ЭНЭ ТУХАЙ I Монгол дээлтэй, Монголд ээлтэй Акиэ

2025 оны 05 сарын 26

“НӨХӨРТЭЙГӨӨ ХАМТ ШИРТСЭН ОДОД ТҮГСЭН ТЭНГЭР ӨНӨӨГ ХҮРТЭЛ СЭТГЭЛД ТОДХОН БАЙДАГ”

Японы Ерөнхий сайд агсан, монголчуудад туйлын элэгтэй, дотны анд нь байсан Шинзо Абэ агсны гэргий Абэ Акиэ Монголд иржээ. Ирэх ирэхдээ бор торгон монгол дээл өмсчихсөн цэмцийгээд явж байна. Монгол дээлтэй Акиэ Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр өдгөө ажиллаж буй. Тэр шугамаараа Абэ Акиэ УИХ-ын Тамгын газар, НҮБ, “КОЙКА” буюу БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэ сарын 21-22-нд Улаанбаатарт зохион байгуулсан “Бид эмэгтэйчүүд” сэдэвт орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд хүндэт зочноор оролцсон юм.
 


Хатагтай Абэ Акиэ бор торгон дээлтэйгээ Төрийн ордны “Их Хуралдай” танхимын индэр дээрээс сэтгэл хөдөлгөсөн сайхан үгсийг хэллээ. Хатагтай Акиэ “Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. Миний бие ч 2013, 2015 онд нөхрийн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол Улсад дахин ирэх боломж олдлоо.

Өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна. Олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцая. Японы Засгийн газраас 2014 онд Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болоод байна.

Би хувьдаа, эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд дан ганц өөрсдийн чармайлт төдийгүй, эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ӨРГӨЖИН ТЭЛЭХ” ХҮЧ, ЭРЧҮҮДИЙН “ӨНДӨРТ ХҮРЭХ” ХҮЧИЙГ НЭГТГЭЖ БАЙЖ Л ИЛҮҮ САЙХАН НИЙГМИЙГ ЦОГЦЛООНО

 

Хатагтай Абэ Акиэ цааш хэлэхдээ “Сүүлийн хэдэн жилд бид “Салхины эрин”-д хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “Эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна. Үнэт зүйлс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “Өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “Өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна. Энэ жил Япон улсын Эзэн хаан, хатан нар Монголд айлчлах гэж буйг сонсоход үнэхээр баяртай байна. Энэ нь бидний өвөг дээдэс, мөн миний нөхөр, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нарын хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээсээр ирсэн Япон-Монголын харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бодит бэлгэ тэмдэг билээ” гэв.


Хатагтай Абэ Акиэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзсан нь мөн л гүн хүндэтгэлийн илрэл болсон юм. УИХ-ын дарга энэ үеэр “Япон Улсын Ерөнхий сайд агсан, монголчуудын дотны анд нөхөр Шинзо Абэ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажилладаг нэгэн байсан бөгөөд Монгол Улсад гурван удаа айлчилсан гэдгээр хоёр орны гадаад харилцааны түүхэнд бичигдэн үлдсэн юм” хэмээн онцолж байлаа.

 

МОНГОЛ НООЛУУРАН ОРООЛТ, БОР ТОРГОН ДЭЭЛ ХОЁРЫН ХООРОНД ЯГ ЕСӨН ЖИЛ, НАЙМАН САРЫН ЗӨРҮҮ БУЙ

 

Хатагтай Абэ Акиэ хэзээнээсээ Монголд гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн бүсгүй. 2015 оны аравдугаар сарын 22-ны өдөр. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд онцгой үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн юм. Онгоцноос тэднийг буухад юуны түрүүнд хатагтай Акиэгийн хүзүүндээ зүүсэн Монголын үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн ноолууран ороолт хүндэтгэн угтсан албаныхан болоод сэтгүүлчдийн нүдэнд тун содон туссан билээ. Зүгээр ч нэг цэцэг навчтай бус, монголчуудын нүүдэлчин ахуйг харуулсан алдарт "Монголын нэг өдөр" зургийг шигтгэсэн чамин ороолт. Нисэх онгоцны буудалд угтагсдын дунд  “Акиэ Абэ хатагтай тохиолдлоор ийм ороолт зүүгээгүй нь тодорхой. Монгол ахуйг шингээсэн дүрслэл бүхий энэ ороолт нь мэдрэмжтэй дэгжин бүсгүй гэдгийг нь харууллаа” гэлцэж байсан. Бор торгон дээлтэй Абэ Акиэгийн дараагийн төрх бол 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр. Монгол ноолууран ороолт, бор торгон дээл хоёрын хооронд яг есөн жил, найман сарын зөрүү буй.


Хатагтай Абэ Акиэ өөрийн нөхөр Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хамтаар Монголд хоёр удаа айлчилсан бөгөөд бүр тэр үед л цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан эмэгтэй. Дахин ирэх бололцоо гарвал монгол морь унах хүсэлтэй гэдгээ ч хэлж байсан, боломжтой бол энэ удаа мөрөөдлөө гүйцээх биз ээ.

 

“ДОТООДЫН СӨРӨГ ХҮЧНИЙ НАМ” ХОЧТОЙ АБЭ АКИЭ

 

Ноён Шинзо Абэ 1987 онд нэгэн улстөрчийн туслахаар ажиллаж байхдаа Акиэ Мацүзакитай гэрлэсэн нь өнөөгийн Монголд элэгтэй хатагтай Абэ Акиэ. Шинзо Абэ 33-тай, Акиэ Мацүзаки 25-тай, найман насны зөрүүтэй, монгол ёсоор бол ивээл жилтэй байв. Хатагтай Абэ Акиэ япон бүсгүйчүүдийн хүлцэнгүй, хүлээцтэй, чимээгүй, нөхрийн сүүдэр дор нам жимхэн суудаг уламжлалаас эрс өөр зантай. Нөлөө бүхий нөхрийнхөө сүүдэр дор “нуугдахаас” татгалзаж үзэл бодлоо чөлөөтэй хуваалцан, тэр бүү хэл санал зөрсөн үед маргалдчихдаг, эмэгтэйчүүдийн эрх, тэдэнд тулгамдсан асуудлуудаар нөхөртэйгөө зөвшилцөж, шийдвэр гаргуулахын төлөө тэмцчихдэг, эрс нээлттэй, орчин үеийн үзэл бодлоороо алдартай, барууны орнуудын Тэргүүн хатагтай нартай найзлаж, барууны хэв маягийг бүтээсэн эрч хүчтэй дайчин эмэгтэй. Ямар сайндаа л хуучинсаг, эмэгтэйчүүдийг сул дорой байхыг ёс уламжлал хэмээн гүнээ итгэдэг япончууд улсынхаа Тэргүүн хатагтай Акиэ Абэд “Шинзо Абэгийн дотоодын сөрөг хүчний нам” хэмээх хоч хайрлаж байх билээ дээ. Тэр бүү хэл хатагтай Акиэ Абэ Токиогийн "Ниппон Будокан" дэвжээнээ нагинатазюцу буюу нагината хэмээх махир илдээр тулалдах японы урлагийг үзүүлсэн гэж байгаа. “Би тэмцээн уралдаанд ордоггүй зөвхөн гэртээ л бага зэрэг дасгал хийдэг. Энэ урлагаар 2007 оноос хойш хичээллэж байна” гэж хатагтай хэлсэн байдаг.

 

ЭМГЭНЭЛТ ХЭРЭГ АБЭ АКИЭГ МОХООСОНГҮЙ

 

2022 оны долоодугаар сарын 8-ны бага үдийн 11:30 цагийн орчимд  Нара хотын гудамжинд аймшигт хэрэг гарч, Абэ Шинзо буудуулан амиа алдсан билээ. Дэлхий даяараа КОВИД-19 цар тахлын ард дөнгөж гарч байхад шүү. Абэ Шинзо удахгүй болох гэж байсан Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд оролцож байжээ. Сум зүрхэн тус газар нь нэвтэрч, цус ихэд юүлэгдсэний улмаас тэрээр эмнэлэгт ухаантай очсон ч 67 насандаа таалал төгссөн.

Эцэг, эхийн хоёр талаасаа улс төрийн элит гэр бүлээс гаралтай Абэ Шинзогийн өвөө Абэ Кан, эцэг Абэ Шинтаро нар улстөрч, элэнц өвөө нь Японы эзэн хааны армийн алба хаагч байжээ. Абэ Шинзогийн ээж Ёко Киши ч Японы Ерөнхий сайд асан Нобусуке Кишийн охин юм. Абэ Шинзог төрийн эрхэнд байх хугацаанд Японы ажилгүйдэл сүүлийн 20 жилд үзэгдээгүй доод  түвшинд хүрч, эдийн засаг 12 хувиар өсөн хүчирхэгжиж байсан билээ.

Абэ Шинзо Монгол Улсад гурван удаа айлчилсны хамгийн сүүлийнх нь 2016 онд албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон явдал байв. Эмгэнэлт хэрэг гэргий Абэ Акиэг мохоосонгүй, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж, элэгсэг дотно ханддаг Монгол орондоо бор торгон дээлээр гоён айлчилж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.123) 2025 оны 05 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDN BOOW XXNO

0  |  0
Oyunchimeg(202.21.124.2) 2025 оны 05 сарын 27

Маш сайхан санагдаж байна. Хатагтайд амжилт ерөөе.

1  |  0
bn(202.179.27.217) 2025 оны 05 сарын 26

yag unen goy hellee

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 26

Монгол дээл зохиж Батцэцэг сайдад зохихгүй байхад өмсөөд л байдаг бүр өнгө өнгөөр нь

0  |  0
Close menu