Төрийн банк ТҮЦ-ээс дор ажиллаж, харилцагчаасаа хулгай хийж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

Төрийн банк ТҮЦ-ээс дор ажиллаж, харилцагчаасаа хулгай хийж байна

 

 

 



“Зогсолтгүй эргэх хүч” уриатай “Зоос” банк цөөхөн зээлдэгчдийнхээ буянаар дампуурлын ирмэгт тулж, төрийн мэдэлд очсон гэдэг өнгөц ойлголтыг хүн бүр мэднэ. Үнэн чанартаа улс төрчдийн зориуд хийсэн луйврын үйлдэл гэдэг юм билээ. Хэн нь эзэмшээд, хэн нь луувангаа идэж, лаагаа асаах нь маньд юуны хамаатай. Гол нь хадгалуулсан хэдийг маань золигт гаргачихгүй байх нь чухал л даа. Гэтэл өнөөх 100 хувийн найдвартай Төрийн банк нь “ёстой уучлаарай жижигхэн луйвар шүү” гэмээр үйлдэл хийдэг болчихож.  "Зоос" нэрээрээ мандан бадарч байхдаа Төрийн банк “Чип карт” гээчийг гүйлгээнд оруулаад жил хүрэхгүй хугацааны дараа солих болсон. Тиймээс хуучин харилцагчдадаа дансны үлдэгдэлээ авах эсвэл шинэ карт захиалан шилжүүлэх гэсэн хоёр сонголт өгсөн байна. Гэтэл шинэ карт нээлгэн дансныхаа үлдэгдлийг шилжүүлэн эзэмших захиалга өгсөн нэгэн харилцагч хувийн шалтгааны улмаас захиалсан картаа тухайн үе буюу 2009 оны 9 сардаа багтаан авч чадалгүй 2011 оны 1 сарын 11-ныг хүргэжээ. Тухайн өдөр харилцагч захиалсан картаа авч дансаа ашиглахаар очтол карт данс мөнгө гээд бүгдээрээ дошийн шог болсон байж гэнэ. Харилцагч картаа авахаар ирснээ хэлтэл “таны нэр дээрх карт эзэндээ очоод дансан дахь үлдэгдэл нь гараад явчихсан, данс нь хаагдсан” гэдэг мэдээлэл өгсөн байна. Ямар учиртай болохыг лавшруултал харилцагчийн “сүнс” байж мэдэх эрх мэдэлтэй нэгэн картыг нь аваад 2010 оны 6-р сарын 18-ны 21 цаг 43 минутад Монгол банкны өөдөөс харсан Голомт банкны үүдэнд байрлах АТМ-ын машинаас картны дансыг хоослосон болох нь тогтоогдов. Харилцагч энэ үеэр Улаанбаатар хотод байгаагүй учир гайхан юу болсныг олж тогтоохыг  банкныхнаас хүсээд утсаа үлдээгээд гарч одтол араас нь нэгэн ажилтан нь ижил нэртэй хүнд андуураад өгчихсөн, таныг хохиролгүй болгоё хэмээн байнга зохицуулдаг ажил шигээ хандсан байна. Ямар ч банк  карт, хадugламжийн дэвтэр харилцагчдадаа олгоход тухайн иргэнийг нотлох баримтыг шаарддаг, гарын үсгээр баталгаажуулдаг. Гэтэл төстэй нэртэй хүн гээд дансан дахь мөнгийг нь карттай нь хамт овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг гээд бүх зүйл нь  зөрүүтэй хүнд өгөөд явуулчихсан гэдэг бол санамсаргүй гэхэд дэндүү хилс хэрэг болох юм. Андуураад авсан хүн нь банкныхантай адил “эргүү” гэж бодоход арай л үнэмшилгүй, тэгээд ч дансанд байсан мөнгийг нь авсны дараа шууд хаагдсан нь банкныхны эрх мэдлийн хүрээнд хийгддэг ажил баймаар. Андуурсан хэрэглэгч дансаа хаах байсан бол карт захиалан авах хэрэг байсан уу гээд олон асуудал бол байна аа байна Төрийн банкинд Урт хугацааны түншлэл нэрийн доор иргэдийн итгээд хадгалуулсан мөнгийг данснаас нь хоослоод өгдөг банк болж таарах нь. Төрөөр овоглосон банк нь том жижиг гэлтгүй луйвар хийгээд байхад бусад банкуудад юунд итгэж найдаж мөнгөө хадгалуулж, данс эзэмшиж, мөнгөө хийх вэ. Төр банкиндаа, банкны салбартаа дорвитой анхаарал хандуулах цаг нь нэгэнт болжээ.  Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлдэг болсон энэ цаг үед жирийн нэг ТҮЦ ч хэрэглэгчийг ингэж гомдоохгүй гээд бодохоор төрийн банкны үйл ажиллагаа ямар түвшинд явж байгааг ахин тодотгох шаардлагагүй биз ээ.

 

Н.Энгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top