Төрийн ордны их өвийн замаар

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Монголчууд “Төрийн сүлд өршөө” гэж сүсэглэдэг дорнын гүн сэтгэлгээтэй ард түмэн. Төр түшсэн зарим эрхмийн буруутай үйлдлээс болж төрийн нэр хүнд сэвтдэг ч жирийн иргэдийн сэтгэлд хувь түшээдийг бус төрөө дээдэлдэг их хүндлэл хэвээрээ оршдог. Түүнийг Төрийн ордонд танилцах аялал хийхээр ирдэг сонгогчдоос харж болно. Төрийн ордонд зөвхөн Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ ажилладаг төдийгүй үнэт үзмэрийн хэмжээний асар их түүх, бэлгэдэл агуулсан уран зураг, туурган хивс, эд агуурс байдгийг танилцах аяллаас олж мэдэж болно. Өдөрт гадаад, дотоодын хэдэн арван зочид, гийчид энэ бүхнийг үзэж сонирхдог. Хэдийгээр парламентын сурвалжлагчид өдөр тутам Төрийн ордноор орж гарч мэдээ, мэдээлэл, сурвалжлага, ярилцлага бэлтгэж олон нийтэд хүргэдэг ч тэр нарийн ширийнийг мэдэхгүй. Ингээд ордны нарийн нандиныг олж мэдэхээр Төрийн ордонд зочилсон олон төлөөлөгчдийн нэг хэсэг болох Намын дээд сургуулийг 30 жилийн тэртээ төгссөн ахмадуудтай ганзага нийллээ. Тэд хагас жарны дараах уулзалтын баярын хөтөлбөртөө Төрийн ордонтой танилцах аяллыг багтаасан нь энэ. Бидний хөтөч тайлбарлагчаар УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээч Б.Цэвэлмаа ажиллалаа.
Эхлээд Төрийн ордны барилгын үүх түүхтэй танилцав. Барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, дотоодын 300 барилгачин, орос, хятад, японы дайнд олзлогдсон цэрэг болох 500 хоригдол , хөлсний 400 хүн ордон босгох их ажлыг нугалжээ. Ордны барилгын зураг, баримал чимэглэлийг жанжин Сүхбаатарын хөшөөг урласан уран барималчин Б.Чоймбол хийж,хожимТөрийн шагнал хүртжээ. Төрийн ордон 1951 онд бүрэн ашиглалтад орсон байна. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 м, 491 албан өрөө тасалгаа, 932 цонхтой. Төрийн ордны цогцолборын нэг хэсэг болж байгаад 2005 онд буулгасан бунхант индрийг 1954 онд барьж, ордны өргөтгөл, их засварыг 1957, 1981, 2006 онд хийж гүйцэтгэжээ. Энэ тухай сонсоод аяллын баг цааш хөдөллөө.
Аялал Төрийн ордны гуравдугаар давхрын төв хэсгийн өмнөд ханыг туушид нь эзэлсэн “Хан төрийн долоон эрдэнэ” зургаар үргэлжлэв. Ордонд буй ховор нандин бүтээлүүдийн нэг болох 18 м урт, 1,5 м өргөнтэй энэхүү зургийг зураач Н.Лхагвасүрэн монгол зургийн аргаар үйлджээ. Уг бүтээлд нүүдэлчин ахуйтай монголчуудын нэгэн өдрийн 108 үйл явдлыг Хан төрийн долоон эрдэнийг тойруулан харуулсан байдаг. Бүтээлд 999 хүнийг дүрслэн харуулснаас 64 нь бөх, мөн 551 мал, 13 гэр, есөн нохойг багтаажээ. Зураач 999 хүний дүрийг бүтээхдээ 1996-2000 оны хооронд ажиллаж байсан УИХ, Засгийн газрын гишүүд, олны танил бизнесмэнүүд, бөх, урлагийнхан зэрэг бодит хүмүүсийн дүрийг уран сайхны аргаар оруулсан гэдэг. Тухайлбал, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц эрх эргүүлэн маани тоолж суухад улсын начин Б.Оргилболд даншигт зодоглон засуулаа түшээд зогсч байна. Х.Баянмөнх аварга өөр нэг наадамд түрүүлэн дэвж явна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди мөн л нэг санваартны дүрээр олбог дээр заларсан харагдана. Яруу найрагч, УИХ-ын гишүүн асан Б.Лхагвасүрэн мод тулан бадарчилж ойролцоох айл руу алхаж явна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл өөр нэг бүсгүйтэй эсгий хийж сууна. Тэр үед Ц.Оюунгэрэл тахим шүргэсэн урт гэзэгтэй байсан нь зурагт дүрслэгдэн үлджээ. УИХ-ын гишүүн асан, Бүгд найрамдах намын дарга, бизнесмэн Б.Жаргалсайхан ноён хүний дүрд хувилж, баахан хүн цуглуулчихсан юм айлдаж сууна. Эмээлтэй мориныхоо цулбуурыг тахимандаа хавчуулан бохирч суусан Буян Жагаа хоёр ямаа оосорлоод хөтөлчихжээ. Бодвол тэр цугласан хүмүүс ноолуурын үйлдвэртэй болохоор нь Жагаа ноёнд ямаагаар өргөл... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top