С.Ламбаа сайд аа, жил бүр 30 мянган хүнээ алж устгах нь төрийн бодлого юм уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02


 

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Нэг үеийг бодвол Монголын эдийн засаг өсч байна. Газар доорхио ухаж ашигласнаар эдийн засгийн өсөлт ирэх онд 12 хувьд хүрнэ гэж зарим судлаачид үзэж байгаа. Цаашдаа ч өснө. Хүн ам олонтой, эдийн засгаа зөв залж чадсан улс орнууд хурдан хөгждөг гэдэг. Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам харьцангүй цөөн, сийрэг суурьшилтай улс орон хэдийгээр байгалийн их баялагтай ч дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө, мөнгөний эргэлт харьцангуй удаан тул хөгжил нь аяндаа саармагжиж, саараад байдаг ажээ. Хүн амын нягтаршил сайтай газарт бараа таваарын эргэлт хурдан учраас эдийн засаг нь амархан босоод ирдэг гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Тиймээс хүн амаа хурдтай, тогтвортой өсгөх нь чухал болжээ. 1990-ээд оны эхээр дэлгүүр худалдааны лангуун дээр давс, ногоон цайнаас өөр бараагүй шахам болж, хүнсний бүтээгдэхүүнээ картаар олгож байлаа. Хүндхэн энэ он жилүүдэд эхчүүд, эмэгтэйчүүд маань жирэмслэх, хүүхэд төрүүлэхээс үнэндээ эмээдэг, болж л өгвөл өрх гэрт нь шинэ хүн мэндлэхгүй байхыг хүсч байв. Тиймээс ч эхчүүдийн төрөлт эрс буурсан байв. Харин одоо бол арай өөр болсон. Гудамж талбайд жирэмсэн эхчүүд харьцангуй олон тааралдана. Энэ нь өдөр тутмын ажиглалтаас хэнд ч илт. Мөн статистик тоон үзүүлэлтүүд үүнийг нотлоод бас байгаа юм. Харамсалтай нь эхчүүдийн үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөөр ямар аймшигтай эмгэнэлт явдал тохиолдож буйг анзаардаг, үүний төлөө санаа нь зовж, төр засагтаа хандах эх оронч сэтгэлтэн тун ховор байна. Албан ёсны судалгаагаар өнөөдөр манай 1000 эмэгтэй тутмаас 200 нь үр хөндүүлж байна. Б.Болдсайхан эмчийн тооцоолсноор жил бүр дунджаар 30 мянган хүүхэд абортоос болоод “цаазлуулан” устгагдаж  байгаа гэнэ. Ардчилал руу хөл тавьсан 20 жилд 600 мянган хүнээ устгасан болж таарч байна. Хэрвээ тэдгээр эхчүүд хүүхдээ эсэн мэнд төрүүлж, өсгөсөн бол өнөөдөр 3,3 сая хүнтэй болоод байх байж. 2015 он гэхэд 4 саяулаа болох байж дээ. Тэгсэн бол ямартай ч барилга барих, зам тавих, нүүрс олборлох зэрэг томоохонд ажилд Хятадаас хүн урьж ирүүлэхдээ тулахгүй байсан юм. Гадаадад гарч ажиллах нь ажилладаг л юм байгаа биз. Тэглээ гэхэд наанадаж барилгаа барьчих хүнтэй байх байжээ. Үүнээс үүдээд бас нэг хачирхалтай юм дуулгахад зарим дарга нар маань “Монголчууд баялаг ихтэй. Удахгүй чинээндээ тултал хөгжих болно. Тиймээс бид өөрсдөө хар бор ажил хийх биш, харин гаднаас ажиллах хүч оруулж ирээд хамаг юмаа хийлгэнэ” хэмээн мэдэмхийрсэн байна лээ. Үгүй дээ. Тэгдэг юм биш. Өнөөдөр Өмнөд Солонгосын  залуучууд ажил мэдэхгүй, дэмий л зугаа цэнгэл хөөцөлдлөхөөс өөрийг хийхгүй байгаадаа гутарцгааж байна. Тэнд дэлхийн 20 шахам улсаас хүмүүс очоод хамаг юмыг нь хийж өгч байгаа. Монголчуудаас тэнд 30-аад мянга байна. Тэднийгээ эх оронд нь ирүүлэх гэхээр хэр барагтайд хөдлөхгүй шинжтэй. Монголдоо үлдсэн  эхчүүд маань үр зулбуулах эм хэрэглэж, аборт хийлгэн хүн алцгааж байна. Амьдралын аар саар бэрхшээлээс болоод зарим нь ийнхүү аллага үйлдэх болжээ. Зарим бүсгүйчүүд, эхчүүд хүсээгүй жирэмслэлтээс болоод ийм аллагыг  санаачилж, төрөөс түүнийг нь дэмжиж байна. Тэдэнд ариун тангараг өргөсөн эмч нар гар сунган тусалж, хүүхдийг нь алж өгч байгаа гээд та бод л доо. Гиппократын үеэс эхлэн өдгөө хүртэл эмч нар “Бусдад бүү гэм хор хий...” хэмээн тангараг өргөсөөр ирсэн биш билүү. Тэгвэл залуухан хосууд эмэгтэйчүүдийн гэх хувийн эмнэлэг рүү хөтлөлцөн явж очин, тэнд ажиллаж байгаа эмчээр хүүхдээ хөнөөлгөөд юу ч болоогүй мэт инээд алдсаар гэрийн зүг алхацгааж байна. Зарим нь Наран туул зах руу гүйж очоод ямарч баталгаагүй эм авч уун хэвлийдээ бүрэлдэн торниж буй хүүхэдтэйгээ хамт өөрөө талийгаач болох тохиолдол ч гарч  байгаа шүү дээ. Хүүхэд төрүүлэх боломжгүй хүмүүс Монголд бас зөндөө олон бий. Саяхны нэгэн судалгаагаар монголчуудын 46 хувь нь сэтгэцийн ямар нэг асуудалтай гэж гарчээ. Энэ бол хүүхдийг алж устгаж байгаагаас бараг ялгаагүй аймшигт мэдээ юм. Үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж эхэллээ гэсэн үг. Сэтгэцийн эмгэг удамших талтай учраас тэр шүү дээ. Хүн амынхаа ийм хэсгийг гойд анхаарч хүүхэд төрүүлэхийг нь хязгаарлахаас өөр замгүй. Тэдэнд зориулсан абортыг бол харин хэвээр үлдээж болно. 

 Одоогоос 90 гаруй жилийн өмнө гадаадын эрдэмтэд Монголыг сөнөн мөхөж байгаа ард түмэн хэмээн дүгнэж байлаа. Өнөөдөр бол огт өөр. Мөхөөгүйгээр барахгүй хөгжлийн шинэ өндөрлөг өөд цөөхүүлхэнээ ч гэсэн тэмүүлсээр байна. Энэ нь бидний заримдаа ад үзээд байдаг социализмын ач гавъяа болов уу. Социалист нийгмийн үед “Соёлын довтолгоо” гэж үзэл суртал, зохион байгуулалтын сүрхий ажлуудыг  хүн амын дунд хүчтэй явуулж байлаа. Хүн амаа  өсгөхийн тулд алдарт эхийн одонгуудыг өгч урамшуулж байсан юм. Харин энэ жилээс ийм бодлогыг дахин сэргээж буй нь тун таатай. Гэхдээ эрүүл саруул эмэгтэйчүүд аборт хийлгэхийг тас хориглох ёстой байлаа. С.Ламбаа сайд эрүүл мэндийн бодлого тодорхойлон, шинэ хууль боловсруулж гаргахдаа хийсэн нэг том алдаа нь энэ ажээ. Чимээгүй аллагыг хөхүүлэн дэмжсэнд нь хойч үе маань харуусах өдөр тохиож л таарна даа. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top