Хоёрхон настай ч өөрөөс нь жижигггүй найман сартай дүүгээ шатаж байгаа гэрээс авч гарч, амийг нь аварсан бяцхан охин ТВ9 телевизийн “Энэ цагийн эгэл баатар”-аар шалгарч байсныг уншигч та бүхэн тодхон санаж байгаа Түрүү жилийн өвөл буюу 2010 оны 2-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын гэрт гал гарч хоёр охины амь үрэгдэх шахсан. Тухайн үед хоёр ой найман сартай Б.Саранчимэг найман сартай Б.Наранчимэг дүүгээ чирч, гэрээс гарган амь насыг нь аварсан билээ. Хүн гэдэг амьтан ийм л чанараараа амьтнаас ялгаатай. Дэлхийд гайхагдах энэхүү хатан зоригт баатар маань өөрөө айж уйлсан ч өмсөж байсан цамцаа дүүдээ нөмрүүлээд бууцныхаа хаяанд түлэгдсэн дүүгээ тэвэрч, ээж аавыгаа иртэл нэг цагийн турш бүүвэйлэн сууж байсан гэдэг. Энэхүү сэтгэл уярам, итгэл бадрам жинхэнэ түүхийн эзэн, эгэл баатар Б.Саранчимэгийн гэрт нь манай сайтын сурвалжлах групп очиж ярилцлага авлаа. Түүний гэрт очиж сурвалжлага бэлтгэсэн анхны сайт нь Zindaa.mn болж байна. Манай сайт бие даасан нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагатай хараат бус сэтгүүл зүйг интернэт мэдээллийн орон зайд амжилттай хөгжүүлж байгаа хэмээн омигшиж ажилладаг. Мэдээллийн хэрэгслэл гэдэг бол жинхэнэ бодит мэдээллийг нэгдүгээр эх сурвалжаас олж, олон нийтэд хүргэх эрхэм үүрэгтэй. Би энэ үүргээ цаашид ч нэр төртэй биелүүлсээр байх болно.
Эгэл баатар Б.Саранчимэг охин өнөөдөр дөрвөн нас хүрч том аниа болжээ. Дүүгээ асарна, ээж аавдаа тусална гээд түүний хийх ажил дуусахгүй. Харин галаас аврагдсан дүү Б.Наранчимэг хоёр нас хүрч ээж аавдаа эрхлэн үймүүлэн гүйнэ. Аавдаа илүү амь. Эгч нартайгаа тоглож байгаад л аавынхаа өвөр дээр ирээд эрхлээд суучихдаг юм билээ. Ээжтэйгээ илүү адилхан тэрсхэн гурван охинтой энэ айлыг М.Буянбатынх гэдэг. Жилийн өмнө гэрээ галд шатаасан гэхэд М.Буянбатынх овоо тохижоод хүнээс гуйхааргүй л амьдарч байна. Гэвч түлэгдсэн охиных нь хөл татангашиж байгаа нь энэ айлн хувьд хамгийн том сэтгэл зовоосон асуудал нь болжээ.
Эднийх 30 гаруй тэмээ, арваад адуу, жар гаруй бог малтай юм билээ. Худгийнхаа дэргэд хүнсний ногоо тарьдаг. Өөрсдийн хэрэгцээт ногоогоо даршлаад үлдсэнийг нь аймгийн төвд аваачаад зарж орлогоо нэмэгдүүлдэг аж. Зундаа хэдэн малынхаа ашиг шимийг хүртэхээр арай томоохо асуудал шийднэ. Харин намар өвөл нь хөдөөний айлуудын адил хүүхдүүдээ сургууль цэцэрлэг бараадуулж гэрийн эзэгтэй Орхон тэднийгээ “манана”, харин аав нь гэртээ үлдэж мал хуйгаа хариулна.
Эгэл баатар Б.Саранчимэг: Миний дүү эдгэсээн
Эгэл баатар Б.Саранчимэг маань хөдөлгөөнтэй, сэргэлэн бас дэндүү хэрсүү хүүхэд юм. Саяхан хажууд байсан охин нэг мэдэхэд гаднаас түлээ оруулж ирнэ. Эгэл баатар тоглосон ч, суусан ч дүүгээ байнга хөтөлж явдаг юм билээ. Дүүгээсээ ганц минут холдоход түүнээс хэдэн асуулт асуух гэсэн боловч зугтаад гүйцэгдсэнгүй. Арай гэж гүйцээд хэдэн асуулт асуусан минь энэ.
-Яасан хурдан гүйдэг юм бэ? Эгч нь арай гэж гүйцлээ?
-Та л өөрөө гүйцэхгүй байсан ш дээ.
-Миний дүү аав ээждээ тусалж байна уу?
-Тусалдаг. Хонь хариулдаг. Бас ботго, тэмээ хариулдаг.
-Ийм жаахан байж миний дүү хонио хариулдаг юм уу?
-Би хариулдаг. Бас айлын хонь хариулдаг. Эгчтэй хариулдаг. Ганцаараа хариулдаг.
-Ямар мундаг юм бэ. Ганцаараа хариулдаг юм уу?
-Тийм.
-Айхгүй гэж үү?
-Хнн. Үгүй чишш.
-Миний дүү морь, тэмээ унаж сурсан уу?
-Сурсан. Бага байхад ээж тэмээ унахыг зааж өгсөн. Аав морь унахыг маргааш зааж өгсөн. /Эгэл баатар ташаарав/
-Аниа нь сургуулиасаа ирсэн гоё байна уу?
-Гоё байна
-Юу нь гоё байна?
-Тоглоод гоё байна.
-Дүүгийнх нь бие яаж байна?
-Дүү эдгэсээн. Хөл нь л жаахан өвддөг юм. Бусад юм нь өвдөхөө больсон.
-Нүүрээ угаахгүй яасан юм бэ? Нүүр нь халтайчихаж.
-Өглөө босоод угаасан. Түрүүн л халтайчихсан юм байлгүй дээ. Дахиж угаахгүй ээ.
-Танайх хичнээн ботготой юм бэ?
-Тав.
-Чи ботгондоо их хайртай юмаа?
-Байнга тоглодог юм. Ботго хөөрхөн ш дээ. Энэ миний ботго.
-Сая эгчийгээ ирэхэд ааруул хийж байсан уу?
-Тиймээ. Ганцаараа сууж байгаад л хийчихдэг юм.
-Үймүүлж байна уу?
-Жоохон л.
-Аав ээждээ загнуулж байна уу?
-Үгүй ээ. Миний аав ээж хөөрхөн.
-Дахиад дүүтэй болно гэсэн үү?
-Хоёр дүүтэй болно гэж хэлж дуусаагүй байтал дүү нь унаж Сараа охин гүйгээд явав. Дүүгээ хаашаа л явна байнга цуг явдаг. Ааруул, чихрээ байнга хувааж иднэ. Бас дүүгийнхээ хоолыг байнга хөргөж өгдөг юм билээ.
М.Буянбат: Хүнээс гуйхгүй амьдарч байна
Охидын аав М.Буянбат Наранчимэгийг хараад үе, үе санаа алдана. Б.Наранчимэг охины шарх гүйцэд эдгэсэн гэж хэлж болно. Охины толгой, нүүр, гаранд нь бага зэрэг сорви үлджээ. Баруун хөлийн түлэгдэлтийн шарх гүйцэд эдгээгүй бололтой бага зэрэг доголж байсан. Учрыг нь М.Буянбатаас асуувал “Шөрмөс нь гэмтсэн, манайд эмчилж чадахгүй болохоор тарьсан ногоогоо хураахаар хэдэн цаастай золгоно. Тэгээд охиноо авч урд эмчилгээ хийлгэх бодолтой байна. Энийгээ эдгээгээд авчихбал болчих гээд байна” гэж ярилаа.
-Зуншлага сайхан уу?
-Өө сайхан сайхан.
-Охиных нь бие яаж байна?
-Одоо гайгүй ээ. Гэхдээ гүйцэд эдгээгүй байгаа. Хөл нь жоохон татанга. Шөрмөсөндөө жоохон гэмтэл орсон юм шиг байгаа юм. Яг нугардаг шөрмөсөн дээрээ овойгоод, тэрнээсээ болж татаад байгаа. Анх 40 хувийн түлэгдэлтэй гээд хотод хоёр сар эмчилгээ хийлгэсэн. Энд ирээд бол эмнэлэгт хэвтээгүй.
-Дахиж эмчилгээ хийлгэх нь ээ?
-Шаардлагатай гэсэн. Манайд бол одоогийн байгаагаас илүү эмчилж чадахгүй. Гадагшаа явж эмчлүүл гэсэн. Намраас л охиноо авч яваад эмчлүүлнэ дээ.
-Өөрт нь зовиургүй болсон уу?
-Зовиургүй гэхэд хаашаа юм. Заримдаа халуураад байдаг юм. Нойрондоо жаахан муу. Их загатнадаг юм шиг байгаа юм. Маажаад байдаг юм.
-Одоо дутагдах гачигдах юмгүй сайхан л байгаа юм байна?
-Тийм. Дутагдах гачигдах юмгүй сайхан л байна. Тухайн үед олон хувь хүн, албан байгууллага тусламж үзүүлсэн. Одоо урьдын байсан шигээ сайхан л байна. Манай нутгийнхан байнга тусалж дэмждэг. Одоо ч гэсэн манай найзууд ирчихсэн л сууж байна.
- Энэ жил танайхаас хичнээн мал төллөв?
-Жар гаруй бага мал төллөсөн. Дөрвөн гүү унагалсан, таван ингэ ботголсон. Манай энэ жилийн төл сайн бойжиж байгаа.
-Саранчимэг дүүгээ аварсан тухайгаа танд ярьсан гэсэн?
-Жаахан уужирсан хойно асуусан чинь "Бид хоёр зурагт үзээд, шагай тоглож байсан. Эхлээд зурагтаас утаа гараад гэр дүүрэн утаа болоод дүү ханиагаад байсан. Тэгэхээр би хаалгаа онгойлгосон. Зурагтаас гал гарч байснаа эргэн тойрон гал асаад, доошоо газарт тасарч ойчиж байсан. Бас дүүгийн дээрээс гал унаж, дүү уйлаад байсан. Миний дээр ойчих гэхээр нь би зугтаасан. Тэгээд гал их асахаар нь дүүгээ чирээд зугтаасан" гэж ярьсан. Гэрийн хөшиг галд шатаад доошоо галтай тасарч унаад байсан юм билээ.
-Дүүгээ галаас аваад гарах ухаан суутал хүүхдүүдээ багаас нь сайн хүмүүжүүлсэн байна даа?
-Хоёуланг нь орхисоор байгаад бие биенээ гэдэг болчихдог юм байна. Багаас нь хүүхдүүдээ биеийг нь даалгасны ачаар галаас гарч чадсан байх. Саранчимэг ээ дүүгээ аваарай, мөлхөөд гал руу орлоо татаарай, цангаж байгаа цай өгөөрэй, өлсөж байгаа хоол, боов, боорцог өгөөрэй гээд л бүл хүч муутай малчин бид чинь байнга л завгүй байдаг болохоор эгчид нь даатгаж орхисоор байгаад багаасаа хэрсүүжчихдэг юм байна. Дүүгээ өргөж даах юм биш хормой дээрээс нь, хөл гараас нь угзчаад чирээд зуухнаас холдуулчихдаг.
-Манай эгэл баатар дүүгээ харахаас гадна гэрийн ажилд туслаад, айлын хонь хариулдаг гэсэн?
-Тусалнаа. Өөрийнхөө хонийг хариулдаг юм. Айлын хонь хариулдаггүй юмаа. /инээв/
-Нутгийнхан Сарааг эгэл баатар гэх үү? Саранчимэг гэх үү?
-Янз, янз. Голчлон Сараа л гэдэг юм.
-Хотоос эгэл баатрыг зорьж хүн их ирдэг байх?
-Нэг хэсэг ирдэг байсан одоо гайгүй л байна. Уг нь 6-р сад TV9-ийнхэн ирнэ гэсэн алга.
-Танай том охиныг хэн гэдэг билээ? Ээжтэйгээ адилхан юм.
-Манайх гурван охинтой. Томыг нь Солонго гэдэг юм. Одоо 4-р ангид орно. Аймгийн төвд сурдаг юм. Овоо гайгүй сурдаг болохоор тэмцээн, уралдаанд орж байгаа харагддаг. Дунд, бага хоёр энэ намар одоо цэцэрлэгт сууна.
-Намар аймгийн төв рүү нүүх нь ээ?
-Манай хэд л явна. Би эндээ үлдэнэ.
-Сая Сараа хоёр дүүтэй болно гэсэн. Хэзээ шинэ хүнтэй болох юм бэ?
-Манай хүн жирэмсэн бишээ. Хүүхэдтэй болох болтугай.
-Морь уядаг бололтой?
-Морь сүйдтэй уяхгүй. Гэхдээ морь уях санаатай. Нэг юм оролдоод байдаг юм. Сүүлийн гурав дөрвөн жил уяж амжсангүй.
-Охид нь их эрх юмаа?
-Ер нь манай гурав эрх талдаа. Энэ нь /бага охин Наранчимэг/ жаахан эрхэлдэг юм.
-Танайх бууцныхаа дэргэд зусдаг юмуу?
-Манайх угаасаа бууцнаасаа хол нүүдэггүй юм. Угаасаа мал цөөхөн, усныхаа дэргэд ногоо тарьдаг болохоор тэрийгээ услаад, сахиад л байж байна.
-Ямар ногоо тарих уу?
-Хүнсний ногоо л тарьдаг. Сүүлийн гурван жил л хүнсний ногоо тарьж байна. Өөрсдийнхөө хэрэглэхийг авчихаад илүүг нь аймгийн төвд аваачаад зарчихдаг юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Миний асуугаагүй танд хэлэх үг байвал танд үлдээе?
-Өнгөрсөн хугацаанд бидэнд их олон хүн тусалсан. Тусалсан бүх байгууллага, хувь хүнд баярлалаа л гэж хэлмээр байна. Олон хүн тусалсан болохоор одоо нэрийг нь бүрэн дурьдахад хэцүү байна. Та бүхнийхээ буянд манайх гэдэг айл хүнээс гуйхааргүй сайхан л амьдарч байна. Бас охин маань бидэнд элэг бүтэн амьдралыг үлдээсэн. Үүнээс илүү хувь заяа гэж юу байхав ээ.
Аймгийн төвөөс зайдуу ганц гэрээр байдаг М.Буянбатынхаар нутгийнхан нь болон найз нөхөд нь байнга орж гардаг юм билээ. Хүний хөл, хүүхдийн инээд энэ гэрээс тасардаггүй болохоор гэрийн эзэгтэй ажил ихтэй. Охид нь ээждээ тусалж, аавдаа эрхэлнэ. Эгэл баатрын эгэл амьдрал энд л өрнөж байна.
Сурвалжилсан: А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )