украины дайнд Монгол Улс туурга тусгаар, энхийг сахисан орны хувьд оролцоогүй, тиймдээ ч хойд хөршийн Ерөнхийлөгчтэй наалдаж суух шалтгаан байхгүй. Түүний зэрэгцээ Ерөнхийлөгчтэй суудал зэрэгцсэн буурлыг элдвээр гоочлох ч ёсгүй. Хэн гэгч эрхэм гавьяатан төв индэрт морилж, түүнтэй зэрэгцэн сууснаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээж хэрэг мэдэж, танилцсан биз ээ.
Нэгэнт 80 жилийн өмнө туурга тусгаар нутаг дэвсгэрээ бэхэлж, бүрэн эрхт тусгаар улс болсных өнөөдөр сандал суудал сонжиж хэрэггүй дээ. Үдэлтийн үг дээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний төлөөллийг нэр заан нэрлээгүй ч харин Монголын ахмад дайчдын төлөөлөл оролцсоныг тодотгон хэлнэ лээ.
Харин Улаан талбайд алхсан монгол дайчдыг удирдан явсан дэд хурандаа Э.Билэгсайхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд оросоор түгдчиж байхаар эх сайхан монгол хэл дээрээ хүнгэнэтэл илтгэчихсэн бол харин ч туурга тусгаар орныхоо үнэ цэнийг яруу тод харуулах байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
За нэг их пял, доль цохиод яахав дээ. Болдог юм болоод өнгөрсөн. Манай тэнэгийн аль паянг хэлэхэв. Оросоор илтгэдэг нь мань хүнийг хэн бэ гэдгийг харуулаад өгч байна. Зүгээр л протоколын дагуу эх хэлээрээ ярина биз. Эргүү тэнэгээ л ертөнцөд гайхуулна. Хүүкийн өөр хийж чадах юм байхгүйшдээ.