Дэлхийн сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дунд зохион явуулдаг "Miss Deaf International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож "Азийн тэргүүн мисс" шагнал хүртсэн М.Батчимэгийг эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа.
-Тэмцээнд түрүүлсэнд тань баяр хүргэе. Хичнээн орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн энэхүү шагналын эзэн болов?
-Их баяртай байна. 56 орон бүртгүүлснээс 28 орны бүсгүйчүүд өрсөлдсөн. Уг нь энэ онд “Miss Deaf International” тэмцээн Өмнөд Африкийн Дурбан хотод болно гэж байсан юм. Энэ удаад АНУ-ын Орландо мужид өнгөрсөн сарын 15-17-ны хооронд болж өнгөрлөө. Тэмцээнд оролцохын зэрэгцээ газар үзэж, олон хүнтэй танилцаад их сайхан байлаа.
-Өчигдөр орой эх орондоо газардсан гэсэн. Замдаа ядрав уу?
-Бага зэрэг ядарсан. Гэхдээ наашаа ирэхэд зорилгодоо хүрчихсэн учраас харьцангуй тайван нисч ирлээ. Америк руу явахад виз гардаггүй удаад, тэмцээнээсээ хоцорсон болохоор ямар их сандарч очсон гээч. Өчигдөр орой 23 цаг өнгөрч байхад эх орондоо ирлээ. Олон орны бүсгүйчүүд авьяас билиг, гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа уралдсан энэхүү тэмцээнд шилдэг аравт шалгаран сүүлийн шатанд таван тивийн мисс шалгаруулах үед Азийн бүсээс тодорч ийм нэр хүндтэй шагналын эзэн болсон. Онгоцноос бууж ирсэн даруйдаа л аав, ээжийгээ үнслээ шүү дээ.
-"Азийн тэргүүн мисс" шагналаас гадна авьяаслаг мисс болсон гэж аав тань хэлнэ лээ?
-Тиймээ. Шилдэг арав дотроо хамгийн авьяаслаг миссээр тодорсон. Үндэсний бүжгээ бүжиглэсэн болохоор гаднынхны сонирхлыг татсан байх л даа. Ялангуяа манай үндэсний бүжгийн хувцасны загвар, ур хийц маш чамин шүү дээ.
-Таныг шагнал авахад хүргэсэн өөр ямар давуу тал байв?
-Би дохионы англи хэлийг их сайн сурсан. Хэлний мэдлэг маань надад бусадтай харьцуулахад хамгийн өндөр оноог авчирлаа. IQ, авьяас, хэлний мэдлэг, загварын этюд бүтээх, усны хувцастай үзүүлбэр гээд олон төрлөөр охидын чадварыг сорьсон.
-Тэмцээнд оролцож явахдаа аль орны мисстэй дотно найзалж явсан бэ. Өрсөлдөөнөөс гаднах амьдралынхаа талаар ярихгүй юу?
-Африкийн мисс охинтой их дотно танилцсан. Бид тэмцээнээс бусад үед зургаа татуулж, гадуур зугаалдаг байсан. Ер нь гаднын томоохон тэмцээнд оролцоход орон орны бүсгүйчүүдээс их зүйл сурдаг юм билээ. Улс бүрийн хэв маяг, зан заншил өөр шүү дээ. Олон охид нэг дор цуглахад тэр нь мэдрэгдэж байсан.
-Манай улс энэ тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм билээ. Өнгөрсөн жилийнхэд мисс Б.Алтансоёмбо түрүүлж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон шүү дээ. Туршлага судалсан уу?
-Өмнөх тэмцээн АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон. 40-өөд орны сонсголын бзрхшээлтэй гоо бүсгүйчүүд өрсөлдөж Францын мисс түрүүлж байсан. "Miss Deaf International” тэмцээн 2005 оноос зохиогдох болсон юм билээ. Харин манайд өнгөрсөн жилээс "Сэтгэлийн дэм" сангаас зохион байгуулж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд байр сууриа эзлэхийг их хүсдэг. Энгийн хүмүүстэй харьцуулахад хүссэнээ хийх боломж хомс ч энэхүү тэмцээн биднийг дэмжин, нийгмийн амьдралд татан оролцуулах зорилготой байдаг юм. Би сонсголын бэрхшээлтэй ч энгийн хүнтэй адил дайчин байхыг хүсдэг. "Miss Deaf International”-ийг Сонсголын бэрхшээлтэй гэж тусад нь авч үзэхгүй л бол олон улсын хэмжээний тэмцээн шүү дээ.
-Загварын агентлагт суралцдаг уу. Хэзээнээс загвар үзүүлэх болсон юм бэ?
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2002-2008 оны хооронд суралцаж дүүргэсэн. Уран зураг, хувцас дизайнерын ангийг тус тус төгсч хоёр дипломтой ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо Дизайнеруудын холбоонд загвар зохион бүтээгчээр ажилладаг. Хувцас загвар бол миний үндсэн мэргэжил, харин загварын тайзан дээр алхах нь миний сонирхол. Би тэмцээнд оролцохынхоо өмнө хувцсаа өөрөө оёдог.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Таны сонсголын бэрхшээл төрөлхийнх үү?
-Би айлын ганц охин. Дээрээ ах, доороо эрэгтэй дүүтэй. Тэд маань эрүүл саруул. Миний хувьд төрөлхийн 70 хувийн сонсголын бэрхшээлтэй. Гэр бүлээсээ ганцаараа л загварын чиглэл хөөсөн дөө. Багаасаа цаас, харандаа нийлүүлж суудаг байсан маань намайг дизайны урлагт татсан болов уу.
-Дараа жил хаана очиж титмээ шилжүүлэх вэ?
-Дараа жилийн тэмцээн Туркт юмуу, Японд болох юм гэсэн. Бас л нэг сайхан бүсгүйд титмээ шилжүүлж өгөх байх даа.
-Таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу байна?
-Монголд сонсголын бэрхшээлтэй ч авьяаслаг, гоо үзэсгэлэнтэй, мэдлэг
өндөр олон охид байдаг. Тэднийг энэ тэмцээнд оролцож, өерийгөө сорьж, бусдын өмнө хүсэл мөрөөдлөө илэрхийлээсэй гэж би их хүсдэг. Яагаад бид бусдаас өөр гэсэн бодлыг сэтгэл зүрхэндээ тээж явах ёстой юм бэ. Харамсалтай хувь заяатайгаа хэзээ ч эвлэрч, бууж өгөх хэрэггүй. Миний хүсэл илүү ихийг хийж эх орон, эцэг, эхийнхээ нэрийг дэлхийн тайзан дээр гаргамаар байна. Мөн хувцас загварын өвөрмөц шийдлүүдийг бодож, олон хүмүүсийг өөрийнхөө загвараар гоёмоор байна. Саяны тэмцээнд мисс бүр л зорьсондоо хүрээд гэртээ харихыг хүсч байсан байх. Би түүнийг нь мэдэрч байсан. Тэгээд шагнал гардуулж байх мөчид хөтлөгчийн хэлсэн Моngolia гэсэн нэр чихэнд биш ч сэтгэлд сонсогдсон. Илэрхийлэхийн аргагүй сайхан уур амьсгал намайг бүчиж, ихийг бүтээх урам тэнгэрээс асгарах шиг болсон.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )