Дөрвийн давааны халгам оноолтууд: Ц.Бямба-Отгон – Б.Гончигсүрэн

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос өнөө өглөө дөрвийн даваанд 128 хүчтэн шалгаран үлдээд байна.

Зүүний магнайд дархан аварга Н.Батсуурь босох бөгөөд дөрвийн давааны оноолтын дагуу хамгийн бага цолтой бөх сумын заан Б.Бат-Эрдэнэтэй барилдах болно. Сумын заан Б.Бат-Эрдэнэ бол Завханы уугуул, улсын гарьд Ш.Жаргалсайханд гурав дээр амлуулан давсан бөх юм.

Баруун магнайд улсын аварга П.Бүрэнтөгс, зүүний дагаварт улсын аварга О.Хангай, барууны дагаварт улсын арслан Ц.Содномдорж нарын зэрэг бөхчүүд гарч байна.

Аварга О.Хангайтай аймгийн начин Б.Сундуйжав, улсын арслан Б.Орхонбаяртай аймгийн заан О.Доржсамбуу нар таараад байгаа бол харин улсын арслан Ц.Бямба-Отгонтой аймгийн арслан цолны үнэмлэхээ гардаад хэдхэн хонож байгаа Б.Гончигсүрэн барилдахаар болсон нь бөхийн хорхойтнуудын хувьд нэг талдаа их сонирхолтой, нөгөө талдаа халгам барилдаан болох нь ээ. Хоёр сайхан хүчтэний хэн нэг нь цааш барилдаж, унасан нь дараа жилийн наадмыг хүлээх ёстой болно.

Өнгөрсөн жилийн түрүү бөх, залуу арслан Э.Батмагнайтай аймгийн заан Т.Батсүрэн таарлаа.

Харин гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяраар гар амар давсан аймгийн арслан Б.Шаравдорж дөрвийн нугалаагаар улсын заан Б.Пүрэвсайхантай учрав.

Улсын заан Ч.Батзоригийн хүү, аймгийн арслан Б.Дэнзэнсамбуу нугалаагаар нутгийн бөх, улсын заан Б.Бат-Өлзийтэй таарчээ.

Дөрвийн давааны халгам оноолтуудаас үргэлжлүүлэн дурдвал улсын заан С.Сүхбаттай аймгийн арслан М.Баасанжав, улсын харцага Б.Зоригтбаатартай аймгийн арслан М.Баяржавхлан, улсын начин Т.Дүгэрдоржтой аймгийн арслан Ө.Батсуурь, улсын начин Э.Мөнхжаргалтай аймгийн арслан Ц.Төмөрцоож гээд олон ширүүн барилдаан өрнөхөөр оноолт гарчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top