Нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

О.Должин | Zindaa.mn
36 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас өнөөдөр буюу есдүгээр сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа.

Өнөөдөр Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сум, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн зүүн болон Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно.

Мөн Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур:

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12°C
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24°C
  • Бусад нутгаар +13...+18°C дулаан байна.

Улаанбаатар хотод

Улаанбаатар орчимд үүлэрхэг, бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө +9...+11°C дулаан байна.

Иймд жолооч, иргэдийг өндөрлөг болон даваа гүвээтэй замд зорчихдоо халтиргаа гулгаанаас сэрэмжилж, замын нөхцөлд тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top