Монголын улс төрчид манкурт боолын системийг л бэхжүүлэх гээд байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29


 

1778 онд Америкийн үндсэн хууль анх батлагджээ. Энэ хуулийн төслийг санаачлан бүтээгчид нь янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс байлаа. Тэдний дунд хожим нэртэй улс төрч болсон Жефферсон зогсож байв. Тэрээр хүний эрх, эрх чөлөөг тунхаглагчдын нэг юм. Гэхдээ мань хүн боол эзэмшигч байжээ. Өөрөөр хэлбэл боолын систем гэж чухам юу байдгийг хамгийн сайн мэддэг, үүндээ тун гаршсан хүмүүсийн нэг байж. Гэвч түүний үзэл санааг 100 хувь эргүүлсэн зүйл бол хүний төрөхөөс заяагдмал эрх, эрх чөлөөний тухай ойлголт байлаа. Хүн бүр тэгш эрхтэйгээр аж төрөхийн гайхамшгийг боол эзэмшигч Жефферсон өөрөө олж харсан нь л өдгөө бидэнд чухал болов уу. Өнөөдөр монголчууд маань ихэнх нь боолын хөдөлмөрт мөрөө холготол зүтгэж байна гэвэл та итгэх үү. Хэт үзэл сурталжсан зарим нь аягүй бол ингэж асуусны минь төлөө хаа нэгтээ тааралдаад нүүр нүдгүй нульж өгөх биз. Харааж, зүхэх бол энүүхэнд байх. Гэхдээ энэ сэдвээр ярилцахын буруу гэж бас юу байхав.

Монголчууд гайгүйхэн аж төрөхийн тулд Солонгосыг зорих болсоор 20 шахам жил болж байна. Одоо ч тийшээ зүглэх урт цуваа тасраагүй. Сүүлийн өдрүүдэд Солонгосын элчин, консулын үүдэнд хонон өнжин дараалалд зогсох боллоо. Зарим нь үгээ барьж, үсээ зулгаах нь холгүй. Ёстой тамын юм болж байв. Дүүрэг, дүүрэг дээр нь бүртгэж байгаа ч дараалал ихтэй. Хэд хоног үргэлжилсэн энэ тамын ажил сая л нэг юм дуусч, түр амсхийв бололтой.

Солонгос л явахгүй бол амьдрал алга гэж тэд үзжээ. Тэгж ярьж ч байна. Уг нь Монголдоо хийх ажил их байгаа. Оюутолгой, Таван толгойн орд түрүүчээсээ  ашиглалтанд орлоо. Сайншанд дахь аж үйлдвэрийн цогцолбор ч бас ажиллах хүч хайгаад эхэлчихсэн. Шинэ цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэрүүдийн өргөтгөл гээд ажлын байрууд шил дараалан гарч ирэх ажээ. Тэнд ажиллах хүн хүч бий билүү. Энэ талаар бодитой судлаад тооцчихсон байгууллага харин үгүй бололтой. Монголчуудынхаа оронд хятадуудыг зам, барилга, үйлдвэрлэлийн бусад салбарт ажиллуулах сонирхол манай улс төр, бизнесийнхэн болон Хятадын эрх баригчдын талд илүү жин дарсан хэвээрээ байгаад байгаа нь тун сонин. Тэд Хятад хүн ажилд сайн, дуулгавартай, хоорондоо эв нэгдэл сайтай, хоол голдоггүй, өдөр шөнийг ялгалгүйгээр уйгагүй зүтгэдэг, харин монголчууд хэр хэмжээгээ мэдэхгүй цамаан зантай, архи их уудаг, ажил тасалдаг, хэрүүл хийдэг, цалингаа голдог, хулгай хийнэ, худал хэлнэ, ёстой бүтэхгүй гэнэ. Хятад хүн, Монгол хүний хооронд иймэрхүү ялгаа их байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ  монголчуудын тэрхүү муу чанар бүхнийг хэн бий болгочихсон юм бэ. Эцэг эх, гэр бүлийнхэн гэх байх даа, зарим нь. Гэвч төр, засгаас иргэд рүүгээ хандсан бодлогын гажуудал нь яван явсаар  ийм олон гологдол хүмүүстэй болгочихож.

Гэтэл гологдлууд маань харин Солонгос руу тэмүүлээд болдоггүй ээ. Тэнд жинхэнэ боолын хөдөлмөр хийх гээд байх юм. Хийж ч байгаа. Одоо 30 мянга орчим монголчууд тэнд хар ажлын мал болоод явж байна. Хамгийн хүнд хүчир ажил дээр тэд л зогсож байгаа. Тэсвэр тэвчээр сайтай, шаргуу ажилладгийг нь Солонгосын хувийн хэвшлийнхэн гайхан биширдэг. Бас архи ууж, хулгай дээрэм хийхийг нь үзэн ядна. Мөн дэлхий нийтийн шинэ соёл, шинэ иргэншилд дөнгөж хөл тавьж буй тэднийг зарим ухамсартайхан солонгосчууд нь өрөвдөнө. Иймэрхүү л ерөнхий дүр зураг тэндээс харагдана. Ерөнхийдөө манай залуусыг амьдралын зөв хандлага руу жаахан залаад өгвөл боолын хөдөлмөрөөс салж, дэлхийн хэмжээний бизнесменүүд биш гэхэд азийнханыг байлдан дагуулах хэмжээний хүмүүс болж болох нь харагдаж байна. Одоо Америкийн томоохон электрон тооцооны төвүүдэд Монгол инженерүүд Энэтхэгчүүдтэй уралдаж байна. Солонгосын томоохон банк санхүү, үйлдвэрийн газруудад монголчууд цахиур хагалж эхэллээ. Англид байгаа монголчууд ч бас ялгаагүй, томорч байна. Германаас манайхан эдийн засаг, бизнес, улс төрийн удирдлагын шинэ стандарт, хэм хэмжээг олж мэдэрч байгаа.

Гэвч манай дарга нар тэдгээрийг зангидаад эх орондоо үр ашигтай ажиллуулж чадахгүй байна. “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд гадаадад суугаа монголчуудаа эх орондоо ирж ажиллахыг санал болгосон ч гэсэн Монголын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн орчин нь тэднийг үргээж орхино. Солонгосчууд гадаад руу гарч явсан хүмүүсээ эх оронд нь авчрахдаа бүхэл бүтэн цогцолбор хотхонуудыг байгуулан, техник технологи, боловсрол, хэл соёлынх нь орчныг Америкаас ч илүү байхаар зохицуулчихсан байлаа. Гадаадаас ирэгсэд нь амьдралын хувьд юухнаар ч дутахгүй тийм хотхонд нь хүрч ирээд Засгийн газартайгаа шинэ шинэ үйлдвэрлэлийн баазуудын талаархи саналаа солилцон банкны хөнгөлөлттэй зээл, бусад бүх дэмжлэгийг авч үр дүнд хүрсэн. Энэ түүх одоо үргэлжилсээр байна.

Харамсалтай нь манай дарга нар, ялангуяа улс төрчид сонгууль ойртоод ирмэгц “Танай хүүхдийг чинь би Солонгос руу явуулж гэрээгээр ажиллуулна” хэмээн санал түүж явсаар өдий хүрлээ. Өнгөрсөн сонгуулиар мөн ч олон улс төрч Солонгос руу ажиллах хүч зуучлагч болж хувирсан даа, хөөрхий. Тэдний явуулсан хүмүүс өнөөдөр Солонгост манкрут боол болоод сууж байгаа. Монголын улс төрийн хүрээ ч бүхэлдээ манкрут боолын харилцааг үүсгээд байна. Намын хатуу гишүүнчлэл үүнд хамгийн их нөлөөлдөг. Аль нэг намд дагаар орчихвол бүх юм сайхан болно гэсэн хий хоосон мөрөөдөл, мухар сүсэг дээр өнөөгийн улс төр тогтоод байна даа. Ийм нөхцөлд мянган гоё “Зөгийн үүр” гэсэн цаас үйлдвэрлээд нэмэргүй. Зөгийнүүд ийм үүрэнд ирж амтат бал бидэнд өгөхгүй. Манкурк боолууд улс төрийн харанхуй манан дунд бүдэрсээр л байх болно доо, чаавас.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top