Олон нийтийн анхаарлыг татаж, улс орон, нийгэмд их хэмжээний хохирол учруулсан дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт ямар шатанд байгаа талаар бид эргэн сурвалжиллаа.
Д.Сүрэнхор 910 сая төгрөгийн хохирлынхоо 50 хувийг барагдуулжээ
Улсын мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд авто осол гарган хүний аминд хүрсэн билээ. Нөхрийнх нь давж заалдах шатны шүүх хурал болсон өдөр гарсан энэ ослын хэргийг Баянгол дүүргийн шүүхээс Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг руу буцаагаад байгаа юм. Түүнд Тээврийн прокурорын газраас таван жилийн ял төлөвлөөд байсан билээ.
Харин албан үүргээ гүйцэтгэж байхдаа яамны их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдаж, Амгалан дахь хорих ангид хоригдож байгаа Д.Сүрэнхор улсад учруулсан 910 сая төгрөгийн хохирлынхоо 50 хувийг барагдуулсан байна. Тэрбээр анхан шатны шүүх хурлын өмнө учруулсан хохирлынхоо 30 хувийг барагдуулж байсан билээ. Харин өнгөрсөн хугацаанд 200 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байгаа юм байна. Хохирлоо биеэр эдлэх ялын хугацаанаас өмнө барагдуулах нь түүнийг хугацаанаасаа өмнө суллагдахад нөлөөлөх юм.
С.В.Паушокын хэргийг Сангийн яам хариуцахаар боллоо
Манай улсад 300 орчим тэрбум төгрөгийн өртэй “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хэргийг Сангийн яам хариуцахаар боллоо. Татварын ерөнхий газар, “Анод”, “Зоос” банкинд их хэмжээний хохирол учруулж, Олон улсын арбитрын шүүхэд манай улсын Засгийн газрыг өгсөн “Алтан Дорнод Монгол” компанид холбогдох хэргийг ХЗДХЯ хариуцаж, олон улсын эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн. Одооноос дотоодын шүүхээр холбогдох энэ хэргийг өнгөрсөн долоо хоногоос Сангийн яам хариуцаж, өр барагдуулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
Үүнтэй холбоотойгоор тус компанийн Тэргүүн дэд захирал Ж.Бямбаа өрөө график байгуулан төлөх саналыг Татварын ерөнхий газар, Монголбанк, Сангийн яаманд тавьж байгаа юм байна. Харамсалтай нь түүний гаргаж байгаа графикаар энэ өрийн асуудлыг ойрын 10 жилийн хугацаанд барагдуулах боломжгүй байгаа тул энэ саналыг хүлээн авахгүй байгаа ажээ. “Алтан Дорнод Монгол” компанийн дампуурлын хэрэг одоо Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байна.
УИХ-ын Тамгын газарт шаардлага хүргүүллээ
УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын Тамгын газарт гурван удаа хүргүүлээд байгаа билээ. Гэвч Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ хэлэлцэх боломжгүй гэсэн хариултыг өнөөдрийг хүртэл өгсөөр байгаа. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа Нийслэлийн прокурорын газар, УМБГ-аас УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн хариултдаа тайлбар ирүүлэхийг УИХ-ын Тамгын газраас шаарджээ. Тэд энэ шаардлагын хариуг хуулийн дагуу 21 хоногийн дотор шийдвэрлэж өгөхийг мөн хүссэн байна. УИХ-ын гишүүн Д.Дондогт 2008 оны сонгуулийн үеэр бусдаас 150 сая төгрөг залилсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар зэхэж байгаа билээ.
Бадгаад холбогдох хэрэг Стокольмын шүүхэд шилжлээ
S&I хамтлагийн дуучин С.Бат-Отгон буюу Бадгаа Шведийн Стокольм хотод энэ сарын 11-нд тус улсын 18 настай иргэнийг хөлбөмбөгийн талбай дээр тоглож байхад нь хутгалж, амь насыг хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа билээ. Стокольм хотын цагдаагийн газарт цагдан хоригдож байгаа С.Бат-Отгонтой өнгөрсөн долоо хоногт манай улсын Элчин сайдын яамныхан уулзаж, өмгөөлөгч, орчуулагч томилж өгсөн. Түүнд холбогдох хэргийг өчигдөр Стокольмын цагдаагийн газраас хотынхоо шүүх рүү шилжүүлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Бат-Отгонд одоогоор 13 жилийн ял төлөвлөөд байгаа бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын эхээр товлогдох ажээ. С.Бат-Отгон өмнө нь танхайн хэргээр Монголын шүүхээс ял сонсч байсан нь энэ удаагийн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
“Тавантолгой” ХК-ийн 80 тэрбумын татварын өрийн 75 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгов
Одоогоос гурван жилийн өмнө “Тавантолгой” ХК-нд Татварын ерөнхий газраас 80 тэрбум төгрөгийн татварын акт бичиж, энэ шийдвэрийг тус компанийн удирдлагууд эсэргүүцэж, шүүхэд хандаж байсан билээ. Урьд өмнө дуулдаж байгаагүй их хэмжээний татварын энэ хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс нийт 80 тэрбум төгрөгийн актны 75 тэрбумыг хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн шүүхээс гаргасан энэ шийдвэрийг Татварын ерөнхий газрынхан эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байна.
Ч.Сангарагчаа нар ирэх есдүгээр сард Дээд шүүхэд хандана
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарт холбогдох хэрэг хоёр шатны шүүхээр шийдвэрлэгдэж Ч.Сангарагчааг Зайсан дахь хорих анги, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарыг “Тахир соёот”-ын хорих ангид хуваарилсан билээ. Тэд хоёр шатны шүүхээс өөрсдөд нь оноосон 2.54 жилийн ялыг эсэргүүцэж, Дээд шүүхэд хэргээ хянуулах хүсэлт гаргасан байна. Харамсалтай нь Улсын дээд шүүх ирэх есдүгээр cap хүртэл ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэдэггүй тул Ч.Сангарагчаа нарын гомдлыг одоогоор хүлээн авах боломжгүй байгаа ажээ. Үүнээс гадна АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн албан үүргээ гүйцэтгэж байхад маань хилс хэрэгт гүтгэж, хоёр шатны шүүхийн шийдвэрээр хорьсон нь хүний эрхэд халдсан асуудал гэсэн утгатай өргөдлийг Хүний эрхийн комисст хүргүүлээд байгаа юм байна.
Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нараас АТГ тайлбар авна
УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2000-2007 онд одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой үгсэн тохирч, тус үйлдвэрээс 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх мэдээлэл АТГ-т иргэдийн зүгээс удаа дараа ирсэн ажээ.
Ийн хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлаас гадна “Эрдэнэт” үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан гэх мэдээлэл ирсэн байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой энэ мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн нэр холбогдсон асуудлыг УИХ-ын гишүүн Х.Наранхүүг тус үйлдвэрийг удирдаж байх хугацаанд Төрийн өмчийн хороог удирдаж байсантай холбон тайлбарлах эх сурвалжууд байлаа.
АГГ-аас Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нараас тайлбар авах тухай албан тоотоор өнгөрсөн долоо хоногт албан тоот хүргүүлсэн боловч хоёул гадаадад байгаа тул тэднийг ирэхээр энэ ажлыг үргэлжүүлэх болоод байгаа ажээ. Тэднээс хэргийн талаар тайлбар авсны дараа шаардлагатай гэж үзвэл Х.Наранхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьж цааш нь мөрдөн байцаах ажиллагааг үргэлжүүлнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Хурцын шүүх хурлын шийдвэр ирэх сард ирнэ гэв
Лондон дахь Вестминстерийн шүүхийн танхимд өнгөрсөн сард манай улсын иргэн ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох шүүх хурал болсон. Уг шүүх хурлын үеэр Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс өөрийгөө сайн хуульч гэдгээ энэ үеэр харуулж, Их Британий Засгийн газар болон Гадаад харилцааны яамыг шууд буруутгаҗ англичууд Монголын тагнуулыг дээд хэмжээний уулзалтад урих нэрийдлээр хууран мэхэлж, баривчилсан болохыг дэлхий дахинаа зарласан.
Шүүх хурал дээр Б.Хурцын хэлснээр бол 2009 оны арваннэгдүгээр сараас Их Британийн холбогдох албаныхан Монголын талд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнээ ирүүлэх санал тавьж байсан аж Тэгэхээр Их Британи баривчлах ёсгүй хүнээ баривчлахаар бүтэн жилийн өмнөөс төлөвлөж байжээ. НҮБ-ын Тусгай даалгаврын конвенцид зааснаар албан ажлаар яваа төрийн өндөр албан тушаалтныг барьж саатуулах нь тухайн хүний халдашгүй эрхэд ноцтой халдсан хэрэгт тооцогддог. Их Британи үүний эсрэг ”Германы хүсэлтийн дагуу” гэхээс өөр юу ч хэлж чадсангүй” хэмээн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа. Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэр ирэх сард манай талд хүргүүлнэ хэмээн манай хууль хяналтынхан таамаглаж байгаа ажээ.
“Анод”, “Зоос” банкны хэрэг прокурорт хянагдсаар
Монголын томоохон арилжааны банк болох “Анод” дампуурснаас болж 1200 гаруй иргэн хохирч, энэ бүхний буруутнаар тус банкны удирдлагууд болох Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөрөөс гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар холбогдоод буй юм. Энэ хэрэгт холбогдогчдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагтай байгаа бөгөөд өдгөө “Анод” банкнаас хуурамч хувьцаа гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн, Банкны тухай хуулийг зөрчин хувьцаа гаргах тогтоолд гарын үсэг зурсан хэмээн дээрх албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан байна.
Н.Даваа нарт холбогдох энэ хэрэг одоо Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хоригдож байгаа Н.Давааг батлан даалтад гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт тавиад байгаа ажээ. Үүнтэй мөн адилаар “Зоос” банкны хэргийг УМБГ-аас Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлээд байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )