Ардын намынхан Жамсрангийн Цэвээний нэрийг нь ч хэлэхээс айдгийн учир юу вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05


Түүх түүхээрээ үлдэж хоцроогүйн гай зовлонг монголчууд мэдрэхээрээ л нэг боллоо. Гэхдээ бүрэн дүүрэн таньж, ойлгож, түүхэн хүмүүсээ дээдлэх цаг үе нь хараахан хүрч ирээгүй л юм шиг байна. МАХН гэсэн нэрээ МАН-аар сольж “Манайх жинхэнэ ардын нам” гэхэд тус намын нөгөө нэг хэсэг нь “Үгүй ээ, манайх цэвэр, жинхэнэ ориг нь байхгүй юу” гэх мэтээр хэрэлдэж буй нөхдийг харахаар инээдтэй, бас эмгэнэлтэй ажээ.

Ардын нам анх 1921 онд байгуулагдсан. Энэ намыг монголчууд өөрсдийн чин хүсэл зоригоор байгуулсан юм. Харин МАХН-ыг 1924 онд коммунтерний заавраар Хиагтад байгуулсан. Коммунтернээс “Танай нам хувьсгалт нам байх ёстой” гэхээр нь  дагаад туучихсан хэрэг л дээ. Хожим Ардын намыг 1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж явсан Баасан лам дахин улсын бүртгэлд оруулж, улмаар өөрийнхөө нэр дээр авсан байлаа. МАХН-ын дарга нар түүнийг удаа дараа ятгаж явсаар өнгөрсөн оноос өөрийн намын нэр болгосон юм. Харамсалтай нь Баасан лам учир битүүлгээр нас барсан. Өнөөгийн “танай, манай” болоод байгаа хоёр намын түүх товчхондоо ийм юм.

Энд бас нэг зүйлийг онцлох хэрэгтэй байх. Юув гэвэл Ардын намыг  байгуулсан анхны хурлын төлөөлөгчид дотор Жамсрангийн Цэвээн гэгч мундаг соён гэгээрүүлэгч байлаа. Оросын Буриад улсаас 1910-аад онд Монголд орж ирж суурьшсан буриад хүн. Тэрээр Богд хаанд бараалхаж, “Би Монголынхоо иргэн болмоор байна. Та бүхэн ёсоор болгож өгнө үү” гэжээ. Богд хаан түүнийг шууд л иргэнийхээ бүртгэлд авч, одоогийн Төв аймаг буюу хуучнаар Богд хан уулын аймгийн харъяат болгожээ. Яахын аргагүй Хамаг Монголын харъяат буриадын үр сад хойно Богд хаан юунд нь цааргалах билээ. Тэгээд ч Жамсрангийн Цэвээн шиг эрдэм боловсролтой хүн хуруу дарам цөөн байсан юм чинь. Ардын нам, төрийн үйл хэрэгт түүний хувь нэмэр маш их гэдгийг Богд хаан хар зөнгөөрөө мэдэрч байсан биз. Ингээд Ж.Цэвээн Ардын намын нөхөдтэй нийлж, намын үндсэн үзэл баримтлал, анхны зохион байгуулах их хурлаар гаргах бичиг баримтыг бүгдийг нь өөрийн гараар боловсруулж байжээ. Өөрөөр хэлбэл түүний санаа бодол тус намын үндсэн бичиг баримт болж үлдсэн түүхтэй. 1921 оны хувьсгалын дараа мань хүн Судар бичгийн хүрээлэнг байгуулалцаж, шинэ үеийн утга зохиолыг үндэслэхэд билэг оюунаа зориулсан юм. Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин нарыг шинжлэх ухаан руу татан оруулахад нөлөөлсөн ч гэж хэлж болох аж. Харамсалтай нь Оросын удирдагчид түүнийг Монголд удаан байлгахыг хүсээгүй. Нэг л өдөр авч яван Москвагийн Шинжлэх ухааны академид ажиллуулж байгаад цааш нь харуулчихсан. Монголд улс төрийн их хэлмэгдүүлэлт явагдаж, Б.Ренчин гуайг хүртэл эсэргүү хэмээн шоронд хорьсон доо. Б.Ренчинг шоронд байхад мөрдөн байцаагч нь “Жамрангийн Цэвээн чамд юун тухай ярьдаг байсан бэ” хэмээн асуухад тэрээр “Монголынхоо түүхийг шинээр судалж, хойч үедээ хэрэгтэй зүйл үлдээхийг зөвлөдөг байсан” гэж хариулж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр Ардын намынхан Ж.Цэвээний талаар “А”-ч дуурахгүй байгаа нь тун гайхалтай. Бодвол Оросын харъяат, эсвэл эсэргүү, панмонголист үзэлтэн хэмээн айдаг юм болов уу даа. Үнэндээ панмонголизм гэж юм байгаагүй шүү дээ, Монголд маань. Оросын цагаантнууд орж ирэхдээ үндэсний үзэл санааны ийм нэгэн хөөрлийг зохиомлоор бий болгон өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийг санаархаж байснаас цаашгүй юм. Ардын намын удирдлагууд үүнийг мэддэггүй биз дээ. Бодоо, Данзан нарыг үзэл санааны хувьд хурцалж явсан Ж.Цэвээнийг тэд “Ардын дайсан” хэвээрээ, “эсэргүү сүнс” нь хаа нэгтээ эргэлдэж байгаа гэх мэтээр төөрөлдөж суухаа ч магадгүй юм. Хэрвээ энэ хүний үүх түүхийг улам бодитоор сөхөөд гаргаад ирвэл Н.Энхбаярын тэргүүлээд байгаа МАХН-тай “Манай нам, танай нам” гэж хэрүүл хийгээд байхгүй болов уу.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top