Алслагдсан анги, салбарт 5 жил ажилласан алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

О.Должин | Zindaa.mn
16 минутын өмнө

Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг иргэд, алба хаагчдад танилцууллаа.

Тэрбээр алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан шийдвэрийг онцолсон юм.

Тодруулбал, алслагдсанд тооцогдох анги, салбарын тоог нэмэгдүүлж, тухайн анги, салбарт тав ба түүнээс дээш жил тасралтгүй алба хаасан офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал авах боломж бүрджээ.

Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдээлэв.

Энэхүү шийдвэр нь алслагдсан анги, салбарт олон жил тогтвор суурьшилтай ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, тэдний нийгэм, эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг орон нутагт тогтвортой ажиллуулахад чиглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top