Рашаант өртөө орчимд нефтийн бүтээгдэхүүний хаягдал илэрчээ

О.Должин | Zindaa.mn
11 минутын өмнө

Нийслэлийн Байгаль орчны газраас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөө орчимд шинээр баригдаж буй нефтийн бүтээгдэхүүний агуулахын ойролцоох талбайд хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар “...” ХХК-ийн эзэмшлийн талбайд нефтийн бүтээгдэхүүний хаягдал, лаг, битум зэрэг бодисыг зориулалтын бусаар хадгалсан байдал илэрсэн байна. Мөн зарим хэсэгт бодис асгарч, газрын хөрсөнд шингэсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн талбайд хаяг, шошго нь тодорхойгүй бодис агуулсан савнууд байсан бөгөөд газар шорооны ажил гүйцэтгэж байсан нь шалгалтаар илэрсэн байна.

Илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан Экологийн цагдаагийн алба болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдэд мэдээлж, газар дээр нь үзлэг хийжээ. Үүний хүрээнд хөрс болон холбогдох цэгүүдээс нийт 11 дээж авч, шинжилгээнд хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд заасан “Байгаль орчныг бохирдуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top