Европын Холбоо Гүржийн эрх баригчидтай бүх харилцаа холбоогоо таслаж, хоёр талын харилцааг мухардалд оруулсан гэж Гүржийн Гадаад харилцааны сайд Мака Бочоришвили тус улсын телевизийн Imedi сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Европын Холбооны гаргасан шийдвэр нь өөрийг нь мухардалд оруулсан. Гүржийн парламент улс орон, нийгмийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн баталсан хуультай холбогдуулан Европын Холбооны удирдлага тус улстай бүх харилцаагаа тасалсан юм. Парламентын баталсан хуулийг цуцлахыг шаардах нь ардчилсан ёсонд нийцэхгүй билээ. Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахизе яриа хэлэлцээ хийх саналыг Европын Холбоонд нэг бус удаа тавьсан хэдий ч тэд татгалзаж байгаа юм” гэж Мака Бочоришвили тэмдэглэсэн байна.
Гүржийн парламент 2024 оны тавдугаар сард “Гадаадын нөлөөллийн ил тод байдлыг хангах тухай” хууль баталснаар Европын Холбоо, АНУ-тай харилцаа нь муудаж эхэлсэн юм. Энэ хуулийг цуцлахыг Европын Холбоо Гүржийн эрх баригчдад нэг бус удаа уриалсан боловч эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын удирдлага уг хуулийг тууштай хамгаалж байгаа ажээ. “Энэ хууль нь Гүржид үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын хөрөнгө санхүүгийн урсгалын ил тод байдлыг хангахад оршиж байгаа юм. Ийм төрийн бус байгууллагуудын зарим нь тус улсад хувьсгал хийхийг ч оролдож байсан билээ” гэж Гүржийн удирдлага мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )