Монголын банкны салбар бужигнаан ихтэй байна. “Зоос”, “Анод”-ын хэрэг шүүхээр шийдэгдээгүй байтал ХААН банкинд бас асуудал үүслээ. Иргэн бүрд олгох 21 мянган төгрөгийг тарааж байсан тус банкны захирал нэг л өдөр зангаа хувиргав. Одоо хүмүүс “Хадгаламж” банкны салбаруудын үүд сахин зогсох боллоо. Үүнээс үүдээд “Хадгаламж”, ХААН банкны талаар таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудсыг цас шиг дарж байна. Оросын олигархиудын мөнгөний хэтэвч хэмээн “Хадгаламж” банкыг цоллож эхэлтэл ХААН-ыг нь Америк, Япон ноёдын халаасны банк гээд гөвж өгөх ажээ. Ер нь харийнхны хөрөнгө оруулалтаар боссон банкны зам мөр хар байдаг бололтой. ХААН банкыг 10 жил удирдсан Питер Морроугийг хүмүүс сайн таних байх. Тэр одоогоос яг нэг жилийн өмнө нутаг буцахдаа ХААН банкны хувь эзэмшигч болжээ. Түүний харъяалдаг Америкийн “DAI” компани нь ХААН банкыг алсаас удирддаг бөгөөд Петер Морроуг ийнхүү урамшуулсан юм гэнэ. Петер Морроугаас ажлыг нь хүлээж аваад байсан Саймон Моррис харин саяхан ажлаасаа халагдах өргөдлөө бичиж тавьчихаад хаа нэг тийшээ арилаад өгсөн сурагтай. Урьд нь ч бас энэ банкинд ажиллаж байсан хэд хэдэн гадаадын иргэн халаасны мөнгөө олж аваад алга болж байжээ. Тус банкинд Барри Мадамс гэгч эр орлогч захирлаар ажиллаж байхдаа Австралийн нэгэн компанид ямарч барьцаагүйгээр таван сая долларын зээл олгож, бөөн шуугиан тарьж байснаа гэнэт нэг өдөр яваад өгсөн юм. Саймон ч мөн түүний араас оров бололтой. Тэрээр Монголд ирж ХААН банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бүтцийн өөрчлөлт нэрээр ажиллагсдаа хоморголон халах ажлыг л сайн хийсэн гэдэг. Түүний удирдлагын арга барилаас залхсан 300 гаруй хүн өөр банк руу шилжихэд хүрч байсан байна. Хүний хөгжил сангийн мөнгийг иргэдэд олгохдоо тэр сүүлдээ шимтгэл, суутгалаа нэмнэ гэж манайхныг дарамталсан байх юм. Ер нь ХААН банк бол хувь эзэмшигчдийнхээ хувьд хоёрхон монгол хүнээс бусад нь харийнхан. “Таван Богд трейд”-ын захирал Ц.Баатарсайхан 22,35 хувь, тус компаний тэргүүн дэд захирал Д.Хулан 12,9 хувийг нь эзэмшдэг. Японы “Савада Холдинг” компани 40,22 хувь, Хонгконгийн “Лимитед” компани 12,76 хувийг нь эзэмшиж байгаа ажээ. За, энэ ч яахав. Зах зээлийн ном журмаараа явж байгаа биз. Гол нь харийнхан манайд орж ирээд банкаар наадан хөлжиж, авир араншин нь хувираад ирэхээр хувь эзэмшигч болоод нутагтаа очиж тухалдаг, эсвэл баахан мөнгө халаасалж аваад нууцгайхан алга болдог болжээ. Энэ удаа гүйтцэтгэх захирал Саймон нь чухам хэдий хэмжээний доллар салгаж аваад зугтааж буйг хэн ч мэдэхгүй байгаа бололтой. Шалгах л хэрэгтэй дээ, өнөөх мэргэн түргэн шалгагч, тагнуулчид нь байгаа юм бол.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )