Дэлхий нийтийг цочроосон алан хядагчдаас монголд ирж ял эдлэх боломжтой болох ажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30


 

 Олон улсын эрүүгийн шүүхээс манай улсыг анхаарч үзэх боллоо. Шүүх эрх мэдлийг сайжруулах утгаар нь авч үзсэн хэнд ч энэ мэдээлэл таатай санагдах байх. Саяхан Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригтын урилгаар Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сан Хюун Сон манай улсад  хүрэлцэн ирлээ. Түүний удирдаж буй энэ байгууллагад дэлхийн 116 улс орон нэгджээ. Сан Хюун Соны айлчлалын үеэр тус хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, үндэсний хууль тогтоомжоо Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн өөрчлөх, олныг хамарсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судлах, энэ чиглэлээр хүнээ сургах асуудлуудыг ярилцсан юм. Олон улсын эрүүгийн шүүх нь бусад шүүхээс нэлээд онцлогтой. Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, хүн амыг төрлөөр нь устгах гэсэн дөрөвхөн төрлийн гэмт хэргийг шүүдэг. Манай улс энэ байгууллыг хүлээн зөвшөөрч, Ромын дүрэмд нэгдэн орсон юм. Гэвч Ромын дүрмийн дагуу манай улс шүүх бүрэлдэхүүнийг хамгаалах зэрэг чухал зарим асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлээгүй байгаа ажээ. Харин Монголын Зэвсэгт хүчний энхийг сахиулах бүрэлдэхүүнээс хэд хэдэн удаа Олон улсын энэ байгууллагын шүүгч нарыг хамгаалах үйл хэрэгт оролцож байв. Цаашдаа ч энэ чиглэлээр ажиллах боломжтой юм. Энд харамсмаар өөр нэг зүйлийн талаар Сан Хюун Сон манай дарга нараас нуухыг хүссэнгүй. Юув гэвэл С.Баярын Засгийн газрын үед болон түүний өмнөх Засгийн газрын үед ч тэрээр захидал илгээж шүүхийн шинэчлэл, хамтын ажиллагааны талаархи санаа бодлоо илэрхийлж байсан байна. Гэвч түүний захидалд тухайн үеийн Засгийн газрын зүгээс нэг ч удаа хариу өгөөгүй гэнэ. Өөрөөр хэлбэл манай эрхмүүд гадаад харилцааныхаа чухал гэж үзэж болохуйц энэ чиглэлийн үйл ажиллагаанд нэлээд хойрго хандаж байжээ. Өөр бас нэг зүйл нь Сан Хюун Сон цаашдаа Олон улсын эрүүгийн шүүхээр шийтгүүлэн ял эдэлж байгаа хоригдлуудыг манай улсад авчирч ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэх санал тавив. Хэрвээ үүн дээр хоёр тал тохиролцвол тэдгээр хоригдлуудыг байрлуулах байр, хамгаалалт гээд олон асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх юм байна. Яагаад заавал Монголд олон улсын эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг ийнхүү байлгах гэж буй нь бас сонирхол татаж байна. Сан Хюун Сон хэлэхдээ “Манай шүүхээр шийдвэрлэсэн хэргийн ялтнуудад ял эдлүүлэх газар байдаггүй. Тиймээс гишүүн улсууддаа ханддаг” гэлээ. Ийнхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд манай улсын эрүүгийн хуулийг Ромын дүрэмд нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй гэж тэр мөн үзжээ. Олон улсын эрүүгийн шүүхээр шийдвэрлэдэг дээрх дөрвөн төрлийн гэмт хэрэг манай улсын эрүүгийн хуульд тусгагдсан байдаг хэдий ч сайжруулах шаардлагатай юм байна. Эдгээр нь манай эрүүгийн эрх зүйн орчныг шинэчлэхэд тус дэм болох нь гарцаагүй юм. Дэлхий нийтийн чиг хандлага, жишигт нийцсэн шүүх эрх мэдлийн шинэ харилцааны зам ингэж  тавигдаж байна гэж эдгээрээс ойлгож болох ажээ. Цаашдаа дэлхий дахиныг цочроосон алан хядагчид Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр Монголд ирж ял эдлэх боломж бүрдэх бололтой.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top