БНСУ-ын иргэн Ким Сэ Хонь, И Жон Тэ, Ким Сан Чоль, Чой Ким Юунь, Ким Жүн Ёонь нарын 13 этгээд шулуун гэдсэндээ 13.3 кг алт хийж, хил гаргахыг завдаж шуугиан дэгдээсэн билээ.
Тэгвэл Монгол Улсын хууль дүрмийг онц ноцтойгоор зөрчиж, 892.3 сая төгрөгийн өртөг бүхий байгалийн баялгийг хил давуулахыг завдсан дээрх хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ-ын талд шилжиж, мөн л шуугиан тариад авсан. Гэтэл эх сурвалжийн мэдээлж буйгаар дипломат ёсоор түрий барьж хэргийг нь шилжүүлж авсан Солонгосын тал иргэдийнхээ хулгайлах гэж байсан алтыг Монголбанканд тушаачихаад, хэрэгтнүүдээ суллажээ. Хэрэг БНСУ-д шилжээд гурван сар өнгөрч байхад их хэмжээний алт хилээр гаргахыг завдсан этгээдүүдэд ямар хариуцлага тооцсоныг манай талд албан ёсоор мэдээлээгүй байна. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад БНСУ-ын тал тус хэргийг яаж шийдсэн тухай заавал мэдээлэх шаардлагагүй гэсэн юм. Гэхдээ ялтан шилжүүлнэ гэдэг хэрэгтнийг эх оронд нь аваачаад суллачихын нэр биш. Тиймээс ямар ч улс орны наад захын дипломат ёсонд ялтан шилжүүлэх гэрээгээр очсон гэмт хэрэгтнийг яаж шийтгэснийг нь ядаж мэдээлэх ёстой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Хэрэгтнүүдийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон. Өөрсдөө ч хэргээ хүлээсэн. Тодруулбал солонгосчууд өнгөрсөн оны 10 дугаар сарын 14-ний орой 23 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас “Когеаn аir” 868 дугаар нислэгээр БНСУ-ыг зорих гэж байгаад баригдсан. Тэд гялгар ууттай алтаа шулуун гэдсэндээ хийж хил гарахыг завдсаныг ТЕГ-ын ажилтнууд илрүүлсэн юм. Ингэснээр хэрэгтнүүдэд Эрүүгийн хуулийн 175.3-аар эрүү үүсгэн, Ганц худагт хорьж шалгасан. Гэсэн ч 12 дугаар сард энэ хэрэг прокурорт шилжих үед манай улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны хүсэлтээр хэрэгтнүүдийг батлан даалтад гаргасан юм. Эцэст нь БНСУ-ын тал 13 иргэнийхээ хэргийг Засгийн газрын түвшинд авч хэлэлцсэнээр Нийслэлийн прокуророос тус улсад шилжүүлжээ. Уг нь Нийслэлийн прокурор хэрэгтнүүдэд Эрүүгийн хуулийн 175.3-т заас-наар 5-8 жилийн хорих ял төлөвлөөд байжээ.
Гэтэл ийм хууль бус үйлдэл хийсэн гэмт хэрэгтнүүд эх орондоо очоод ямар ч ял шийтгэлгүй мултарч байгаад хэний ч хор шар хөдлөх биз. Хамгийн гол нь Солонгосын талын гэмт хэрэгтнүүдийг сулласан энэхүү үйлдэл цаашид манайд ихээхэн хор хөнөөл учруулж мэдэх юм. Солонгосчууд гэхээрээ л жуулчилж, хөрөнгө оруулахаар ирдэг, гэнэн цайлган хүмүүс биш гэдгийг дээрх үйлдэл харуулсан. Иймээс манай хилийн дээсийг алхсан Солонгосын иргэн л бол ямар ч хэрэг үйлдсэн бай хамаагүй ялтан шилжүүлэх гэрээний дагуу нутагт нь шилжүүлдэг гэсэн ойлголт төрөх вий. Нөгөөтэйгүүр Солонгосчуудын хэргийг нутагт нь буцаасан явдал манай улсаас тус улсад ажиллаж
амьдарч буй олон мянган монгол иргэнтэй холбоотой. Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын нэлээд хувь нь гэмт хэрэгт холбогдож, ял сонсож буй. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд ялтан солилцох асуудлыг манай талаас БНСУ-ын талд тавьж байсан ч үр дүнд хүрдэггүй байж. Харин энэ удаа алт гаргахыг завдсан 13 иргэний хэргийг шилжүүлэх саналыг манай тал хүлээн авснаар тус улсад ял эдэлж буй Монголчуудыг шилжүүлэх асуудал эерэгээр шийдэгдэх өндөр магадлалтай болсон гэнэ. Гэхдээ энэ асуудал Засгийн газрын түвшинд албан ёсоор яригдаж эхлээгүй байгаа тул одоохондоо тайлбар өгөх хүн алга.
Ямартай ч манай улсад хэрэг үйлдсэн Солонгосчууд ялтан шилжүүлэх гэрээний ачаар Нутагтаа очоод суллагдчихлаа. Харин БНСУ-д ял эдэлж байгаа Монголчуудад Засгийн газар хоорондын ялтан шилжүүлэх гэрээ хэзээнээс үйлчилж эхлэх юм бол.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )