Хүний шунал гээч хуншгүй эд хушин ойг ”уйлуулсаар”...

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Зуны адаг сарын сүүлчтэй зэрэгцэн орь залуухан, идэр, хижээл, өтөл, өндөр настай хуш моднуудыг хүний шунал гээч хуншгүй эд "уйлуулж" эхэллээ.

Хуш мод задгай газар 25, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлдэг гэдэг. Эдүгээ нийслэлийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хаа сайгүй болц нь гүйцээгүй түүхий боргоцойг ширхэг бүрийг нь 300 төгрөгөөр борлуулж байна. Уг нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүй хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглодог.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн аравдугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болох тухай заалт бий. Болц нь гүйцээгүй самар мөчрөөсөө юу гэж тийм амар салах билээ. Байгалийн жамаараа бол боргоцойны давирхай арилж, хайрсан бүрхэвч нь амархан салах үе буюу 10-12 дугаар сард самар бүрэн болж гүйцдэг байна.

Одоо чөмөг нь усаараа шахуу байгаа самрыг мөнгө болгон харж уулгалан дайрагсад боргоцойг авахаар модны мөчрийг нь хугалж, бүдүүн мунаар балбаж гэмтээх энүүхэнд. Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээс эхлэн 500 гаруй хүн нийслэлийн ойролцоох ногоон бүсийн ой модонд самар түүхээр "дүрвэжээ". Холбогдох байгууллагуудаас эдгээр хүмүүсийг уулнаас буулгах арга хэмжээг авч байгаа ч дийлдэхгүй байгаа аж.

Тэд энэхүү ховор үнэт модыг гомдоох болсон шалтгаанаа үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, өнөө маргаашийн амин зуулгын мөнгө олохын тулд хэмээн цагааруулдаг. Холбогдох байгууллагууд уулнаас бууж ирсэн иргэдэд зохих хууль, дүрмийн дагуу торгууль оногдуулах гэхээр "Бид торгууль төлөх чадваргүй" хэмээн уйлж дуулж байгаа сурагтай.

Тиймээс одоогоор МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тэдний түүсэн самрыг хурааж авахаас өөр дорвитой ажил хийж төвдөхгүй буйгаа учирласан. Үүнтэй зэрэгцэн сүүлийн өдрүүдэд ганц хоёрхон боргоцой цөмсөн гэтэл зогсоо зайгүй гүйлгэж, бөөлжөөд байна гэх зовиуртай иргэд эмнэлэгт хандах нь олширчээ. Болц нь гүйцээгүйн дээр, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд цайруулсан самар идвэл халдварт шар зэрэг өвчин тусах магадлал өндөр гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг юм билээ.

Яг одоо нийслэл төдийгүй улс орон даяар худалдаж авсанд нь хоол болохгүй, байгаль орчин сүйтгэсэн цаг үеийн бизнес хүчээ авчихсан цамнаж байна. Эдгээр хууль зөрчигсөд их хэмжээгээр самар бэлтгэж, ойн баялагт нөхөж баршгүй балаг тарихаас гадна гал алдаж түймэр тавих, архи дарс ууж хоорондоо дайсагналцан гэмт хэрэгт холбогдох нь элбэг. Мөн эдгээр иргэдийн бэлтгэсэн самрыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдан авч, БНХАУ-д гаргадаг сүлжээ бий гэх мэдээлэл байдаг.

Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байгаа гэнэ. Дэлхийн хуш модны нийт нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг ажээ. Харин манай улсад хушин ой нь Хангай, Хэнтийн салбар уулаар тархан ургадаг бөгөөд ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг эзэлдэг гэх гунигтай мэдээ бий.

Монголчууд дээр үеэс байгаль орчноо түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах сайхан уламжлалтай ард түмэн. Түүнчлэн манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн ч эдүгээ шиг хэн дуртай нь самрыг нь гүйцэд боловсроогүй байхад "тонож", хайр найргүй хугалж хөрөөдөж явсан түүх үгүй.

Тиймээс хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг цаг алдалгүй чангатгах шаардлага бий болж. Ой хэмээх амьд ертөнцийг сүйтгэж байгаа энэ хууль бус үйлдлийг даруй зогсоохгүй бол хушин ойд амьдардаг хөөрхөн хэрэм, жирх, шувууд ер нь ой тэр аяараа уйлж байгаа шүү дээ хүмүүс минь.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top