Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Ардын Хувьсгалын 105 жилийн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож байна. Үүнээс өчигдөр буюу 7 дугаар сарын 10-нд Нэгийн даваа боллоо.
Нэгийн даваанд дархан аварга 2, улсын аварга 3, улсын арслан 7, улсын гарьд 5, улсын заан 16, улсын харцага 26, улсын начин 76 оролцон барилдсанаас том цолтнуудаас улсын харцага Гэлэгжамцын Батбаяр барилдаагүй тул Архангай аймгийн Цахир сумын уугуул, залуу бөх Г.Алтангэрэлд давсанд тооцогджээ.
Сонирхолтой нь өнөөдөр эрэмбийн оноолтын дагуу энэ залуу бөх улсын харцага Г.Батбаярын төрсөн ах, дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай оноолт таарах ёстой. Архангайн залуу бөх ийнхүү ах дүү хоёртой улсын наадмын 1, 2-ын даваанд оноолт таарах юм.
Мөн улсын цолтнуудаас улсын начин Ц.Анхбаяр, Ц.Суманчулуун, С.Даваасамбуу, Б.Баатарцол, Х.Цогтгэрэл нар нэгийн даваанд унасанд тооцогджээ.
Ялангуяа ид иртэй сайхан барилдаж байгаа Ц.Суманчулуун, Х.Цогтгэрэл нар нэгийн даваанд унасан нь содон байлаа.
Нийтдээ 70 залуу бөх нэгийн даваанд багтан барилдсанаас хэрвээ өчигдрийн оноолтын дагуу оноох юм бол түрүүн өгүүлсэнчлэн залуу бөх Г.Алтангэрэл дархан аварга Г.Өсөхбаяр дээр, улсын начин Ц.Анхбаярыг давсан Говь-Алтайн залуу бөх А.Сугар-Очир дархан аварга Н.Батсуурь дээр, улсын начин Б.Суманчулууныг давсан залуу бөх Л.Энхболд улсын аварга П.Бүрэнтөгстэй оноолтын дагуу очиж таарч байна.

Сэтгэгдэл ( 0 )