Дээврээ даахтай нэг нь харьд шигшигдээд гарчих юм даа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Дээврээ даахтай болсныг нь цэрэгт татаад явчих юм... гэдэг шиг л монгол залуус нас бие тэгшрэхээрээ л харийн улсыг зорих болжээ. Жилийн жилд тэд минь БНСУ-д ажиллах хүч болон илгээгдэж, сарын 1000 ам.долларын төлөөх ажлын байрны дайнд мордож байна. Манай улс 2005 оноос хойш залуусаа Солонгос улс руу илгээж түүнээс хойш 20-иод мянган хүн хөдөлмөрийн гэрээ байгуулан тус улсад ажиллаж байна гэсэн тоо гарсан. Энэ бол бага тоо биш. Энэ жил л гэхэд үүн дээр 3000 эрүүл, монгол залуу тус улсыг зорихоор өдөр шөнөгүй Солонгосын элчин, ЦЕГ-ын үүдэнд хонож өнжсөөр байна. Энэ байдлыг дагаж дарааллыг дамлан наймаалах худалдаа цэцэглэж, "эрүүл" гэсэн бичиг авахаар эмнэлгийн үүдэнд зогсох эрчүүдийн цуваа, хэрэгт холбогдож, ял шийтгэл эдлээгүй гэдгээ баталгаажуулахаар ЦЕГ-ыг сахих уртын урт дараалал ч эрчүүдээр дүүрэн байх ажээ. Арга ч үгүй биз. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийг бус, эрчүүдийг илүү авна гэдгээ нөгөө тал мэдэгдсэн. Жилээс жилд л эмэгтэйчүүд ийн тус улсыг зорих боломж багасаж байгаа нь нууц биш. Даанч хайран. 18-39 насны ял шийтгэл эдлээгүй, суурь өвчин эмгэггүй, эх орноосоо гарах эрхээ хасуулаагүй зэрэг өндөр шаардлагад нийцсэн залууст Солонгос улсын үүд хаалга “welcome to”. Бид ийм л 20 гаруй мянган залуусаа 2005 оноос өдгөөг хүртэл Солонгос улсын хөгжил цэцэглэлтийн төлөө гар биеэ үл хайрлан зүтгэхийг зөвшөөрсөөр байна. 700 доллараас л цалин нь эхэлдэг гэсэн шүү дээ, залуус аа.  Ийм хэмжээний мөнгөнөөс болж эрүүл мэнд, эх орноо гаргуунд нь гаргаж болно гэж үү. Тус улсад арав гаруй жил ажиллаж амьдарсан нэгэн найз минь хэлж байсныг санаж байна. "Гурван жил туйлдталаа ажилласны минь хөлсөнд өгсөн мөнгөө буцаагаад л авчихдаг газар даа. Болдогсон бол ганц хоёр жилээс хэтрэлгүй эх орондоо ирсэн нь дээр юм билээ" гэж байсан сан. Үнэхээр бие өвдөх л юм бол гурван жил ажиллаад олсон мөнгө энд цаас болон хувирдаг гэдгийг тэрбээр хэлсэн. Гадаад улс руу л гарч байвал мөнгөтэй болж сайхан амьдарна гэсэн бодолтой залуусын буруу даанч биш ээ. Жил бүр манай улсад 100 гаруй их дээд сургуулийг мянга мянган залуус төгсөн гарч байна. Эдгээр залуусаас арай дөнгүүр нь өөрийнхөө ажлын байрыг төвөггүй олчихдог бол, ах дүү танил талаараа нөгөө хэсэг нь ажилтай болдог.  Харин үлдсэн хэсэг нь нөгөө л ажилгүйчүүдийн эгнээнд элсдэг. Энэ нь манай улсад ажлын байр хомс, барилга, сантехник, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай зэрэг нийгмийн тэргүүлэх салбартаа шинэ залуу боловсон хүчээ үнэлж оруулахгүй байгааг гэрчилж байгаа юм. Харийг зорьсон залуус ийм л ажил хийж, эдгээр салбарт нь л хүч болон дайчлагдсаар байгаа шүү дээ. Бид харийг зорих хэрэг байна уу.  Одоо л бид эдгээр эрүүл монгол залуусынхаа хүч бярыг төр улсынхаа үйл хэрэгт ашиглах цаг нь нэгэнт ирсэн биш үү. Хүүхдээ тэвэрч үлдсэн охид бүсгүйчүүд, хүүгээ хүлээж үлдэх хөгшин настайчуудыг нь манаж харь нутгаас гадны харчуул ирж эх орон, ажлын байр, монгол гэрийн хоймрыг дүүргэх нөхцөл бүрдэж байгаа нь харамсалтай. Энэ л бодлого нь Үндэсний аюулгүй байдалд харшилж хэл, соёл, цус, хүйс эрлийзжих үндэс болж байна гээд хэлчихвэл буруутахгүй болов уу.1990-ээд оноос манай улсад жендерийн тэгш эрх гэх шинэ үг, өгүүлбэр бидний ярианд хүч түрэн орж ирсэн. Одоо л энэ үгийн утга ойлгогдож, жинхэнэ байраа олж байх шиг. Харийн нутагт ажиллаж, сардаа хэд гурван төгрөг илүү авах, юм үзэж нүд тайлах нь эцэг эх, гэр бүлийнхээ амьжиргаанд тус нэмэр болдог л байж. Гэхдээ үүнийг дагасан хар толбо монгол төрийн зүрхэнд үүсэж байгааг сануулъя. Манай улсын гэр бүл салалт, хүүхэд өнчрөлтийн нэлээд хэсэг нь Солонгост ажиллах хүч илгээх болсонтой холбоотой үүсэж, нэмэгдэж байгааг манайдаа л гэр бүл судлалаар нэрийн хуудас болсон эрхмийн судалгаа баталдаг. Хэзээ ч билээ нэгэн эрхэм хүний хэлж байсан үгийг санаж байна. Тэрбээр эх орны минь хилийн дээс эхнэр бүсгүйчүүдийн минь эмзэг хүйсний амсар дээгүүр татагдсан байна гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаас харахад Монгол Улс, эх орны минь торгон хилийн дээс эрчүүдийн минь ханхайн суух орон гэрийн хойморт зурайж байна. Дээврээ даахтай нэг нь харьд шигшигдээд гарчих юм даа.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top