Өмнөд Солонгос, Хятадад тохиолдсон гамшигтай адил зүйл болох магадлал бий

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Сүүлийн үед өмнөд Солонгос болон урд хөршид үерийн гамшиг ар араасаа нүүрлэж байна. Манай улсаас хамгийн олон хүн амьдардаг орон бол Өмнөд Солонгос, тэнд бүрэн бус мэдээгээр 30-аад мянган монгол хүн бий гэх тоо баримт бий. Сөүл хотод өнгөрсөн сарын 27, 28-нд их хэмжээний аадар бороо орж үер бууснаар 50 гаруй хүн амиа алдаж олон иргэд гэмтэж бэртжээ. Энэхүү байгалийн аюулт үзэгдэлд өртөн амиа алдсан хүмүүсийн дотор Монголын хоёр иргэн байсан нь иргэдийг нилээд цочролд оруулсан. Харин энэ байдал намжиж амжаагүй байхад өмнөд хөршид дахин үерийн аюул болж 175 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл ирсэн. Үерт ертсөн Жөзян мужид л гэхэд 8400 барилга байшин сүйдэж 1.2 тэрбум ам долларын хохирол учирчээ. Гамшгийн үеэр Хятад улсын хэмжээнд нийт 1.6 сая хүн орон гэргүй болж 86 хүн сураггүй болсон байна. Энэ мэт байгалийн гамшиг хаяа дэрлэн орших улсуудад тохиолдож байгаа нь монголчуудад ч түгшүүр төрүүлээд байна. Түүнчлэн зарим хэвлэлээр Солонгос, Хятадад үерийн аюул авчирсан үүл Монголыг чиглэн нүүдэллэж байгаа тухай мэдээлээд байгаа билээ. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл авахаар Цаг уур, орчны шинжилгээний газрыг зорьсон юм.
Тус төвийн мэргэжилтний ярьж буйгаар “зуны хур борооны улирал олон жилийн дунджаас арай эрт эхэлж, дуу цахилгаантай усархаг ширүүн бороо орох, аянга буух, үргэлжилсэн их бороо орох магадлал өндөр байгаа. Тиймээс зэргэлдээх улс орнуудад болж байгаа гамшигтай адил зүйл болох магадлал бол бий. Харин их үер ус буух албан мэдээлэл одоохондоо байхгүй байгаа.
Нийслэлийн хэмжээнд л гэхэд энэ жилийн хувьд гэнэтийн бороо орж үер усны гамшиг тохиолдох нь элбэгшсэн. Тиймээс гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аман дээр буусан айлууд усанд автлаа гэх дуудлага эрс нэмэгдэж байна. Мөн амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын ай сав газраар иргэд олноороо амарч байгаагаас усанд живэх, согтуудаа усанд унаж амь насаа алдах зэрэг асуудал ихээр гарах болсон” гэж ярилаа.
Харин энэ наймдугаар сарын цаг уурын хувьд дулааны улирлын ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим хур бороо орох боловч энэ сард нутгийн хойд хэсгээрээ олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим, есдүгээр сард ихэнх нутгаар дунджийн орчим, өмнөд хэсгээрээ арай бага хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Мөн зуны саруудад ширүүн аадар борооноос гадна мөндөр буух, дуу цахилгаантай борооны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх нь сүүлийн жилүүдэд давтагдах болжээ. Иймд нийслэл хотын хүн амыг байгаль цаг агаарын болзошгүй болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, үерийн аман дээр буусан айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, үерийн усыг зайлуулах, хамгаалалтын далан, шуудууг сайжруулж холбогдох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар анхааруулж байсан юм.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top