117 салбар бүхий “Миний дэлгүүр” нь нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг. Харамсалтай нь энэ дэлгүүртэй холбоотой хэл ам тасрах нь битгий хэл нэмэгдсээр байна. Өттэй памперс, хорхойтой будааны хэрэг намжаагүй байтал дахиад л нотой болох нь тогтоогдлоо.
Саяхан гэрийнхээ ойролцоох Миний дэлгүүрийн салбараас худалдан авалт хийгээд явж байхад үүдний хэсэгт нь хэрүүл маргаан болж би ийм, чи тийм, хулгайч, гахай нохой зэрэг хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ дайрч доромжилж байх юм. Тус дэлгүүрт ажилд ороод удаагүй нэгэн охин хулгайчаараа дуудуулж, ах эгч нь дүүгээ өмөөрч маргаан дэгдээжээ. Учрыг тодрууллаа. Энэ сүлжээ дэлгүүрийн хамгийн их ачаалалтай ажилладаг хүмүүс нь кассны ажилчид. Кассын ажилчин бүр ажлаа дуусаад шууд хамгаалагчид мөнгөө тушаагаад, биеэ нэгжүүлж, мөнгө хулгайлаагүй гэдгээ баталгаажуулдаг. Хэрэв кассын орлогоос дутсан тохиолдолд тухайн ажилтны цалингаас хасдаг. Дутсан мөнгө нь 10,000 болон түүнээс их бол хамгаалагч нар нь хөөрхий кассын ажилтанг хулгайч хэмээн гүтгэж дарамталдаг байна. Уг нь хамгаалагч нь орлогоо тоолж авчихаад, хувцас, цүнх гээл бүх зүйлийг нь нэгжчихээд хулгайчаар дуудна гэдэг байж боломгүй асуудал. Халагдсан охины яриагаар бол шинэ ажилтнууд энэ мэт шалтгаанаар хэлмэгдэн ажлаасаа гарах нь цөөнгүй байдаг гэнэ.
Энэ дэлгүүрийн бүх ажилчид шинэ, хуучин гэлтгүй дарамтлуулдаг дүрэмтэй. Өөрөөр хэлбэл хугацаа нь дуусах дөхсөн борлуулалтанд тохирохгүй бүтээгдэхүүнийг (цохигдсон жимс, гэссэн зайрмаг гэх мэт) хямд үнээр борлуулдаг. Борлогдохгүй бол ажилчиддаа шахдаг.
Хамгаалагчийн эсвэл худалдагчийн буруугаас бараа бүтээгдэхүүн дутсан тохиолдолд үйлчлэгч, кассчин зэрэг бүх ажилчидынхаа цалингаас мөнгө татаж зарлагаа нөхдөг байна. Тэгэхээр зардагаа хэд дахин нөхөөд авчихаж байгаа биз.
Ажилчдаа “шулах” нь багадаад хүнсний бүтээгдэхүүний кг тус бүрээс 100 грамм сождог болох нь илчлэгдсэн юм. Тодруулбал тус дэлгүүрээр үйлчлүүлсэн бүсгүйн бараа “сэжигтэй” байсанд жигнэж үзсэн байна. Бар кодон дээрээ 500 грамм гэж байсан бараа 400 грамм байсанд үйлчлүүлэгчийн эгдүү хүрчээ. Улмаар туханй салбарт байсан ихэнх кг-аар бүтээгдэхүүнийг жигнэж үзэхэд хамгийн багадаа 50 грамм дутаж байсан юм. Өнгөрсөн он жилүүдэд тус супермаркет хэрэглэгчийн халааснаас хичнээн тэрбум төгрөгийг боловсноор “хумсалсан” бол гэж бодоход аймшигтай. Энэ тухай “Миний дэлгүүр”-ийн удирдах ажилтнаас лавлахад: Кг-ийн бараанаас дутсан явдал ч яах вэ. Аргалж болох юм. Үүнээс хойш хүмүүс худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө жинлэж үзээд авахад асуудалгүй. Харин өттэй памперс, хорхойтой будааны хувьд гэвэл өөр хүмүүсийн явуулга л байх. Ер нь будаа чинь угаасаа хорхойтой амьтан шүү дээ. Манай Монголчууд тариалангийн хүмүүс биш болохоор мэдэхгүй л дээ” гэж хариуллаа.
Хавраас энэ сүлжээний менежерээр рок Мөнхсайхан ажиллаж хэд хэдэн ашигтай байрлалуудад шинэ салбарууд нээлгэж тэдгээрийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд сайжруулах тал дээр санаа тавьдаг болсон гэсэн. Харин энэ бүх алдаа дутагдал шинэ менежментийн үр дүн үү угаасаа баримталдаг дүрэм нь үү гэдгийг тус сүлжээ дэлгүүрийн дарга нараас асууя даа. Аягүй л бол дотоод асуудал болохоор хэлэхгүй биз дээ.
А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )