Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай мэдээлэл Японы хэвлэлд гарсаар байна. “Майничи” сонин саяхан энэ талаар дахин нийтэлжээ. Япон, Америк, Монгол улсын хооронд гурван талт гэрээ, томоохон төлөвлөгөө хийгдсэн талаар өгүүлсэн нь монголчуудыг цочрооход хүргэв. Гэвч Гадаад харилцааны яамнаас үүнийг эрс няцаалаа. Г.Занданшатар сайд “Ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй. Хийх ч учиргүй. Монгол улсын цөмийн энергийн тухай хуулиар ч, бодлогын хувьд ч гэсэн хог хаягдлыг тээвэрлэх, оруулж ирэх боломжгүй. Энэ гэрээг нууцаар хийж, одоо зөвхөн үзэглэх дутуу байгаа гэсэн байсан. Ийм гэрээ хэлцэл хийгдээгүй” гэлээ. Тэгвэл Озоны үндэсний албаны захирал, доктор профессор Ц.Адъяасүрэн “Энэ асуудлыг би олон жил судалж байгаа. Дээр үеэс манайд цөмийн хаягдал булшлах талаар яригддаг л байсан. Намайг Засгийн газрын гишүүн, сайд байхад надаас ийм зүйл асууж байсан тохиолдол бий. Тэгэхэд нь би хэзээ ч ийм зүйл байж болохгүй гэж хэлж байлаа. Цөмийн хаягдал бол маш аюултай. Бүр онц аюултай гэсэн ангилалд багтдаг юм. Бид цөмийн хаягдал булах юм бол газар доороо цөмийн бөмбөгтэй боллоо л гэсэн үг. Гэтэл Япон, Америкийн хүмүүс санал тавьж байна. Би нэрийг нь хүртэл мэднэ. Гэхдээ тэрийг яриад яахав. Энэ саналыг хэзээ ч хүлээж авч болохгүй” гэсэн юм. Тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа цөмийн хаягдлын талаар олон зүйлийг уншиж судалж байжээ. Тиймээс ч энэ чиглэлээр гарч ирж буй сүүлийн үеийн мэдээллүүдэд дүгнэлт хийж, тэрхүү гэрээ хэлэлцээр хийх гээд яваа Америк, Японы албаны хүмүүсийг сайн мэддэг болсон бололтой. Тэр одоогоор нэрийг нь хэлэхээс татгалзаж байгаа нь “Цаг нь болоогүй” гэсэн хэрэг болов уу. Юутай ч Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын дээрх мэдээллийг няцааж буй ажээ. Мөн Ц.Шинэбаяр гишүүн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хаягдал цооногууд болон Бүрэнцогтын уурхайд гадаадынхан цөмийн хаягдлаа авчирч булах гэж байна” гэсэн юм. Тэрээр огт үндэслэлгүй юм ярьж олныг шуугиулах, улс төрийн хор найруулах зорилго өвөрлөөгүй бололтой. Эдгээр уурхайг социализмын үеэс одоо болтол ашиглаж байгаа. Гэхдээ тэнд ашиглалтгүй болж үлдсэн хуучин нүх элбэгтэй тул Япон, Америк зэрэг орны доншуучид нь цөмийн хаягдал булах боломжтой газар хэмээн үзэж, хөөцөлдөж эхэлсэн нь энэ ажээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )