Төрөх эмнэлгийн эмч нарын гарыг хүндрүүлэхээ больцгооё

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Манай улсад  энэ оны эхний  хагас жилийн байдлаар 33,694 эх амаржсанаас 607 хүүхэд нэг хүртэлх насандаа эндэж, 17 эх нас барсан  гэсэн статистик байна. Хэдийгээр манай улсад эхийн эндэгдэл буурч байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ эмч нар хариуцлагатай, ёс зүйтэй бол энэ тоо харьцангуй буурах магадлалтай.  Хэрэв эмч нар жирэмсэн эхэд  зөвлөгөө өгч, эрсдэлтэй жирэмслэлт байвал илүү анхаарсан бол зулбах, дутуу төрөх, амьгүй ураг тээх, ураг  нь гэдсэндээ илжирсэн тохиолдол гарахгүй л байсан.  Мөн төрөх эмнэлгийн эмч нар ажилдаа дэндүү хайнга хандаж байгаа нь эрүүл хүүхэд төрөх боломжийг боомилж байгаагаас ялгаагүй хэрэг болжээ.   Хэдийгээр нийгмийн хөгжил, стресс, чанаргүй хоол хүнс, утаа, эмч нарын чадваргүй байдал, эмэгтэйчүүдийн биеийн онцлог, эрүүл мэнд зэрэг маш олон шалтгааны улмаас өнөөдөр  анхны хүүхдээ эсэн мэнд төрүүлсэн эх өдрийн од шиг болсон ч энэ бүхнийг эмч нар тооцож,  анхны жирэмслэлтэд бүр ч их анхаарал хандуулах ёстой л баймаар.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зургаан сартай хүүхэд тээж байсан эмэгтэй эмч нарын буруугаас хорвоод мэндлэх үрийнхээ хамт нас баржээ. Жирэмсэн болсноо мэдмэгцээ сумынхаа эмнэлэгт очтол эрүүл мэндийн дэвтэргүй гэх шалтгаанаар талийгаачийг хүлээж аваагүй байна.  Уг нь  жирэмсэн эхийн эрүүл мэндийн даатгалыг улсаас хоёр жилийн турш төлдөг болохоор хөл хүнд болсон даруйд нь улс хамгаалалтдаа авах учиртай.  Тэгтэл   Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын эмч нар наад захын мэдлэггүйн улмаас хөл хүнд бүсгүйг олон дахин явуулж,  залхаан эмнэлэгт хэвтүүлээгүй байна. Анхны жирэмслэлт болохоор учир мэдэхгүй бүсгүй эмнэлэгт хэвтэлгүй өнгөрсөн бөгөөд хамраас нь цус гарахад эмчид ханджээ.  Эмч нь  "Үхчихээгүй л ирсэн байна шүү дээ" гэж зургаан сартай жирэмсэн бүсгүйг загнаад явуулсан байна. Гэртээ ирээд бүсгүй яг л хурдны морь шиг амьсгаадаж эхэлсэн бөгөөд баасан гаригийн орой дуудлага өгөхөд эмч ирээд халуун бууруулах тариа хийчхээд  яваад өгсөн аж. Хүүхэд нь хөдлөхгүй байгааг гадарласан бүсгүй  эмчид хэлсэн боловч халад өмссөн “алуурчин” тоогоогүй өнгөрсөн. Бүсгүйн халуун нэмэгдэж, амьсгаа нь өндөр болсон учраас дахиж түргэн дуудсан бөгөөд дуудлагаар Энхжаргал хэмээх  эмч ирсэн бөгөөд  мөн л нэг тариа хийгээд явсан байна. Гэвч бүсгүйн биеийн байдал дээрдэхгүй байсаар маргааш нь буюу бямба гаригийн үүрээр бүсгүй амьсгал хураажээ. Эхийгээ тэгж зовж байхад гэдсэнд нь байсан жаахан үр хичнээн тарчилсан бол доо хөөрхий.   

Эмчийн алдаатай үйлдлээс болж одоогоос дөрвөн жилийн өмнө ойрын танил бүсгүй дутуу төрж,  эмч нар нь  түүнийг дахин төрөх боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл жирэмсний хяналтад авсан  эмч нь хайхрамжгүй байсны улмаас танил  маань 3,5,7, сартайдаа зулбах шахсан ч мөнгөний хүч,  сайн хань, түшигтэй ээжийнхээ ачаар хүүхдээ тогтоолгосон. Таван сартай түүнийг ухаан алдаж унахад нөхөр нь эмч рүү нь залгатал авхуулчихгүй юу даа.  Дахиад л жирэмсэн болно биз гэж хэнэг ч үгүй хэлдэг эмч байх уу?

Тэгвэл өнөөдөр хөдөө орон нутагт хариуцлагагүй эмч нар хүний аминд хүрч харин хотын эмч нар нь өөрийн элссэн сүлжээний бизнес болох хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг шахаж байдаг.  Энэ эмчийн баримтлах ёс зүй лав биш. Эмч нар яагаад ингэж ажилдаа хайнга хандаж байна вэ? 

Бид хөл дээр минь босгосон ачтай буянтай эмч гэж сайн санаж гарыг нь хүндрүүлсээр тэднийг муу занд сургажээ. Өнөөдөр төрөх эмнэлгүүдийн эмч нарын гар хамгийн хүнд болсон. Арга ч үгүй биз. Өдөрт төрж байгаа хүн бүрийн ар гэрийнхэн  тэдний гарыг хүндрүүлж байгаа.  Хийсвэр хийлгэвэл эмч, сувилагч, асрагч нарт нь өгөх ханш хүртэл тогтсон. Ямар ханштайг өнөөдөр  төрсөн бүх эхчүүд мэдэж байгаа гээд хэлчихвэл буруудахгүй.  Гар хүндрүүлдэг,  танил хардаг нь эмч нарын  нэг ёсны амьдралын хэв маяг болжээ.  Халад өмссөн эмч нарыг давраах шаардлага байна уу? Хүмүүсээ.  Тэд чинь ажлаа л хийж яваа, бидний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс. Тийм болохоор тэдний гарыг хүндрүүлэхгүй байвал яасан юм бэ?

Үгүй бол эмч  болон эмнэлгийнхний гарыг хүндрүүлээгүй ар гэрийнхэн нь хүнээ нэг хоёроор нь алдсаар, алсаар  байх нь ээ.  Сайдаа та нэг арга бодохгүй юм уу?  

 

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top