Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

О.Должин | Zindaa.mn
53 минутын өмнө

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм I багийн нутаг, “Наран саран” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны 16:00 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус газар нь аймгийн төвөөс 90 км, Мөнххаан сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-ийн зайд оршдог байна.

Аврагчид болон мэргэжлийн ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, түймрийг есдүгээр сарын 18-ны 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан болон Баруун-Урт сумын мэргэжлийн ангийн нийт 89 алба хаагч, 17 автомашин, техник хэрэгсэлтэй оролцсон байна.

Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт нийт 8400 га талбай өртөж, шатсан бөгөөд түймрийн шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top