Гар барихад учир бий

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30
Гар барьж мэндлэх нь хүмүүсийн бие биеэ хүндэтгэж буйг илэрхийлсэн харилцааны чухал хэлбэр. Энэ нь хүнд гүн сэтгэгдэл үлдээхээс гадна илүү ойртуулдаг байна.
  
 
Мөн нэг нэгнээ шинжих боломжийг бас бүрдүүлдэг аж. Харилцагчийнхаа гарыг хэрхэн атгаснаас шалтгаалан түүнийг татах уу түлхэх үү гэдэг шийдэгдэнэ. Ялангуяа анх танилцаж байгаа хүнтэй мэндлэхдээ хянуур байх хэрэгтэй. Мэндлэхээсээ эхлээд эвгүй санагдвал харилцаа удаан үргэлжилдэггүйг санаарай. Бид анзааргагүй үйлдлийнхээ төлөө харилцагчдаа буруу сэтгэгдэл төрүүлдэг юм биш байгаа. Тэгвэл та бүхэнд харилцааны энгийн дүрмүүдээс танилцуулж байна.
 
• Эхний алтан дүрэм бол харилцагчийнхаа гарыг барих үедээ нүд рүү нь ширт. Энэ нь итгэлцлийг илэрхийлээд зогсохгүй, түүний сэтгэлийг шинжихэд чухал алхам болдог. Нүд сэтгэлийн толь гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв мэндэлж буй хүнийхээ нүд рүү харахгүй бол та түүнд таагүй ханддаг, үл итгэдэг, өөдгүй бодлоо нууж байгаа гэх мэт таагүй сэтгэгдэл төрүүлж болох.
 
• Мэндэлж буй хүнийхээ гарыг чангаар атгах нь ойр дотно, гүн хүндэтгэлтэй хандаж буйг илэрхийлдэг. Гэвч хэтэрхий чанга атгахаас болгоомжил. Гарыг нь өвтгөвөл эсрэг үр дүнд хүргэж мэднэ.
 
• Харилцагчийнхаа гарыг хоёр гардан атгавал нөхөрсөг дотно, элгэмсэг байдлыг илэрхийлдэг.
 
• Алгаа дээш нь харуулж, харилцагчийнхаа гарыг тосч мэндлэх нь гүн хүндэтгэлийн илэрхийлэхийн зэрэгцээ нээлттэй харилцахад бэлэн гэсэн дохио болдог байхад алгаа доош харуулах нь мэндэлж буй хүнээ басамжилж буйг харуулдаг.
 
• Мэндэлж буй хүн тань өөртөө итгэлтэй, эрч хүчтэйгээр гарыг тань атгавал түүнийг дэмж. Өөрийн мэдрэмжийг түүнийхтэй тэнцүүлэхийг хичээ. Гарынхаа алгыг түүнийхтэй параллель, босоо болгож чадвал та түүнтэй эрх тэгш гэдгээ харуулж буй хэрэг.
 
• Гараа сунгаж мэндчилэх нь нөхөрлөл, итгэл найдварын бэлгэ тэмдэг. Эрчүүд гараа сунгаж мэндлэхдээ өөрийн хүч чадал, байр сууриа илэрхийлэхийг эрмэлздэг. Хэтрүүлбэл хүнийг үл хүндэтгэж буй мэт сэтгэгдэл төрүүлдгийг санаарай.
 
• Гараа цавчиж байгаа мэт дээрээс буулган харилцагчийнхаа гарыг чанга атган мэндэлбэл эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй, хамтарч ажиллахад бэлэн гэсэн утга илэрхийлдэг аж. Энэ мэндчилгээ нь албан ёсны уулзалт, ажил хэргийн үед илүү тохиромжтой.
 
Эцэст хэлэхэд соёлын ялгааг мэдэх нь боловсрол мэдлэгийн нэг илэрхийлэл. Өөр оронд айлчилж, гадаадын төлөөлөгчидтэй уулзахдаа тухайн улсад гар барьж мэндэлдэг соёл байдаг эсэхийг мэдэх нь чухал. Мэндлэх, хүндлэх ёс мэддэг байх нь хүний эрхэм соёл юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top