Баянзүрх дүүрэг 2026 оныг “Иргэн төвтэй соёл, хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний хөгжил рүү чиглэсэн олон хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь англи хэлний багш нарын хэлний мэдлэг, заах ур чадварыг ахиулах “C1 ТЭМҮҮЛЭЛ” төсөл юм. Энэ хөтөлбөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханы санаачлан хэрэгжүүлж буй “Боловсрол-Ирээдүй” хөтөлбөрт багтаж байгаа.
“C1 ТЭМҮҮЛЭЛ” төсөл өнгөрсөн зун хэрэгжиж Баянзүрх дүүргийн англи хэлний 20 багш Филиппин улсын Себү аралд байрлах, хэлний сургалтаар мэргэшсэн, олон улсын стандартад нийцсэн системтэй, үр дүнд чиглэсэн сургалтын хөтөлбөрөөрөө онцлог PHILINTER EDUCATION CENTER боловсролын байгууллагад 28 хоногийн хугацаанд сургалтад хамрагдсан.
Өнөөдөр тус академийн удирдлагууд болон багш нар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч нар, Засаг дарга хүрэлцэн ирж хөтөлбөрийн тайлантай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан “Хөтөлбөрт хамрагдсан багш нар ирээдүй болсон хүүхэд багачуудад мэдлэг, ур чадвараа түгээх нь чухал” гэдгийг онцолсон бол Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс энэхүү хөтөлбөрийг цаашид илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн хэллээ.
“C1 ТЭМҮҮЛЭЛ” төсөлд хамрагдсан багш нарын ур чадвар 2-3 түвшнээр нэмэгдсэн бодит үр дүн гарсан гэдгийг тэд хэлж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран Филиппин Улсад суралцсан зүйлсээ дүүргийнхээ багш нарт хуваалцахаар бүтэн жил хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )