У.Хүрэлсүхийн “хам” хэрэгтэн Ц.Чимэдцэрэн шоронгийн номын санчаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29


 

Хадгаламж банкны дуулиант хэргийн талаар хүмүүс одоо бараг мартаад байгаа болов уу. Тус банкнаас 14,2 тэрбум төгрөг хулгайлж хувьдаа завшсан явдал таван жил гаруйн өмнө гарч билээ. Энэ хэргийг Ардын намын бага хурлын гишүүн, тус намын дэргэдэх залуучуудын байгууллагын идэвхтэй төлөөгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гардан үйлдсэн юм. Тэрээр тухайн үед “Хадгаламж” банкны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Мөрдөн байцаалтын явцад түүний хэрэгт УИХ-ын гишүүн асан, одоо Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар нэр холбогдсон юм. Ц.Чимэдцэрэн нь өгсөн мэдүүлэгтээ эдгээр гурван улс төрчтэй ойр дотно харилцаатай, ялангуяа У.Хүрэлсүхийн найз нь гэдгээ нуугаагүй. Мөн Солонгосын казинод хамтдаа очиж тоглосоноо өчсөн байдаг аж. Т.Бадамжунай ч мөрдөн байцаагч нарт Солонгост очиж казинод нь орж байснаа бас хэлж байв. Харин У.Хүрэлсүх “Бид тоглосон байсан ч яадаг юм” гэх маягийн юм яриад, тас гүрийгээд байж. Улс төрчийн ёс зүйн хэм хэмжээний асуудал юм л даа, энэ нь. Гэхдээ тэдгээр гурван улс төрч маань Солонгосын казинод 67-73 сая вон алдсан байв. Өөрөөр хэлбэл тэд монголын мөнгөөр бол бараг ийм хэмжээний төгрөгөө казиннод тушаачихжээ. Хэний мөнгөөр тэд ийнхүү тансаглаа вэ. Зарим эх сурвалжууд нь болохоор Ц.Чимэдцэрэн зөвхөн У.Хүрэлсүхийн тоглоомын мөнгийг бүрэн даасан. Харин Т.Бадамжунай бол өөрөө мөнгө ихтэй учраас Г.Занданшатарынхаа тоглоомын мөнгийг өгсөн байх” гэдэг. Өөр нэг сонирхол татдаг зүйл бол Солонгосын казинод очиж байнга тоглодог байсан 13 улс төрч, бизнесменүүдийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах үеэр Ц.Чимэдцэрэнгийн шүүх хурал болох гэж байлаа. Энэ өдрүүдэд У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын түүнтэй хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосон байв. Гэхдээ У.Хүрэлсүхэд зөвхөн нэг Пургон машины асуудал тулгагдаж, сүүлдээ юу ч биш болж төгссөн түүхтэй. Мөрдөн байцаах ажиллагаа, шүүхийн шатанд ер нь тэд нэлээд зүйлээ далдалж чадсан байжээ. Ц.Чимэдцэрэн ч дээрх луйврын мөнгөнийхөө ихэнхийг буюу 13 тэрбумыг нь Солонгосын казинод тоглоод алдсан гэж анхнаасаа нөгөөдүүлтэйгээ үгээ нийлүүлж амжсан биз. Энэ хэргийн улаан мөрөөр орсон нэгэн сэтгүүлч түүний ийм мэдүүлгийг одоо ч үгүйсгэсэн хэвээрээ байна. Учир нь манай чөлөөт хэвлэлүүдэд нийтэлсэн, Солонгосын казинод байнга тоглож байсан дээрх 13 хүний баримтыг дэлгэснээс хойш долоохон хоногийн дараа тус казиногийн марктенгийн албаны ажилтан Монголд яаран сандран хүрч ирээд “Танай улс төрчид манай казинод нэг ч удаа орж байгаагүй. Ийм мэдээлэл цацагдсан нь манай казиногийн нэр хүндэд харшилж байна” гэсэн юм. Монголын хэдэн улс төрчид явж очсоноор нэр хүнд нь сэвтэх гэж юу байхав дээ. Угаасаа л зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь адаглаад ийм л юмаар нотлогдоод байлаа шүү дээ. Ц.Чимэдцэрэн 13 тэрбумыг тоглоомонд алдсан гэх нь даанч үнэмшил муутай. Мөрдөн шалгах үйл ажиллагааны дундуур уг хэргийг ийнхүү үгсэн баримтжуулж, үнэмшилтэй болгоход харин Солонгосын тэрхүү казиногийн ажилтнууд тусалсан байх магадлал тун өндөр байдаг юм хэмээн өөр нэгэн баттай эх сурвалж өгүүлж байна. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн зүйл юм даа. Одоо “Хадгаламж” банкны 14,2 тэрбумын хохирол яаж төлөгдөх нь бүрхэг хэвээрээ үлдэж байгаа. Бүрхэг ч юу байхав, Ц.Чимэдцэрэн энэхүү хохирлын 30 хувийг төлчихвөл болно гэсэн бас нэг хачирхалтай “хууль” үйлчилж байна. Тэр одоо дөрөв, таван сая орчим төгрөгийн хохирол барагдуулсан сурагтай. Ц.Чимэдцэрэн өнөөдөр хорих 413 дугаар ангид ял эдлэхийн хажуугаар тэндээ номын санчийн үүрэг гүйцэтгэн малилзаж сууна. Луйварчид ингэж л тоглодог ажээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top