Ч.Оюун: Эмэгтэйчүүдийгээ хүчирхийлэлгүй, дарангуйлж дээрэлхэлгүй амар амгалан амьдарцгаая л даа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Эх, эмэгтэй хүн галын бурхан, үр хүүхэд өрх гэрийн эрдэнэ хэмээн хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай. Энэ хүндлэл дээдлэлээр бүсгүйчүүд, өсвөр үеийнхэн эр нөхрийн халамж, эцэг хүний энхрийллээр жаргал эдэлдэг ч зарим бүсгүйчүүд, өсвөр үеийнхэн тэр сайхан хайраар дутагдаж, бүр бие сэтгэлийн гунигт шаналж явдаг. Энэ талаар Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Оюунтай дараах ярилцлага хийв.

-Эхнэр хүүхдэдээ энэрэл багатай эрчүүд мэр сэр байх юмаа?

-Байна. "Ойн мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай" гэдэг болохоор насан туршдаа нэгэн өрх гэр болж амьдрахаар ханилсан бүсгүйгээ, өрх гэртээ аз жаргал авчирсан энхрий хөөрхөн үрээ хайр энэрлээр дутаадаг эрчүүд байна. Хүн гэдэг чинь халамж хайр, энхрийлэл, энэрэл мөрөөдөж явдаг жамтай. Гэтэл өрх гэрийн тэргүүний үүрэг хүлээчихээд хань ижил, үр хүүхдэдээ тэр хүсэн мөрөөддөг эр нөхрийн халамж, эцэг хүний хайрыг нь эдлүүлэхгүй, дарангуйлдаг, дээрэлхдэг эрэгтэйчүүд бий.

-Яагаад эхнэр, хүүхдээ дарангуйлан дээрэлхэж байдаг байна?

-Энэ асуултад жаахан дэлгэрэнгүй хариулах уу?

-Тэг л дээ?

-Гэр бүл болно, хайр сэтгэлээрээ хамтарч амьдарна гэдэг зөвхөн хоёр хүн нэг гэрт аж төрөхийн төдий зүйл биш, бие биеийнхээ, үр хүүхдийнхээ, цаашлаад улс нийгмийнхээ өмнө олон чухал үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэдгээрийн дундаас хамгийн гол нь гэр бүлээ айдас түгшүүргүй, сэтгэл зовж шаналах зүйлгүй, дутагдах гачигдах зүйлгүй гээд амар амгалан байлгах явдал нэн чухал байдаг. Улс төрийн агуулгаар хэлбэл гэр бүл бол нийгмийн, улс орны үндэс суурь. Гэр бүлийн амьдрал амар амгалан бол улс нийгмийн амьдрал амар амгалан байна гэсэн үг. Үүний тулд эхнэр нөхөр, ялангуяа, өрхийн тэргүүн хүн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн манай эрчүүд маань эхнэр хүүхдээ, бүсгүйчүүдийгээ хүндэтгэж амьдрах учиртай. Энэ дутагдсанаас зарим гэр бүлд халуун дулаан уур амьсгал дутагдаж, улмаар хөндий хүйтэн харьцаа бүрдэж хэрүүл маргаан үүсгэдэг. Маргаан даамжирч дээрэлхэх, дарангуйлах үйлдэл рүү орно. Бас архидах явдал нөлөөлдөг. Согтуурлаа гэж эхнэр нь үглэж зэмлэдэг байна. Тэгээд үг сөргөөлцөнө. "Үүл сөрвөл бороо, үг сөрвөл хэрүүл" гэдэг болохоор дуу нь чангарч хэрүүл үүсгээд зогсохгүй хүйтэн цэвдэг хандаж, муу муухайгаар хараан зүхэж хатуу ширүүн, гашуун зэвүүн үгээр доромжилно. Үгийн шарх эдгэдэггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол ноцтой дарангуйлал гэж үзэж болно. Мөн нэг нэгнийгээ хардаж хэрүүл үүсгэнэ. Бас хааяа зарим эхнэр, нөхөр хоёр үгээ даахгүй муудалцана.

-Учраа олж ойлголцож болмоор юм даа?

-Уг нь бололгүй яахав. Гэтэл тэгдэггүй, бүр орон гэрээсээ хөөж тууна. Өвлийн тэсгэм хүйтэн, зуны усан бороонд гудамжинд чичирч норж хонох хичнээн хэцүү нь тодорхой. Заримдаа бие эрхтэнд нь халдана гээч.

-Зодно гэсэн хэрэг үү?

-Тийм. Түлхэх, алгадах бол наад захын хэрэг. Нүүр нүд, гар хөл, бие эрхтэнд нь хөх толбо суулгачихсан, гэмтэл учруулчихсан байна. Хатуухан хэлбэл харгис хэрцгий хандана. Халуун индүүгээр түлчихсэн тохиолдол ч гарсан. Зарим эрчүүд хань ижил, эхнэрийнхээ эрхэнд халдаж хувийн өмч мэт бодож дээрэлхэх явдал байгаад дүгнэлт хиймээр байна.

-Эрүүл биеэ тэгж гэмтээлгээд амьдарч суух ямар хэрэг байна?

-Гэр бүлийн иймэрхүү хэрэг явдлын эхлэл хохирогчийн гэх үү дээ, эмэгтэйчүүдийн өөрсдийн буруу харьцаа, үйл ажиллагаанаас үүсэлтэй байдаг болохоор гэмээ мэдэх үүднээс тэвчдэг. Мөн манай эмэгтэйчүүд монгол уламжлалаа дээдэлж ханддаг. "Эрийн боол, гэрийн зарц" байсан гэх ойлголтоос ангижрахгүй, эр нөхөр, гэрийн эзнийхээ үгээр байх учиртай мэт боддог. Өөрийнхөө эрх зөрчигдөж байгаад төдийлөн эмзэглэдэггүй. Тэгээд ч хүч мөхөсдөх тал бий. Бас үр хүүхдээ өнчрүүлээд яахав гэнэ. Түүнчлэн манай эмэгтэйчүүд хүнлэг сайхан, уян, зөөлөн сэтгэлээр ханддаг. Уурандаа л надад эвгүй хандлаа. Согтуудаа л ингэлээ хэмээн нөхрийгөө цайруулж цагаатган бодно. Энэ нь бүсгүйчүүд маань эр нөхрийнхөө дарангуйллыг нуун дарагдуулж даврааж, өөрсдөө амар амгалан бус байдалд аж төрөх болдог.

-Бас эхнэрээ "атгандаа авчихсан" эрчүүд байдаг гэх юм?

-Тийм тал бий. Зарим эрчүүд дарангуйллын аргаар салгахгүй бариад байдаг. Өөрөөр хэлбэл, надаас салах юм бол насаар чинь эрэмдэг болгоно шүү. Аав, ээж, ах, дүүсийг чинь түйвээнэ. Чамайг ална. Өөрийгөө хорлоно гэх мэт зүйл бүрээр дарамтална. Сүрдүүлнэ. Заналхийлдэг. Нэг ёсондоо хөөрхий эмэгтэйг барьцаанд оруулчихдаг. Энэ далимд хэлэхэд зарим эрэгтэйчүүдэд монгол эр хүний гүндүүгүй, уужуу тайван ухаан, ууч сэтгэл дутаад байх шиг санагддаг.

-Үр хүүхдээ яагаад дээрэлхээд байдаг юм бол?

-Нэлээд нь дагуул хүүхдэд хэрцгий ханддаг. Эхтэй нь толгой холбон амьдарч байж үр хүүхдэд нь тэгж хандана гэдэг мөн ч хүн чанаргүй хэрэг шүү. Зарим хүүхэд хүмүүжил, харьцаа муутайгаас эцгийгээ аашилж зэмлэхээр, түүнд өширхөөд үг хэлийг нь авахгүй болж улам сэдрээх явдал ч бий. Хааяа хорлонтой аргаар дарангуйлна. Саяхны жишээ хэлэхэд, дөрөв, таван настай балчир хүүхдээ тамхины галаар төөнөж тамласан байлаа.

-Эхнэр, хүүхдээ дээрэлхдэг иймэрхүү явдлыг цагдаа, шүүхийнхэн юунд зүгээр өнгөрөөж давраагаад байдаг байна?

-Давраасан юм байхгүй. Хэрэг зөрчлийг сургаар шийдвэрлэж болохгүй шүү дээ. Тэд өөрсдөө гэр бүлийн асуудал нэрээр нуугаад өнгөрөөдөг. Нөгөө талаар танхайн хэрэг болчихно гээд дардаг. Бас цагдаа, шүүхэд хэлбэл ална шудна хэмээн дарамтлан сүрдүүлдэг тал ч бий. Харин гэр орноосоо хөөгдсөн, зодуулсан, өлсч цангасан, өмсөх хувцасгүй ядсан зарим нь эмэгтэйчүүдийн байгууллагад ханддаг л даа. Хоёуланг нь нуүрэлдүүлэн ярьж зөвлөх, хааяа төсөл хөтөлбөрөөр дэмжүүлэх хэмжээнд л зохицуулахыг боддог. Хөрөнгө санхүүгийн боломжгүй болохоор хааяа хувиасаа хүртэл тав, гурван мянган төгрөг төдийгөөр тус болохыг хичээдэг.

-Төр засгаас энэ талаар нэлээн л арга хэмжээ авч байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гэр бүлийнхэн нийгмийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг бол төр иргэдийнхээ, тэдний гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж байх учиртай. Бид хоёрын яриад байгаа зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл шүү дээ. Нийгэм, олны анхаарал татсан энэ асуудлыг төр засаг анхааралдаа авч УИХ-аас "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийг 2004 онд гаргасан. Засгийн газраас 2007 онд тогтоол гаргаж үндэсний хөтөлбөр баталсан.

-Аймгийн түвшинд гэвэл?

-ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрт, мөн жил бүрийн   төлөвлөгөөнд тодорхой асуудлыг тусган хэрэгжүүлж ирлээ. Нэмэлт арга хэмжээ ч зохион байгуулдаг. Сүүлийн жишээ гэхэд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ оны тавдугаар сарын сүүлчээр тогтоол гаргаж "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г баталсан. Мөн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргаар ахлуулан холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарын зэрэгцээ ахмад, залуучууд, эмэгтэйчүүдзэрэг төрийн бус байгууллагын тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж байна.

-Төлөвлөгөөний дагуу ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах вэ. Заримаас нь хэлж өгнө үү?

-Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллийн баазтай болох шаардлагатай байна. Тийм учраас ийм үйл явдал гарч байгаа шалтгаан, нөхцөл, ялангуяа, орон нутгийн онцлог, өнөөгийн төлөв, дүр зургийг харуулсан судалгаа хийх гэж байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийн тархац, тандалтын судалгааг тогтмол явуулахын зэрэгцээ хүчирхийлэл үйлдэгчдийн эрхийг хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, архи хэтрүүлэн хэрэглэгч болон архинд донтох өвчтэй иргэдийн нэгдсэн судалгаа гаргана. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Үүний тулд тэднийг байнгын болон түр ажлын байраар хангах, мэргэжлийн болон давтан сургалтад хамруулна. Сумдад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалт сурталчилгаа явуулах сургагч багш, нийгмийн ажилтанг бэлтгэнэ. Хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, өмгөөлөгч, цагдаа, прокурор, шүүгч, багш зэрэг мэргэжилтнийг мэргэшүүлэн бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулна. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтоолцоог "Хамтарсан баг"-аар бүрдүүлж багийн гишүүдэд зориулсан сургалтын модуль боловсруулна. Энэ үндсэн дээрээ хамтарсан багийн сургалт зохион байгуулж оролцогчдыг гарын авлага материалаар хангаж сурталчилгааны материал боловсруулна. Монгол гэр бүлийн дэвшилтэд өв уламжлал, ёс заншлыг өвлүүлэн гэр бүлийн үнэлэмжийг дээшлүүлэх ажил зохион байгуулж иргэдэд сайтар сурталчилна. Дээр би ярихдаа энэ үйл ажиллагаа нэлээн нуугдмал

байдгийг цухас тэмдэглэсэн. Иймд энэ талаар мэдээ мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэхэд байгууллагуудын оролцоог өргөтгөх, шуурхай болгох тогцолцоог бүрдүүлнэ. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, үйлчилгээ үзүүлэх байрны асуудлыг судлан шийдвэрлэх зорилт тавьж байна. Сурагчдад үе тэнгийнхээр нь дамжуулан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх аян өрнүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, мэдээлэлд зөвлөгөө өгөх "Хүүхдийн найз" утас ажиллуулж үйлчилгээг олон нийтэд сурталчилна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүний хувьд гэр бүлийн хүчирхийллийн талаар санал тавьсныг төлөвлөгөөндөө оруулсан байна лээ. Эхнэр хүүхдэдээ дээрэлхэх нь арчаагүй эрийн шинж гэж ахмадууд ярьдаг л даа. Энэ талаар эрэгтэйчүүдэд зориулсан сурталчилгаа ч чухал байна. Эмэгтэйчүүдийгээ хүчирхийлэлгүй, дарангуйлж дээрэлхэлгүй амар амгалан амьдарцгаая л даа.

-Нэг зүйл тодруулахад, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байрны асуудлыг судлан шийдвэрлэнэ гэв үү?

-Тийм ээ, эмэгтэйчүүдийнхээ байгууллагын шугамаар тийм байр бий болгох санаа төрөөд хөөцөлдөж үзсэн. Байртай болох, үйлчилгээ үзүүлэхэд хөрөнгө санхүү хэрэгтэй юм. Цагдаа биш ч гэсэн хамгаалах хүч шаардлагатай. Ер нь эр нөхөр, эцэг эхийнхээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэй, хүүхэд их өрөвдөлтэй шүү дээ.

Чухам л махчин харцаганд хөөгдсөн бор шувуу адил байх суух газраа олж ядсан, хонох газар, хорогдох байр, идэх хоолгүй айн бэмбэгнэж явдаг юм. Араас хэзээ ирээд бас дахин яаж дарамтлах бол хэмээн айна. Тийм үед нь үнэхээр хамагаалал хэрэгтэй болдог. Энэ байдлыг харгалзан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэхээр тусган оруулсан юм. Засаг дарга захирамж гаргаж ажлын хэсэг томилон энэ талаар судалгаа хийлгэж байгаа. Тэд даруйхан асуудал боловсруулан саналаа танилцуулна. Энэ бол зөвхөн нэг өрөө тасалгааны асуудал биш. Хүн ард, өрх гэр, хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ амар амгалан байдлын төлөө авах арга хэмжээ гэж үзэж байна

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top