Монгол Улсын эрүүл мэндийн салбарын инновац, технологийн хөгжил, шинэ дэвшлийг нэг дор танилцуулдаг томоохон арга хэмжээний нэг болох “Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэн 2026” өнөөдөр эхэлж байна.
Эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, инновац, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ шийдлүүдийг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус үзэсгэлэн дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
“Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэн 2026”-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар оролцож, эрүүл мэндийн даатгалын цахим шилжилт, иргэдэд хүрч буй шинэ үйлчилгээ, технологийн шийдлүүдийг олон нийтэд танилцуулж байна.
Энэ үеэр ЭМДЕГ-ын зүгээс даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн eDaatgal аппликейшн, мөн иргэдийн санал, хүсэлт, гомдол, хяналтын оролцоог дэмжих Иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийн хэрэглээ, боломж, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Мөн иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах, шимтгэл төлөх, даатгалын үйлчилгээг цахимаар авах, эрүүл мэндийн даатгалаар санхүүжих тусламж, үйлчилгээний төрөл, нөхцөл, хүртээмжийн талаар газар дээр нь мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Эрүүл мэндийн технологийн хөгжил нь зөвхөн эмчилгээ, оношилгооны шинэ арга технологиор хязгаарлагдахгүй бөгөөд иргэн бүрд хүрэх мэдээлэл, үйлчилгээний хүртээмж, цахим шийдэл, хэрэглэгчийн оролцоог сайжруулах өргөн хүрээний шинэчлэл юм.
Энэ хүрээнд ЭМДЕГ нь иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, хялбар хүргэх, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, даатгуулагчдын эрх, оролцоог дэмжих чиглэлээр өөрийн хөгжүүлж буй технологийн шийдлүүдээ танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )