54 настай уран нугараач Ж.Эрдэнэчимэг: Монтекарлогийн их наадмаас тусгай шагнал хүртчихээд, эр орондоо ирээд загнуулж байлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

...Маш гоёмсог сайхнаар зассан том танхимд, алдарт Битлзийн гайхамшигт дуу хөгжим дор циркийн жүжигчдийн бүтэн хамтлаг дуулж, бүжиглэж, жүжиглэж циркийн хүнд хэцүү үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Битлзийн дуулсан дуу болгоны утга агуулга, тэрхүү алдарт дөрвөлийн амьдрал, амжилт, шаналал, өсч өндийн мандан бадрах бүх л түүхийг өгүүлсэн "LOVE" шоу Лас-Вегасын "Mirage Hotel" тaетрт тоглож буй нь энэ.
Ханан дахь дэлгэцнээ Битлзийн түүх болон тоглолтын зургууд гарч, тэр танхимд үзэгчдийн сэтгэлийг доргиох Битлзийн дуунуудын аянд агаарын гимнастик, үсрэлттэй акробат, тэнцвэр, илбэ, алиалагчид, жонглёр, дугуйт тэнцвэр бүхий үзүүлбэрүүдийг жүжигчилсэн хэлбэрээр рок болон сонгодог бүжгүүдтэй хослуулан үзүүлэх жүжигчдийг үнэхээр гайхан биширмээр.
Хөгжим чимэглэл, гэрэлтүүлэг тайз засалт болон солигдолт, гайхамшигт найруулгыг бишрэхгүй байхын аргагүй. Энэ бол аргагүй л дэлхийд гайхагдах шоу байлаа. Канадын "Нарны цирк"-ийн эзэн нь өдгөө "Bellagio Hotel", Лас-Вегас, Лос-Анжелос, Нью-Иорк, Орланда хотуудад нийтдээ 19 шоу тоглолтыг үзүүлдэгийн нэг нь энэ гэнэ. " Гудамжны, нүүдлийн гэж нэрлэгддэг байсан циркийн урлагийг бүжиглэлт, жүжиглэлттэй хослуулан гайхамшигт шоу урлаг болгон хөгжүүлж чадсан түүнийг би үнэхээр биширдэг. Тэгээд ч "Bellagio Hotel"-ийн "O"  шоунд 13 жил ажиллаж байгаадаа би маш их бахархаж, сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг" гэж Ж.Эрдэнэчимэг надад өгүүлсэн юм.
 
Өдгөө дэлхийн хэмжээнд ч нэрд гарсан гайхамшигаараа үзэгчдийг бишрүүлэн дагуулж буй "Bellagio Hotel" -ийн "O" шоунд нугардаг таван монгол охины багшаар 14 жил ажиллаж, бас энэ хотдоо уран нугаралтын сургуультай гайхамшигт бүсгүй Ж.Эрдэнэчимэгтэй би Лас-Вегас хотноо уулзаж ярилцсан юм.

Намтрын товчоон
Жамьянгийн Эрдэнэ чимэг
-1957 онд  Улаанбаатар хотноо төрсөн
-1975 онд Нийслэлийн 7 -р сургуулийн10-р анги төгссөн
-1980 онд МУИС-ийг орос хэл-үтга зохиолын мэргэжлээр төгссөн.
-1968-1990 онд Монголын циркийн жүжигчин
-1990-1997 онд Францад "гэрээт жүжигчин"
-1997-2011 онд Канадын "Нарны цирк"-ийн багшаар ажиллаж байна.


Уран нугараач болсон эхлэл
-Уран нугарах  гэдэг хүн болгонд заяадаг авьяас биш байх?
- Би долоон настайдаа сургуульд орох гээд чадаагүй юм. Найман настайдаа нийслэлийн 11-р сургуулийн 1-р ангид орж байв. Дуулж бүжиглэж, шүлэг унших дуртай. Их л уян налархай байсан юм шиг байгаа юм. 1-р ангийн үсэглэлийн баяраар анх нугарсан гэдэг. Хүүхдүүд миний ард мандолин хөгжмөөр ая тоглож, би багшийн ширээн дээр нугарсан юм. Тэгж л анх авьяасаа нээв. Анги удирдсан Бямбаа багш, аав ээж хоёрт минь миний нугарах авьяастайг хэлж, циркэд шалгуулж, хөгжүүлэх хэрэгтэйг зөвлөсөн юм билээ. Тэр үед би цирк гэдгийг ч огт үзээгүй байсан. Багшийн зөвлөснөөр ээж минь манай хамаатан болох Нацаг ахад /Монголын циркийг анх үндэслэсэн/ хэлж. Нацаг ах намайг Цэнд-Аюуш багшид үзүүлж шалгуулья гэж л дээ.

-Шалгуулаад хэрхэн үнэлэгдэв дээ?
-Би анх 1966 онд цирк үзээд "нугардаг хүн харсангүй" гэсээр ирсэн гэдэг. Харин цирк үзсэнээсээ хойш T. Цэнд-Аюуш гэдэг хүнийг нэг л их гоёмсог цав цагаан копронон платьетэй байх юм шигээр төсөөлнө. Яг л балетчин шиг.
Цирк дээр анх шалгуулахаар очоод учиргүй сэтгэл догдлон хүлээж байтал, миний сэтгэлдээ ургуулан төсөөлж байснаас огт өөр, хүрэм өмссөн өндөрдүү бор хүн ирсэн чинь дотор сэтгэлдээ "голж" байгаа юм аа. Т. Цэнд-Аюуш багш хүрч ирсэнээ " За чи юу чаддагаа үзүүл дээ"  гэлээ. Олон жилийн дараа эргээд бодож байхад, би тийм жаахан мөртлөө их дажгүй үзүүлбэр үзүүлсэн юм шиг билээ. Миний үзүүлбэрүүдийг үзсэний дараа Т. Цэнд-Аюуш багш "их уян, бас гоё өлмийтэй юм, би авья" гэсэн. Тэгж л найман настай бяцxан охин уран нугараач болох замаа сонгосон юм даг.

-Сургуульдаа сурахын зэрэгцээ уран нугаралтаар хичээллэх нь амаргүй байсан уу?
-Би өөрөө их дуртай байсан. Өдөр бүр хичээлээ тараад баруун 4 замаас хуучин цирк хүртэл автобусаар явна. Тэр үеийн автобус байнга л чихэлдээстэй. Өдөр бүр нэг цагаас нугаралтын бэлтгэлтэй. Гэхдээ хичээлдээ онц сурдаг, хажуугаар нь нийгмийн идэвхи их сайтай байсан. Байнга урлагийн үзлэг болон олон нийтийн янз бүрийн арга хэмжээнд оролцдог. Нэг удаа хичээлдээ "дунд" дүн авчихаад аавдаа үзүүлэхгүй гэхдээ тэр хуудсыг нь урж орхив. Аав миний дэвтрийг үзэж байснаа "энэ нэг хуудас нь хаачсан юм бэ?" гэж асуугаад баригдаж байв.

- Чиний уран нугараач болох сонголтод аав ээж тань нилээд нөлөөлсөн байх. Аав ээжийнхээ тухай ярьж болох уу?
-Ээж минь Цэндсүрэн гэдэг. Жүжигчин хүн л дээ. Хүмүүс "Хүргэн хүү" киноны Жамц баяны эхнэрийн дүрээр нь андахгүй. Их ч олон кино, жүжигт гайхалтай дүрүүд бүтээсэн дээ. Хоёр жилийн өмнө "гавьяат жүжигчин" цол хүртсэн. Бүх насаараа л урлагийн төлөө зүтгэж, сэтгэл зүрх амьдралаа урлагт зориулсан хүн дээ.
Аав минь Жамьян гэж НАХЯ ны хурандаа цолтой хүн. Цагдаа, армид олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж минь байнга л хөдөө урлагийн бригадаар явдаг болохоор аав минь л ажлынхаа хажуугаар биднийг өсгөж, амьдралын ачааны хүндийг үүрнэ. Хоол хийж, юмаа угааж, бидний хичээлийг давтуулж шалгадаг байлаа. Тэр үед анзаараагүй хэрнээ, өөрөө амьдралд нухлуулсан олон жилийн дараа л "ямар сайн аав" байсныг ойлгох юм даа.
Тэр үеийн дундаж сэхээтний жишгээр л аав ээж 2 минь биднийг "хэнхэгдүү", алив ажлын төлөө чин сэтгэлээсээ л хандаж, үнэнчээр зүтгэхэд сургасан. Хийх ёстой зүйлээ яг л номоор нь хийж, шударга бус байдалтай эвлэрэлгүй, өөрийн гэсэн зарчмаар бүх зүйлд ханддаг болоход тэд л бидэнд нөлөөлжээ.

-Хэр удаан хичээллэж байж циркийн манежэд гарав даа?
- 1968 оны жинэ жилээр "шинэ он" болж, анх циркийн тоглолтод оролцсон. Их л гоё байсан санагддаг юм. Урдаа улаан тууз зүүгээд, шүлэг уншиж тэр тоглолтыг эхлүүлж байв. Тэгээд бас нугарсан. Харин 1969 оноос сард 300 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчин болж байв. Одоо ч би гэрийнхэндээ тоглоомоор " би их бага байхаасаа л та нарыг тэжээсэн шүү" гэж хэлдэг юм. 1969 оны хавар анх удаа хөдөө бригадаар явлаа. Юу ч мэдэхгүй жаахан охин " хөдөө явна" гэж баярлаад нойр ч хүрэхгүй. "Зил-130" машины задгай тэвшин дээр суугаад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаар явж тоглосон. Хамгийн анхны тоглолт минь Хэнтий аймгийн Биндэр суманд болж байсныг өнөө хэр ч мартдаггүй юм. Тэр үеийн циркийн "алтан үеийнхэн" болох Данзан гуай, Содном гуай, Цэнд-Аюуш багш нартай хамт ажиллаж, хамт аялж явсан би их азтай хүн.

- Их л бага наснаасаа нугарч, циркийн дагалдан  жүжигчнээр ажиллаж байсан болохоор ур чадвар чинь сайжирч байсан байх.
-Тэгэлгүй яахав. 1971 онд МАХН-ын 16-р их хурлын хүндэтгэлийн концертод Норовсамбуу эгч бид хоёр нугарсан юм. Норовсамбуу эгчийг нугарахад бүх л хөдөлгөөнийг нь дагаж, "сүүдэр" нь юм шиг харагддаг үзүүлбэр. Энэ үзүүлбэр их амжилт авчирсан. 1971 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын ажлын хүрээнд ОХУ-ын Эрхүү, Братск, Улаан-Үдээр явж тоглов. Энэ бол миний анхны гадаад аялан тоглолт байлаа. Үүний зэрэгцээ Циркийнхээ багшаас нуугаад гимнастикаар хичээллэв. Бас муугүй 3-р зэрэг авч байсан шүү. Даанч Т.Цэнд-Аюуш багш минь энэ тухай мэдчихээд "чи цирк, гимнастик 2-ынхоо аль нэгийг л сонго" гэж хатуухан хэлэхэд нь гимнастикаа орхисон доо. Тэр үед миний мөрөөдлийн "загвар" нь Норовсамбуу эгч байлаа шүү дээ. Уран нугаралтаар 18 хан насандаа "гавьяат жүжигчин" цол авчихсан, МУИС-ийг англи хэлний мэргэжлээр "онц" төгсчихсөн ид л мандаж байсан үе. Тэр бага наснаасаа уран нугаралтаар хичээллэж, жүжигчин болсон байсан надад "Норовсамбуу эгч шиг л болох ёстой" гэдэг хүсэл байсан хэрэг. Тиймдээ ч 1975 онд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн оросxэлний ангид элссэн нь энэ л мөрөөдлийн нөлөө. Шинэ цирк 1972 онд ашиглалтад орж, Норовсамбуу эгч бид 2-ыг нэг өрөөнд оруулахад учиргүй баярлаж билээ.

- Чамайг монголын циркэд анхны "хос нугаралт"-ыг эхлүүлж байсан гэж сонссон.
- Уран нугаралт хоёр төрөл байдаг. Урагшаа нугаралт, арагшаа нугаралт. Өнгөц харахад адил юм шиг хэрнээ их ялгаатай.  Тэр үед нугарч байсан Оюунчимэг эгч урагшаа нугарахдаа сайн байхад, би арагшаа нугарахдаа илүү байх жишээтэй. Яг үүн дээрээс л Т.Цэнд-Аюуш багш, Л.Наранцэцэг бид 2-ыг хос нугаралтад бэлтгэсэн.  1973 онд анхны хос нугаралтын үзүүлбэр үзүүлж, үнэхээр шуугиан дэгдээсэн дээ. Энэ бол багшийн минь анхны том бүтээл, цаашид Монголын уран нугараачид дэлхийн тавцанд үнэлэгдэх эхлэл нь болсон юм шүү.

Ганцаарчилсан нугаралтаас хос нугаралт руу шилжсэн нь үнэхээр том дэвшил болсон байх. Энэ нь чамд амжилт, хариуцлагын аль алиныг нь авчирсан болов уу?
-Тийм ээ! Хос нугаралт тэр цагаас Монголын циркийн хамгийн үнэтэй үзүүлбэр болсон. Мэдээж амжилт, алдар хүнд аль аль нь ирж байсан. Тэр үед би МУИС-д суралцаж байлаа. Хэдийгээр олон тоглолттой байсан ч надад ямар нэгэн хөнгөлөлт байгаагүй. Тэр үед, бүх л зүйл яг л ном журмаараа байх ёстой гэдэг зарчим байлаа. Улсын төлөвлөгөө биелүүлэх гээд 18 аймгийн бүх сумдаар явж тоглосон. Эхлээд "Зил-130" машинаар, дараа нь "ПАЗ" автобусаар, сүүлд нь галт тэрэг, онгоцоор хүртэл явж байв. Хаа ч тоглолтоор очсон эхлээд л билетээ зарна.  "Хүүхэд 3 төгрөг, том хүн 5 төгрөг билетээ аваарай" гээд л хашгирч өгнө. Тэгээд үзвэр эхлэхийн өмнө билетээ тасална. Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хийх ёстой ажлаа хийцгээдэг байлаа. Бага байсан болоод нуруугаа хайрлах, хамгаалах ч гэж мэдэхгүй. Хэзээ ч өөрийгөө "зовж байна, зүдэрч байна" гэж бодож байсангүй. Хүн ер нь дуртай ажлаа хийж байхдаа л аз жаргалтай байдаг. Тэр үед намайг МАХН-д орлогч гишүүнээр элсүүлсэн юм. Тэр үеийн зарчмаар уран бүтээлч хүнийг зөвхөн уран бүтээлээр нь биш, улстөрийн идэвхээр нь их дүгнэнэ. Лекц, сонсголын ирц, намын их бүгд хурлуудын товчлол, за тэгээд элдэв хяналт шалгалт мундахгүй. МАХН-д орлогчоор элсүүлсний дараа намайг циркийн урансайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга болголоо. Ажлынхаа хажуугаар байнга л бичиг цаастай зууралдаж, элдэв орчуулга хийнэ. Гэвч алив зүйлийг яг л ном журмаар нь хийх ёстой гэсэн хүмүүжил минь намайг энэ бүхэнд төвөгшөөлгөж байсангүй.

Урмыг нь хугалахаар...

-Мэдээж хүн дуртай ажлаа хийж байхдаа бага сага бэрхшээлийг тоодоггүй. Түүгээр ч зогсохгүй олон зүйлийг хүсч мөрөөдөж, түүн рүүгээ тэмүүлж байдаг.
-Тийм шүү. 1979 онд МУИС-ийн оросxэлний ангийн оюутнууд ОХУ-д дадлага хийдэг байсан жишгээр намайг Свердловскт суралцаж байхад, Москвад болох тоглолтод дуудлаа. Шалгалтуудаа урьдчилж өгчихөөд Москвагийн тоглолтод очиж оролцсон. Энэ тоглолтыг үзсэн Латин-Америкийн төлөөлөгч, зөвхөн хос нугаралтыг Латин-Америкт тоглох олон улсын циркийн тоглолтод урьсан байв. Харин энэ урилга бөөн асуудал үүсгэлээ. Социалист монголын уран нугараачид анх удаа хөрөнгөтөн, империалист гүрэнд худалдааны шугамаар олон сар  тоглох болсон учраас...

-Тэр үед ийм асуудал МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэс, НАХЯ-ны хяналт доор шийдэгддэг байсан байх шүү.
- Тийм ээ! Бөөн л юм болсон. Бид 2-ын үзүүлбэрийг Соёлын Яамны уран сайхны зөвлөл, МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтсээр хэлэлцээд л, хөрөнгөтөн оронд социалист орны жүжигчин биеэ хэрхэн авч явах тухай, бусадтай хэрхэн харилцах тухай бөөн л зааварчлага. Тэр ч байтугай НАХЯ-ны төлөөлөгч, надтай ганцаарчлан уулзахдаа "Чи найз залуутай юу?Хэрэв хөрөнгөтөн орны залуу чамайг сонирхвол чи яах вэ?"  гэхчилэн асуусан.
Нилээд асуудал болж байж, бид 2-той хамт испани хэлний орчуулагчаар Эрдэнэчимэг гэдэг бүсгүйг хамт явууллаа.

-Энэ тоглолт ямар орнуудад болсон юм бэ?
- 1981 оны хавар Уругвай, Аргентин, Бразилд нийтдээ 6 сар аялан тоглосон. Бид 2 -т өдрийн 20$-ын цалин өгнө. Харин улс болохоор бид 2-ын нэг тоглолтоос 200$-ын гэрээ хийсэн байсан юм билээ. Гэтэл өдөрт 2-3 удаа тоглох ёстой.  20$ оороо өдрийн хоол авах төдий. Анх удаа гадаадад тоглож, $ авч үзэж байгаа хүн чинь хоолоо хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө гэрийнхэндээ бэлэг авахыг л бодно. Их ч юм үзсэн, бас их ч гүрийсэн. Харин бид 2-ын нугаралтыг их сонирхож, маш өндрөөр үнэлж, шуугиж, бахархаж байлаа. Тэр үед Латин-Америкийн үзэгчдийн хувьд монголын уран нугаралт үнэхээр л "гайхамшиг "тай үзүүлбэр байсан.
Бид 2 залуу байсан болохоор тоглолт дуусгаад орчуулагч "хянагч"-ийн хурц хараанд дор, шууд л өрөөндөө ордог. Хүмүүстэй бараг л харьцахгүй. Одоо бодоход их л өрөвдөлтэй, инээдтэй санагддаг юм.

-Мэдээж хөрөнгөтөн орны үзэгчдэд үнэлэгдсэн болохоор Монголдоо буцаж ирээд магтагдав уу?
-Бид 2-ыг Латин-Америкаас буцаж ирэхэд хүмүүс янз бүрээр л үнэлж, ярьж байсан. Харин шагналын хувьд ямар ч чимээгүй өнгөрсөн л дөө.
Нэг өдөр циркийн дарга өрөөндөө дуудлаа. Яваад орсон чинь костюмтай 2 хүн сууж байна. Арай ахмад нь над руу хандаж "Чи Латин-Америкт тоглолтоор явж байхдаа Монгол Улсын нэр хүндтэй байгууллагын нэр хаягийг хөрөнгөтөн орны хүнд өгсөн байна" гэж буруутгадаг юм. Би үнэхээр гайхсан. Тэр үед ч, олон жилийн дараа, одоог хүртэл энэ гүтгэлэгийн учрыг олоогүй. Хожим сонсоход, тэр тоглолтыг үзсэн хөрөнгөтөн орны хэн нэгэн Монгол Улсын циркийн хаягаар ил захидал явуулсан юм шиг л ойлгомжгүй яриа сонсогдож байсан.
Би тэр хүнд " Бид тэр тоглолтод оролцохдоо Монгол Улсын циркийн жүжигчид гэж албан ёсны нэрээр явж, энэ л нэрээр зарлуулж байсан шүү дээ" гэж учирлаад ч тусыг эс олов. Хариуд нь баахан загнуулаад тэр өрөөнөөс уйлаад л гарч билээ.

-Миний мэдэхийн тэр үед "социализмын үзэл суртал", " хөрөнгөтний үзэл суртал" хэмээх харгалдаан байж, энэ чиглэлээр НАХЯ их ч сайн ажиллаж, өө сэв бүхнийг "хувьсгалт лантуу"-гаар хайр найргүй цохиж байсан үе бий.
- Үнэхээр гомдолтой байсан. Тэгээд намайг буруутган зэмлэж, гадаадад тоглох эрхийг нь 3 жилээр хасах шийдвэр гаргасан даа. Яг үнэндээ ямар буруу хэрэг хийгээд, яагаад ийн шийтгэгдэх болсноо ч ойлгоогүй. Дотор бачуурч, гомдсондоо уйлахаас өөр яаж ч чадахгүй, "дарамт"-ын дор байлаа шүү дээ. Хамгийн аймшигтай нь энэ мөчөөс хойш би циркдээ "гадны хүн" болж хувирсан явдал. Хүн болгон л зай барьж холдоно. Дотно сэтгэлийн харилцаа, найз нөхдийн нөхөрлөл үгүй болсон. "НАХЯ-нд асуудалтай хүн" гэдэг ойлголтоор шүү дээ.
Нэг ёсондоо миний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийг энэ үе л жинхэнээр хугалсан даа. Надад таагүй хандаж, шинэ юм хийх хүсэл боломжийг хааж, өчүүхэн шалтаг бүхэнд буруутгах нь ямар аймшигтай гээч.  Энэ хандлага нь хүсэл мөрөөдөлдөө нисч явсан намайг, аймхай хулчгар хүн болгон хувиргасан юм.

-Энэ үед аав чинь НАХЯ-ны чиглэлээр ажилаж байсан гэсэн. Энэ асуудалд аав тань яаж хандсан бэ?
Ж.Э - Эхлээд айгаад аавдаа энэ тухай юу ч яриагүй. Нилээд хэд хоногийн дараа аргагүйн эрхэнд аавдаа энэ тухайгаа ярилаа. Аав минь гайхан бухимдаж, учрыг нь тодруулахаар нилээд олон хүнтэй, тэр дотроо НАХЯ-ны сайд байсан Б.Дэжид гуайтай хүртэл уулзсан гэсэн. Яг учрыг хэлэхийн оронд "Ямар нэгэн асуудал байх нь байгаа" гэх хариултаас өөр юу ч олж мэдээгүй. Аргаа барсандаа аав минь "Миний охин яг юу болсныг нуулгүй үнэнээр ярьчих" гэж хүртэл хэлж байсан гээд бод доо.
Энэ бүхнээс би нэг л зүйлийг маш сайн ойлгосон... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top