”Монос” компани мансууруулах эм зарж байсан нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02

Өвчин намдаах, тайвшруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг морфин, седуксин, люминал зэрэг эм бэлдмэл нь НҮБ-ын конвенцийн заалтын дагуу мансууруулах бодист тооцогддог.  Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх энэ төрлийн эм бэлдмэлийг зөвхөн эмчийн жорын дагуу тоо ширхгээр олгох ёстой. Гэтэл дээрх эм, бэлдмэлийг Монголын ард түмний амь нас, эрүүл мэндээ итгэн даалгадаг  “Монос”-ын ихэнх салбарт худалдаалагдаж байсан аж. Уг нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр эмээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг есөн эмийн санд олгосон ч "Моносфарм"-ынхан хууль, журмыг юман чинээ бодолгүй “том толгой” гарган дээрх эмнүүдийг худалдаанд гаргасан. Энэхүү хууль бус үйлдлийг нь илчлэхэд:  Бид хууль зөрчөөгүй ээ. Энэ бол бизнесийн нэр төрд халдах гэсэн оролдлого гэж улайм цайм гүрийж байсан цаг саяхан.  Тус групп нэрээ цэвэр авч үлдэх оролдлого хийсэн ч нэр төрөө хоёр удаа ойрхон сэвтээлээ.  
“Монос”-ын гэх энэ хэрэгт тус группийн охин компани болох “Моносфарм трейд”, “Монос Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогтыг холбогдуулж, нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хурал  өнгөрсөн зургадугаар сард болсон юм.  Түүнийг  Эрүүгийн хуулийн 193 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг худалдах журмыг зөрчсөн" нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүгчид үзэж 252 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. Энэ бол группийнхээ нэрийг сэвтээж байгаа эхний үйлдэл.  Уг нь тус группийг хууль зөрчинө гэж хэн ч санаагүй.  Бас л урам хугармаар хэрэг шүү.
Харин дараагийн нэр сэвтээсэн үйлдэл нь  бүүр ичмээр.  Хууль зөрчсөн нь багадаж, том толгойлсон “Моносфарм трейд”  ХХК-ийн   захирал Л.Алтанцогтод албадан ажил хийх нь чанга санагдаж  Монголын шүүхийн байгууллагыг буруушаасан юм. Тодруулбал анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн “Моносфарм трейд”  ХХК-ийн   захирал Л.Алтанцогт болон түүний өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан. Өнгөрсөн долоо хоногт тэдний гомдлыг тус шүүхээр хэлэлцсэн бөгөөд ялтан Л.Алтанцогт болон түүний өмгөөлөгч Ц.Цэлмэгийн давж заалдах шатанд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд ялын зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзээд 252 цаг албадан ажил хийлгэх ялыг хэвээр үлдээсэн байна.  Монгол улсын иргэн давж заалдах эрхтэй л дээ. Гэхдээ буруутай нь баримтаар нотлогдчихоод байхад дахин нэрээ сэвтүүлэн байж анхан шатны шүүхийг буруушаах хэрэг байсан уу ? гэдгийг бодмоор.  Цаг хожиж ял завших гэсэн энэ мэт оролдлого хийгээд нэмэр байна уу даа гэж хуулийнхан хоорондоо ярилцаж  байна лээ. 
Энэ хэргийн талаар тодруулахаар “Монос” группийн хэвлэлийн төлөөлөгчийн эрэлд гарлаа.  Даанч тус группт хэвлэлийн төлөөлөгч байсангүй.  Компаниа хэвлэлд төлөөлөх  үүргийг менежерүүд нь гүйцэтгэдэг юм билээ.  Менежерүүдээс нь энэ талаар тодруулга авах гэтэл би мэдэхгүй, тайлбар хийх боломжгүй, надад тэр талаар ярих эрх байхгүй, өөр хүнд хамааралтай гэж хэдэн биен рүүгээ түлхэж гурвалжин дөрвөлжин юм боллоо. Тэд нэгэн дуугаар шахам зэрэг ингэж хариулж байгааг бодоход захирал нь ам алдуузай гэж захисан бололтой хоорондоо үгсэн тохирч ганц үг амнаасаа унагасангүй ээ.  

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top