Монголд солирын бороо орно гэсэн мэдээлэл хүмүүсийн чихийг сортойлгоод байна. Тэр нь энэ сарын 13-нд тохиох юм байна. Энэ мэдээлэл Америкийн Сансар судлалын агентлаг буюу NASА-гийн эх сурвалж учраас зүгээр нэг шуум биш байж таарна.
Солирын бороо гэхээр тэнгэрээс баахан солир унаад ирэх юм шигээр төсөөлж байгаа хүн цөөнгүй бололтой юм. Мэдээллийн зарим сайтаар солирын бороо асгарна гэхчилэн бичсэн байна билээ. Тэгэхээр хамгийн түрүүнд ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй байх. Солирын бороо орох биш, ажиглагдана гэвэл илүү оновчтой юм шиг. Яагаад гэвэл солирын тэр үй түмэн хэлтэрхийнүүд агаар мандалд ууршиж шатаад дуусдаг.
Гэхдээ гай таарч ганц нэг нь газарт унахыг бас үгүйсгэх аргагүй юм билээ. Нөгөө талаасаа солирын бороо, солирын урсгал гээд хоёр өөр ойлголт байдаг юм байна. Харин энэ удаагийнхыг хэвлэлүүд солирын бороо гэж нэрлэж байгаа хэдий ч солирын урсгал талдаа илүү дөхүү ойлголт байх магадлалтай. Учир нь солирын урсгал зөвхөн агаар мандалд л ажиглагддаг.
Солирын урсгал ганцхан Монголд бус, дэлхийн олон оронд ажиглагдах юм байна. Гэхдээ орон орны байршлаас хамаарч газар бүрт харилцан адилгүй харагдах гэнэ. Одон орончдын хэлж буйгаар бол жил бүрийн наймдугаар сард иймэрхүү үзэгдэл ажиглагддаг гэжээ. Тухайлбал, Персеид гэдэг одны зүгээс жил бүр солирын урсгал эх дэлхий рүү чиглэж ирдэг гэнэ. Энэ жилийн тухайд Свифта-Туттля хэмээх сүүлт одны явсан замыг манай дэлхий хөндлөн туулж өнгөрч байгаа юм байна. Энэ сүүлт одыг 1862 онд Левис Свифт хэмээх эрдэмтэн анх удаа олж харжээ. Энэ сүүлт од 135 жилийн давтамжтайгаар дэлхийд нэг ойртож ирдэг ч түүний сүүлийг дэлхий жил бүр дайран өнгөрдөг онцлогтой юм байна. Энэ үеэр сүүлт одны зам дагуух сансрын тоосонцор, мөс зэрэг жижиг хэсгүүд дэлхийн агаар мандалд дунджаар 150 000 км/цагийн хурдтайгаар орж ирж шатдаг.
Свифта-Туттля хамгийн сүүлд 1996 онд бүтэн эргэлтээ хийсэн бөгөөд 2126 онд манай нарны аймагт эргэн ирнэ. Сүүлт одны явж өнгөрсөн замын дагуу хоосон орон зайн хуйлралт үүсч энд татагдсан сансрын тоосонцор гэх эгэл жижиг хэсгүүд дэлхийн агаар мандалд ууршин шатаж солирын бороог үүсгэдэг. Үүнийг заримдаа сүүлт одны үлдэгдэл хэмээн нэрлэх тохиолдол ч бий гэнэ.
Энэ зуны тухайд солирын урсгал бүр долдугаар сарын 17-ноос эхэлсэн бөгөөд энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ. Харин хамгийн оргил үе нь 12-нд тохиох юм байна. Энэ үедээ нэг цагт 60 хүртэл солир харвана. Солирын бороо нь байгалийн гайхамшигт үзэгдэл бөгөөд саргүй шөнө нэгэн зэрэг үй олон од гэрэлт зам татуулан агаар зүсэн алсрах нь сансар огторгуй өөрөө ёслолын буудлага хийж буй мэт төсөөлөгддөг аж.
Энэ нь манайхны ярьдгаар од харвахтай тун төсөөтэй бөгөөд монголчууд үүнийг нэг хүн тэнгэрт халилаа хэмээдэг. Харин харваж буй одны хойноос хүслээ шивнэж дайдаг ёс зарим оронд буй. Түүнчлэн “бурхны хилэгнэл” хэмээн нэрлэдэг байсан төдийгүй үүний дараа болсон сайн, муу үйл явдлыг солирын бороотой холбон тайлбарладаг байжээ. Европод VIII-XI зууны үед солирын урсгалыг “Гэгээн Лаврентийн нулимс” хэмээн нэрлэж Италид үүнд зориулсан наадмыг зохиодог байжээ.
Түүхэнд тэмдэглэгдсэнээр хамгийн хүчтэй солирын бороо 1833 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө болсон бөгөөд бүтэн 10 цагийн турш үргэлжилсэн хэмээжээ. Энэ хугацаанд дэлхий дээр 240 мянган ширхэг том, жижиг солир унасан гэдэг. Иймэрхүү галт бороо ямагт гай гамшиг араасаа дагуулдаг байжээ. Коран сударт хүртэл Бурханы орд Ирамыг галт бороо сүйтгэсэн тухай өгүүлдэг аж.
Сихотэ-Алинскийн хэмээн нэрлэгдсэн солирын борооноор 35 ам дөрвөлжин метр газарт 60-100 тонн хүрэх хэмжээний солир унасан баримт буй. Тэгэхээр энэ бүхнээс харвал солирын бороо нь хөнөөлт үр дагавартай байдаг аж.
Харин NASА-гийн мэдээлснээр энэ удаагийн солирын бороо манай гарагт ямар ч аюулгүй хэмээжээ. Нөгөөтэйгүүр солирын бороо гэхээсээ илүүтэй энэ нь солирын урсгал байх бололтой. Учир нь манай гараг мөнөөх сүүлт одны замыг хөндлөн гарах үеэрээ цагт дунджаар 107826 км цагийн хурдтай байх бөгөөд ийм үед агаар мандалд орж ирсэн жижиг солирууд газарт унаж амжилгүй бүрэн шатаж дуусах гэнэ.
Дашрамд сонирхуулахад, зарим солир шатаж амжилгүй бүр шингэн төлөвт шилжин газарт унаад эргээд хатуурдаг гэсэн. Европчууд солирын бороог “Гэгээн Лаврентийн нулимс” хэмээн нэрлэж байсан нь үүнтэй холбоотой байж мэдэх.
Солирын энэ бороо Монголд ажиглагдах үе нь өглөөгүүр тохиож байгаа учраас бараг харагдахгүй хэмээн мэргэжлийнхэн нотолж байна. Ер нь бол тэнгэрийн зүүн өмнөд хэсэгт солирын бороо илүүтэй болох юмдаг уу даа. Солирын бороог ажиглах нь аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн бөгөөд энэ удаад Орос, Канад, Европ руу аялагчид олноороо зорьж байгаа юм байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )