Гепатит өвчний тархалт хурдсаж, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгааг харгалзан 2010 оны 5-р сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар, жил бүрийн 7-р сарын 28-ний өдрийг гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Уг өдрийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жил анх удаа “Вируст гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. Үүнийг мэд, үүнтэй тэмц” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Бидний амьдарч буй эрүүл бус орчин, агаарын бохирдол, цэвэр усны нөөц багассан, хүнсний аюулгүй байдал хангаттай бус зэрэг шалтгаанаас улбаалж вируст гепатит өвчин газар аваад байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зорулсан хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др.Виват, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц,Оюунчимэг нар мэдээлэл хийв.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хэлэхдээ: “Энэ хөтөлбөр иргэдэд вируст гепатитын өвчлөлийн тухай мэдээлэл өгөх, түүнээс урьдчилан сэргийлэхэд суралцах аргыг таниулах ач холбогдолтой. Вируст гепатит бол бүх дэлхий нийтийн асуудал болоод байна. Дэлхий дээр 3 хүн тутмын 1 нь элэгний “В” вирусын халдварт өртөж, 12 хүн тутмын 1 нь элэгний В, С вирусийн архаг халдварыг тээн амьдарч байгаа юм. Уг өвчнөөр өвчилсөн нэг хүнд жилд дунджаар 1000 ам.долларын эм, эмчилгээ хийдэг.
Вируст гепатит нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин учраас бид БСШУЯ-нд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт энэ талын мэдлэг олгох хичээл нэмж оруулах талаар хүсэлт тавьсан. Дэлхийн улсуудын 38% нь энэ талын мэдлэгийг хичээлийн хөтөлбөртөө оруулдаг юм билээ.
ДЭМБ-ын номхон далайн баруун эргийн бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтаар дамжуулан элэгний “В” вируст гепатит өвчний тархалтыг хяналтанд авах” бүсийн зорилтын хүрээнд гепатит өвчинтэй тэмцэх энэ өдрийг 2010 онд “Элэгний В вируст гепатитын тархалтыг 2012 он гэхэд бууруулъя” гэсэн уриатайгаар тэмдэглэсэн.
Бүсийн зорилтыг хэмжих гол шалгуур нь 5 хүртлэх насны хүүхдийн дунд тохиолдох элэгний “В” вирусийг тээгч хүүхдийн эзлэх хувь 2%-иас дээшгүй байх явдал бөгөөд Манай улсын хувьд 2010 онд хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар энэ үзүүлэлт 0.53% гарсан явдал нь Монгол улсад хэрэгжиж буй дархлаажуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг илтгэн харуулж байгаа юм.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд Элэгний клиникийг нээн ажиллуулсан. Уг клиник энэ өдрүүдэд уртасгасан цагаар өвчтөнийг хүлээн авч үзэж байгаа” гэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др.Виват дэлхий дахины вируст гепатит өвчлөлийн байдлын талаар хэлэхдээ:
“Гепатит бол дэлхий дээр хамгийн их тархсан, цаашлаад хүний эрүүл мэндэд хүндрэл үүсдэг өвчин. 2008 оноос хойш дэлхий дахинд энэ сэдвээр нийт 600 гаруй хөтөлбөр, үйл ажиллагаа болсон.2009 оны байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орны 91% нь гепатит В-гийн эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтанд нэвтрүүлснээр шинэ мэндэлсэн хүүхэд бүр вакцины 3 удаагийн тунд бүрэн хамарч, “В” вируст гепатитын өвчлөлөөс насан туршдаа хамгаалагдаж байгаа юм.
ДЭМБ нь гепатит өвчний тандалт, сэргийлэлтийг сайжруулах, аюулгүй тарилга, вакцинжуулалт, цусны аюулгүй байдлыг хангах зэрэг үр дүнтэй, зардал багатай аргуудыг багтаасан цогц стратеги, ажлын төлөвлөгөөг гишүүн орнуудынхаа санал дээр үндэслэн боловсруулдаг.
Бид цаашид ч гэсэн энэ чиглэлээр ажлаа эрчимжүүлэн ажиллах болно” гэлээ. ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар 2011 оны эхний хагаст халдварт өвчнөөр өвчлөгсөд ихэнх нь сүрьеэ болон гепатит өвчнөөр өвчилжээ.
Элэг гэмтээгч 8 төрлийн (A, B, C, D, E, F, G, TT) вирус байдаг. Манай оронд гепатитаар өвчлөгсөдийн 80 хувь нь “А”, 12 хувь нь “В”, 0.6 хувь нь “С” вирусаар өвчилсөн. Гепатит нь элэгний A, B, C, D, E вирусээр үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин бөгөөд B, C вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсэх шалтгаан болдог.
Элэгний A, E вирус нь халдварлагдсан ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр, B, C вирус нь халдварлагдсан биеийн шингэн, ариутгаагүй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дамжин халдварладаг. Түүнчлэн, B вирусын халдвартай эхээс вирусын халдвартай хүүхэд төрөх, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд халдах, бэлгийн замаар халдварладаг байна.
Хурц хэлбэрийн гепатитын халдвар нь эмнэл зүйн бүдэг балархай хэлбэр буюу арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх, зэрэг шинжээр зонхилон илэрдэг. Гепатит өвчнөөс сэргийлэх арга замууд:
-Гепатит А, В-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх
-Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах
-Эмнэлгийн журамд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх
-Бэлгийн аюулгүй харьцааг эрхэмлэх
-Судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах
-Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах
Гепатит өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хэрхэн сэргийлэх, халдвар авсан бол өвчний хүндрэл, үр дагаварыг хэрхэн бууруулах талаар ард иргэд мэдээлэл, мэдлэгтэй байх явдал уг өвчинтэй тэмцэх ажлын үндэс суурь байх болно.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )