Б.Жаргалсайхан: Хошуун дээрх сүү нь ч хатаагүй залуус, улс төрд ороод юу хийх вэ дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-УИХ-ын 2012 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдгээ шийдэж чадалгүй хаврын чуулган завсарлачихсан. Та АН-ын 50:26, МАН-ын 52:24 гэсэн хувилбарын алийг нь дэмжиж байна вэ?

-Миний хувьд хуучин буюу мажоритар тогтолцоогоороо УИХ-ын 2012 оны сонгууль явагдвал зүгээр гэж бодож байгаа. Хэрвээ томсгосон тойрог буюу пропорциональ тогтолцоогоор сонгууль боллоо гэхэд жижиг намууд зардлаа хүчрэхгүй байх магадлалтай. Гэхдээ АН, МАН хоёр ирэх оны сонгуулийг мажоритар, пропорциональ тогтолцоог 50/50 хувь байлгахаар тохиролцсон юм шиг байна лээ. Тиймээс энэ тогтолцоогоор сонгууль явагдана байх.

-Ирэх намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль батлагдаж чадах болов уу?

-Сонгуулийн тухай хуулиа батлахгүй бол сонгууль болохгүй шүү дээ. Намрын чуулганаар заавал батлагдана гэж бодож байгаа.

-Хэдийгээр Сонгуулийн тухай хуулиа өөрчилнө гэж байгаа ч ирэх оны сонгуулийг хуучин мажоритар тогтолцоогоор явуулж магадгүй байна гэсэн хардлага олны дунд байгаа. Хоёр дахь долдугаар сарын 1 дахин гаргаж болзошгүй ч гэх юм. Үүн дээр таны байр суурь ямар байгаа бол?

-Хуулиа батлагдахаас гадна сонгуулиа яаж өгөх вэ гэдэг асуудал байна. Түүнчлэн сонгогчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах нь чухал. Засаг захиргааны баг нэгж буюу аймаг, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга нар өнөөдөр иргэдийн эрх ашгийг маш ихээр зөрчиж байгаа. Сонгуулийн үеэр иргэдийн өгсөн саналыг буруу тоолж, булхай луйвар хийдэг. Үндсэн хуулиараа ард иргэдээ хамгаалсан байхад тэдний эрх ашгийг маш ихээр зөрчиж байна. УИХ-аас сонгуулийн саналыг санаатайгаар будлиантуулдаг нөхдөд хариуцлагын хатуу хуулийг гаргаж өгөх хэрэгтэй. Иргэд улс орон даяар эрх ашгаа хамгаалсан сайн дурын байгууллага байгуулах нь чухал. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өгсөн саналаа луйвардуулахгуй байх талаас нь анхаарах ёстой. Ард иргэдээ дэндүү доромжилж байна.

-Сонгуулийн тухай хуулиа батлахын тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлана, зарлахгүй гэсэн яриа байгаа. Энэ хэр зөв шийдвэр вэ?

-Боломжтой хувилбар шүү дээ. Ээлжит бус чуулган зарлаад, хуулиа баталж болно.

-УИХ-ын одоогийн 76 гишүүнийг хүмүүс шинэчлэгдэх ёстой. Шинэ залуу үеэ дэмжих нь зүйтэй. Улс төрд шинэ донор хэрэгтэй гэж үзэж байна. Харин таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Залуучуудын дунд ч гэсэн боловсрол тааруухан, чадвар муутай хүн олон байгаа шүү дээ. Гэхдээ 50 настай хүнийг манай иргэд хөгшин гэж үзэхээ болих хэрэгтэй. Ер нь энэ наснаас эхлээд хүмүүс улс төрд ордог. Энэ насан дээр амьдралын туршлага, тогтвор суурьшил, мэдлэг боловсролын цар хүрээ, жинхэнэ хийж бүтээхийн төлөө хүсэл тэмүүлэл гэх мэт бүхий л зүйл төлөвшсөн байдаг. Түүнээс хошуун дээрх сүү нь ч хатаагүй залуус улс төрд ороод юу хийх вэ дээ. Дэлхийн олон улс орныг 50-иас дээш насныхан удирдаж байгаа. Хамгийн чухал нь улс төрд орж байгаа хүмүүс өөрсдөө эх оронч, хариуцлагатай байх хэрэгтэй. Түүнчлэн ард иргэд хувийн соёл, сахилга бат, өндөр мэдлэг боловсролтой тийм л хүнийг сонгодог байх ёстой. Түүнээс биш хөгшин, залуугаар нь ангилж ялгана гэж юу байх вэ дээ. Иргэд хөгшин хүнд саналаа өгөөд дэмжсэн чинь болохгүй байна. Тэгэхээр залуу хүнийг дэмжээд үзье гэж болохгүй.

-Монголын улс төрийг хаанаасаа эхлээд шинэчлэгдээсэй гэж хүсч байна вэ?

-Сонгуулиасаа эхлээд шинэчлэгдээсэй гэж хамгийн их хүсч байна. Шинэхэн тэргүүний шилдэг сэхээтнүүд сонгогдоосой гэж бодож байна. Бүхэл бүтэн 20 жил хэдэн хүн дахин сонгогдоод байж л байдаг. Ямар бурхан биш дээ.

-Ирэх оны сонгууль ямар ч тогтолцоогоор явсан бай мөнгө төгрөг тараадаг зуршил нь арилах болов уу. Уг нь намуудын дарга нар сонгуульд мөнгө амлахгүй гэж гарын зурсан. Гэхдээ мөнгө тараахгүй гэж гарын үсэг зураагүй санагдана?

-Үүнийг ард түмэн үгүй болгож чадна. Иргэд сонгуульдаа бэлтгэх хэрэгтэй. Хариуцлагатай хандах нь чухал. Ард түмний эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнийг байгуулах хэрэгтэй. Тэд нар хяналтаа тавих эрхтэй. Ард түмэн чинь Үндсэн хуулиндаа сонгох, сонгогдох эрхтэй.

-Таны хувьд 2012 оны сонгуульд нэр дэвших үү?

-Байдлыг харна. Гэхдээ яаж ч магадгүй. Нэр дэвших талаар ярихад одоо эрт байна.

-Танай намын тухайд ирэх оны сонгуульд хэрхэн бэлтгэж байна. Танаас өөр нэр дэвших хэчнээн хүн байна вэ?

-Монгол Улсын тэргүүний сэхээтэн хүмүүс манай намд байгаа. Өмнө нь ч гэсэн бид ийм л хүмүүсээсээ нэр дэвшүүлж байсан. Даанч манай сонгогч иргэд бөх барилддаг. Дуу дуулдаг, морь уралдуулдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа хоосон ярьсанд нь итгээд, дэмжээд байна. Улс төр бол бөх барилддаг, дуу дуулдаг газар биш шүү дээ. Нэг бол сайхан залуу, бүсгүйн тэмцээн явуулдаг газар гэж ойлгоод байгаа юм уу. Ийм биш гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй. Тийм хүмүүсийг дэмжиж, саналаа өгвөл энэ улс хөгжихгүй, өөрчлөгдөхгүй. Улс төрд Монгол Улсын тэргүүний сэхээтнүүд орох ёстой. Тэгэхээр бөх барилддаг, дуу дуулдаг, морь уралдуулдаг нөхдүүд өөрсдийн байх ёстой газартаа л баймаар байна. Бөх нь дэвжээн дээр, дуулдаг нь тайзан дээр, морь уралдуулдаг нь уяан дээрээ байх ёстой. Манай намд дэлхийн гуравдагч оронд боловсрол эзэмшсэн, эх орноо гэх сэтгэлтэй, тэргүүний 700 гаруй сэхээтэн байна. Хүн 50 нас хүрч байж эрийн цээнд хүрдэг. Хувийн амьдралаа тохижуулж, төвхнүүлээгүй хүн яаж улс орон удирдаж чадах вэ дээ.

-Таныг 2008 оны долдугаар сарын 1 хэргээр шалгагдаж байгаа гэж сонссон. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл байхгүй. Энэ хэргийн эзэн холбогдогчийг нь одоо бараг тогтоосон байлгүй. Ард түмэндээ буруугаа өгөөд дуусгахгүй байх. Муу ард түмэн гэж байдаггүй. Харин муу удирдагч л гэж байдаг. Тиймээс тухайн үеийн удирдагч нартай л хариуцдага тооцох хэрэгтэй. Ард түмэн энэ үеэр аавын хаалга татаж үзсэн. Түүнээс үр дүн гэж юу ч гараагүй. Өнөөдөр залуучууд ажилгүй, архидан согтууралт хэрээс хэтэрчихсэн, ямар ч сахилга бат байхгүй, ядуурал газар авсан, ажил хийх дуртай хүн байхгүй болсон байгаа биз дээ.

-Энд хэн буруутай вэ, ард түмэн үү?

-Үгүй, улстөрчид буруутай.

-Манай нийгэмд ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрсэн гэдгийг та дээр дурьдлаа. Харин үүнийг төрийн ямар бодлогоор засч зангидаж, залруулах ёстой юм бэ?

-Нэн тэргүүнд сонгуулиа зөв хүндээ өгөх хэрэгтэй. Та биднийг төлөөлж чадах жинхэнэ тэргүүний сэхээтнүүдийг дэмжиж, улс төрд оруулах ёстой. Түүнээс сонгуулийн үеэр гэр, таван төгрөг өгсөн, морь уралдуулж, бөх барилдсан хүнд санал өгөх биш ээ. Хэрвээ ард түмэн ийм хүмүүст саналаа өгвөл улс орны амьдрал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Улс орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа өөрчилье, дээшлүүлье гэж бодож байгаа бол иргэд сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой. Үүнээс бүх зүйл хамаарна.

-Тэгэхээр БНН 2012 оны УИХ-ын сонгуульд аль нэг нам эвсэлтэй хамтарч оролцох төлөвлөгөө байгаа юу?

-Сонгуулийн тухай хууль аль тогтолцоогоор батлагдах эсэхийг сайн мэдэхгүй байна. Одоогоор энэ талаар түс тас шийдсэн шийдвэр байхгүй.

-Сүүлийн үед Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай холбоотой асуудлууд гараад байгаа. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?

-Миний бодлоор Тавантолгойг тав хуваах хэрэгтэй. Манайхан гадаад улс төрдөө гоё нүүр царайтай байх ёстой. Аливаа улсыг том жижгээр нь ялгаж, салгаж болохгүй. Сүүлийн 20 жилд Япон улс манай орны эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан. Мөн Солонгос улс. Маш олон залуусыг ажлын байраар хангаад, дэмжээд явж байна. Тэр олон мянган залуусаа эх орондоо ирлээ гэхэд хэн ажлын байраар хангах вэ дээ. Дахиад л ажилгүйдэл нэмэгдэнэ. Тиймээс Орос, Солонгос, Хятад, Америк, Японд хэн хэнийг нь гомдоолгүй тэгш хуваарилалт хийх нь зүйтэй. Түүнээс бид дан ганц өөрсдийгөө бодож болохгүй. Бид бусдад яаж хандана тэд тэгж л хариу барина шүү дээ.

-Зарим гишүүд иргэдэд олгох 536 ширхэг хувьцааг 1072 болъё. Аж ахуй нэгжүүдэд олгох нь буруу гэсэн байрь суурьтай байгаа. Энэ тухайд?

-Эхлээд аж ахуй нэгжүүдэд олгож, ашиг орлого олсоныхоо дараагаар буцаан авч иргэдэдээ өгөх нь зүйтэй. Түүнээс алаагүйн баавгайн арьсыг 10 хуваана гэдэг шиг байж болохгүй. Төрөөсөө мөнгө нэхэж, их зүгээр суух гэсэн үндэстэн мөхдөг. Жишээлбэл, Африкчуудыг Англичууд архинд оруулаад үгүй болгосон. Мөн Манж, Якут, Тува бүгд л зүгээр сууж, тэтгэмж аваад устаж, үгүй болж байна. Манайхан хойноос нь орох гээгүй л юм бол тэтгэвэр тэтгэмж авч, зүгээр суух гэдгээ болих хэрэгтэй. Одоо иргэд 21 мянган төгрөг аваад, архи л ууж байна. Өөр юунд ч зарцуулахгүй байна. Түүнийхээ оронд хэдэн үйлдвэр барьсан бол хэчнээн хүн ажилтай байх бол. Улсын төсөв хэчнээн хувиар нэмэгдэх бол. Ийм байхгүйн тулд бүгдээрээ ажил хийж, татвар төлдөг болъё. Харин ганцхан олсон орлогынхоо их бага хэмжээгээр татвараа төлье. Яагаад нэг хэсэг нь татвар төлөхгүй, зүгээр сууж амьдрах гээд байгаа юм. Манайхаас өөр зүгээр сууж байгаад, амьдрах ард түмэн байхгүй. Их л зүгээр суувал Монгол үндэстэн мөхнө гэсэн үг. Энэ бол Монголыг сөнөөх дайсны арга. Улс орны хөгжилд ч ялгаагүй нийтээр оролцох хэрэгтэй. Сэхээтэн, малчин, тариачин, эр, эм, хүүхэд багачууд гэлтгүй улс орныхоо хөгжилд нэмэр оруулах ёстой. Зүгээр сууна гэдэг чинь улсаа хөгжүүлэхгүй гэсэн санаа шүү дээ.

 Эх сурвалж:"Монголын мэдээ" сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top