Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хүмүүсийн урмыг сэргээсэн ганган нэртэй төсөл, хөтөлбөр олныг оруулсан. Даанч биелэлт нь “Онц-муу” дүнтэй гарсан. Түүний нэг нь “Шинэ зууны хөдөөгийн хөгжил”-ийг дэмжих төр, засгийн бодлого юм.
Дотроо малын үүлдэр, угсаа, сүргийн бүтцийг сайжруулж эрчимжсэн аж ахуй байгуулах, экологийн тэнцлийг хангах шинэ менежмент нэвтрүүлэх, хөдөөгийнхнийг бүтээгдэхүүнээ арилжаалах биржтэй болгох, жишиг сум, баг байгуулах, сум хөгжүүлэх сан байгуулах, даатгалын нэрийн данстай болгох, малчдыг гар утасжуулах, татвараас чөлөөлөх гэсэн хэд, хэдэн хэсэгтэй.
Хоёр намын хооронд ажлын хэсэг томилон байгуулсан гэрээ, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн чиглэлээр тусгасан асуудлууд малчдыг хэсэг зуур хөөргөснөөс бус бодитой ажил болж хэрэгжсэнгүй. Бас дүгнэж хариуцлага тооцсонгүй өдийг хүрлээ.
Амлалт: Малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах, эрчимжсэн аж ахуй байгуулах зэргээр МАА-н хөгжлийг дэмжинэ.
Биелэлт: “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр семинар, зөвлөгөөн, хурал цуглаанд их хэмжээний мөнгө, төгрөг төсөвлөж байгаагаас бус хөдөө, орон нутагт зохион байгуулсан ажил алга. ХХААХҮЯ-ны эрх бүхий хүмүүс малын ээмэгжүүлэлт хийх тендер шалгаруулалтаар мөнгө угааж, хувьдаа завшсан тухай баримтууд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хоёр намын бүлгээр хэлэлцүүлэхэд энэ асуудал биелээгүйг АН-ын гишүүд онцолжээ.
Амлалт: Экологийн тэнцлийг хангах шинэ менежмент нэвтрүүлэх, цөлжилт ихтэй бүсийг ургамалжуулах, ойжуулах, усан сан байгуулах, баг бүрт худаг гаргах зэргээр усжуулах, бэлчээрийг сайжруулах цогц арга хэмжээ авна.
Биелэлт: Засгийн газраас “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж төсөв хөрөнгийг шийдсэн. Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн зүгээс санаачилга гарган 500 мянган мод тарих уриалга гаргасныг Засгийн газар өөртөө наах гээгүй бол ганц ширхэг ч мод тарьсангүй. Харин ч эсрэгээрээ гол, ус, ойн санг аврах урт нэртэй хуулийг хэрэгжүүлэлгүй гацааж Монгол орны байгаль, орчинд хор хохирол учруулсныг иргэний хөдөлгөөнүүд онцолж байгаа.
Малын бэлчээр, байгаль орчныг сүйтгэж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцсонгүй. Саяхнаас 1000 худаг гаргах сураг дуулдаж байгаа ч энэ нь урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй хугацаанд ширгэж алга болсон, ус нь татарч ундарга нь муудсан, 3000 гол, горхи /Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс гаргасан тооцоогоор/- той харьцуулахад юу ч биш. Тэгээд ч ажил огтхон ч эхлээгүй сонгууль дөхүүлэн хоосон ярьж байгаа худаг гаргах ажлыг биелсэнд тооцох эрт байна.
Амлалт: Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах, гол нэрийн бараагаа шууд худалдан авах биржийн сүлжээ байгуулна.
Биелэлт: Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль эрх зүйн орчин бүрдсэн ч ажил хэрэг болсонгүй. Бирж байгуулах бэлтгэл ажлыг хангах нэрээр Засгийн газар цаас үйлдвэрлэж, салбарын яам, холбогдох ажилтнууд судалгаа шинжилгээ хийсэн тайлан тавиад өнгөрсөн. Түүхий эдийн 27 захтай танилцаж, 2100 орчин ченжтэй уулзалт зохион байгуулснаас өөр дорвитой ажил хийсэнгүй.
Амлалт: Хөдөөд жишиг сум, баг, аж ахуй хөгжүүлэх орон нутгийн санаачилгыг бүх талаар дэмжинэ
Биелэлт: УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан. “Сум дундын загвар” төслийг 96 байршилд хэрэгжүүлэхээр тусгаж, сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл, спортын төв, эмнэлэгийн барилгууд барих ажил сураг алга. Түүний оронд сум, багийг үзэсгэлэн худалдаанд хамруулсан гэсэн мэдээ байна.
Амлалт: Сум бүрт 50 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Сум хөгжүүлэх сан” буй болгож ашиглана
Биелэлт: 2011 оны төсөвт 7.0 тэрбум төгрөг тусгажээ. 329 суманд 50 саяар тооцвол 16.5 тэрбум төгрөг болохоор байсан ч хүн амын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан сумдад ялгавартай байхаар тооцож 24 тэрбум төгрөгийг тусгасан ч УИХ-д өргөн барьсан төсөвт 7.2 тэрбум төгрөг хэвээр оруулжээ.
Амлалт: Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг бий болгоно.
Биелэлт: УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс малчдын таалар баримтлах бодлого”-д энэ асуудлыг тусгажээ. Харамсалтай нь бүсийн нэмэгдлийг зөвхөн төрийн албан хаагчдад олгох иргэдээ ялгаварласан хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцсэн бөгөөд намрын чуулганаар эцэслэн батлах юм.
Амлалт: Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай, эрүүл мэндийн даатгалтай болгоно.
Биелэлт: УИХ-аас тогтоол батлагдсан ч хэрэгжилт сул, малчид даатгалд бүрэн хамрагдаж чадаагүй байна. Учир нь одоогийн нийгмийн даатгалын хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах хүртэл гацаатай байх нь.
Амлалт: Малчид гар утас ашиглах нөхцлийг бүрдүүлэх.
Биелэлт: Төр, засаг хуруугаа ч хөдөлгөсөнгүй, харин гадаад, дотоодын хувийн компаниуд хийж хэрэгжүүлжээ. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дөнгөж нэгээхэн хэсэг нь. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн малчдыг дэмжих бодлого нь энэ хэдхэн заалтад багтаж байгаа юм. Хэдий ийм боловч нэг нь ч биелсэнг үй. Гүйцэтгэх засаглалын ажилд дүн тавьж, хариуцлага тооцох учиртай УИХ ч ажлаа хийсэнгүй. Хаврын чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэх байсан ч хоёр намын бүлэг дээр ярьсан болоод өнгөрсөн.
АН-ын гишүүд муу дүн тавьж байгаагаа мэдэгдсэн ч намын дарга нь хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайд учраас тэгсхийгээд намжсан. Улс төрийн сонгуулийн саналын дийлэнх хэсгийг бүрдүүлж байдаг хөдөө, орон нутгийн иргэд, малчид байдаг. Тэгвэл хамтарсан засаг нэртэй, МАНАН гэсэн нэг том бүтэцтэй бүхий хоёр толгойтой нам хөдөөгийнхөнд амласан амлалтаа биелүүлсэнгүй. Тэд ичихгүй нэр дэвшээд очиж л таарна. Тэдний өдөөс малчид сайхан амлалт бус биелэлтийг шаардах нь ойлгомжтой. Саналын дүнг засчихдаггүй л юм бол эрх баригч намуудад хөдөө, орон нутгийнхны өгөх дүн тодорхой юм биш үү.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )