“Толгой”-гүй байгууллага авлигыг цэцэглүүлж байна уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Манай улсад Авлигатай тэмцэх байгууллага бий юү. "Толгой"-гүй байгууллага авлигатай тэмцэж чадах уу.

Энэ эргэлзээ тус байгууллагын дарга нарыг гэм буруутай хэмээн үзэж, шүүхээс ял оноосон өдрөөс эхэлж үүссэн. Хуулиараа бол УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой байлаа. Гэтэл хяналтын шатны шүүх тэднийг буруутайг тогтоов. Монгол Улсад шүүхийн шийдвэр эцсийнх байдаг болохоор хууль зөрчсөн энэ үйлдлийг дор бүрнээ хүлээн зөвшөөрөөд л өнгөрөх нь.

Харин УИХ араас нь нэхэж Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлж, дараагийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх болж байна. Энэ удаа ч урьдын адил асуудал удаашрах төлөвтэй. АТГ удирдлагагүй удах нь хэнд ашигтай вэ. Тус байгууллагын дотоод асуудлыг хариуцаж ажиллах үүргийг дэд дарга хүлээдэг.

Гэтэл энэ үүргийг хүлээсэн дэд дарга нь эзгүй байхад дээрх байгууллагынхан хэний удирдлага, хяналтад авлигын хэргийг шалгаад байна вэ. Авлигын хэрэг зөвхөн байцаагчийн гарын үсэгтэйгээр УЕПГ-т очиж байгааг олон хүн буруутгадаг.

Тус байгууллага удирдлагагүй болсноос хойш УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу сонинд өгсөн ярилцлагадаа "Би авлига өгч байсан хүмүүстэйгээ мөр зэрэгцэн сууж байна" гэж хэлснээр АТГ-т дуудагдах болсон. Түүний хэргийг холбогдох баримт материал дутуу гэсэн үндэслэлээр хаасан нь олон хардлага дагуулаад амжсан.

Тэрбээр АТГ-ынханд авлига өгсөн ч байж мэдэх юм. Үнэхээр холбогдох материал дутуу байсан эсэхийг нягтлах дарга үгүй хойно. Түүний араас Д.Дондог, Д.Энхбат, Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын эрхмүүд жагсаад байгаа. Удахгүй энэ жагсаалт УИХ-аас дахин хэдэн гишүүний нэрээр үргэлжлэх гэнэ. Дээрх эрхмүүдийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь хэн нэгний захиалга гэх хардлага ч бий. Удирдлагагүй байгууллага хэн нэгний лоббинд авталгүй ажиллаж чадах уу.

Харин ч авлигыг цэцэглүүлсээр байгаа юм биш биз. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын асуудалд УИХ анхнаасаа л эмзэглэсээр ирсэн. Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн онд энэ асуудлаар хэд хэдэн удаа хаалттай хуралдсан ч хуулийн хугацаандаа шийдвэр гаргаж чадалгүй хаврын чуулганыг завсарлуулсан. Байнгын хороо асуудлаас бултах мэргэн санаа олж дээрх асуудлыг Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлсэн.

Гэтэл хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын даргад Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас албан тоот хүргүүлж байжээ. Албан тоотод УЕПГ-аас Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай учир шийдвэр гаргуулах тухай бичсэн байжээ.

Мөн хуулийн хугацаа өнгөрч байхад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүс хуулийг зориуд буруу тайлбарлан Хууль зүйн байнгын хорооноос шийдвэр гаргуулахгүй байсаар чуулган завсарлах гэж байгааг дурьдсан байна. Ерөнхий прокурорын дээрх албан тоот ч нөлөөлж чадаагүй. Тухайн үед байнгын хороо шийдвэр гаргаж чадахгүй байсан нь учиртай гэх хүн олон байсан.

Энэ нь Ч.Сангарагчаа нарыг "өмөөрч" байсан гишүүдийг илчлэгдэх булхайтай учир "барьцаалагдсан" гэх таамаглал юм. Ямартай ч УИХ Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тул тэд эрх чөлөөгөө хасуулсан дарга нар хэвээр байна.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top